Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-01-30

СУГАЛАА НЭРТЭЙ “ВИРУС”

Сугалаа нэртэй хялбархан ашиг олчихдог бизнес хөдөөд газар авч байгааг DARDAS.mn сайт хөндөхдөө Архангай аймгаар жишээ авсан байна. Уг нийтлэлийн мөрөөр мэдээллийг нягтлан сурвалжиллаа.

Дээрх сайтын нийтлэлд: “...600,0 мянгаар иж бүрэн гэр, эсвэл машин хожино хэмээн итгэсэн иргэд зуу зуугаараа сугалаанд оролцсон хэдий ч хужаагийн гэгддэг гэрэл асдаг гар утаснаас өөр зүйл хожоогүй аж. Өөрөөр хэлбэл 100,0 мянган төгрөгийн утсыг дугаарлан зогсож байгаад 600,0 мянгаар авсан гэсэн үг...” гэжээ. Мөнгөн дүн нь худал ч яалт ч үгүй болсон үйл явдал бөгөөд улмаар дэлгэрэн цэцэглэх шинжтэй бизнес болсныг доорх баримтуудаар нотолж байна.

Баримт-1. Архангай аймгийн Өгийнуур суманд 2019 оны 11-р сарын 20-нд нэг хүн 110,000 төгрөг төлөөд эсвэл хязаалангаас дээш насны ямаа өгч оролцох нөхцөлтэй сугалаа зохион байгуулагджээ. Супер хонжвор нь мотоцикль. Энэ сугалаанд 120 гаруй хүн оролцож, нийт гурван мотоциклийн төлөө азаа үзсэн. Эндээс тус сумын Н, Д, Ш нарын гурван иргэн мотоцикль хожсон байна. Мөн сугалаанд оролцсон бусад бүх хүнд Nokia гар утас өгчээ.

Энэ сугалааг Архангай аймгийн харьяат СТА, дуучин О.Доржжанцан тоглолтынхоо үеэр зохион байгуулж, шагналаа өөрөө гардуулсан байна.

Баримт-2. Мөн дуучин 2020 оны 1-р сарын 24-нд Өгийнуур суманд “Сэтгэлд ойрхон” тоглолтоо хийх үеэр бас л мотоциклийн хонжвортой сугалаа явуулжээ. Уг тоглолтыг 102 хүн үзэж, “азтай” нэг иргэнд мотоциклийн хонжворыг олгосон байна.

“Сум бүрт супер азтан Даюун мотоцикль, 5 азтай хүүхэд гар утас” гэсэн зарлалтай тоглолт ийнхүү аялж явна.

Баримт-3. Хашаат суманд 2019 оны 10-р сард мөн ямаа, хонь эсвэл 120,000 төгрөг төлснөөр оролцох эрхтэй сугалаа явагджээ. 300 хүртэл хүн оролцвол есөн мотоцикльтой гэсэн болзолтой байж. Гэвч 100 гаруй хүн оролцсоноор хонжворт нь гурван мотоцикль сугалуулжээ. Энэ сугалаа Малчин телевизээр зарласнаар зохион байгуулагдсан байгаа юм. Ийм сугалаа тухайн үед Булган аймгийн Гурванбулаг суманд болж, Хашаатын иргэн супер хонжворыг нь сугалж байжээ.

Баримт-4. Хашаат суманд ээлжит сугалаа сар шинээс урьтаж, 2-р сарын 16-нд явагдахаар оны эхэнд зар нь түгсэн ч, хугацаа нь наашлаад 2-р сарын 9-нд болжээ. Мөн л 120,000 төгрөг, эсвэл ямаа, хонио тушаах төлбөртэй. Том хонжворууд нь гэвэл нэг машин, дөрвөн мотоцикль, хоёр гэр. Тэгээд майхан, хөлдөөгч, гар утас гэхчлэн хүн бүрт ямар нэг хонжвор таарах гэнэ.

Иймэрхүү сугалаа халдварлан, зарим сумын багийн айлууд хоорондоо 100,0 мянгаар мотоцикль тавиад мөрийцдөг болсон байна.

ХӨНДӨХ НЬ...

Сугалаа гэж сул мөнгө олдог үйл ажиллагаа юун дээр суурилж байна вэ? Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, зүгээр сууж байгаад хожчих гэсэн хандлага дээр. Мэдээж нөхцөл бүрдчихсэн байхад ашиг ологсод арга сүвэгчлэх бүрэн боломжтой. Мөнгөө барьчихсан, эсвэл хонь ямаагаа аччихсан сугалаанд оролцох гээд явж байна гэж төсөөл дөө. Бид чинь ухамсарт хүмүүс шүү дээ. Ингэж мунхарч боломгүй санагдах.

Сүүхээтэй нэгний урхинд орж, хайран мөнгөө хямдхан бараагаар үрэн таран хийж ч байх гэж дээ. Эсвэл тэртэй тэргүй бэлчээр нь даахаа больсон малаа үнэгүйдүүлэхээр шийдчихсэн хэрэг үү?

Найр наадмаар тав гурван төгрөгийн сугалаа явуулдаг уламжлалдаа дасаад томроод байгаа энэ луйврыг анзаарахгүй байх шиг. Хууль хяналтынхан ч тоохгүйгээр далимдуулан өөхшиж байна, энэ сугалаа. Үндсэндээ хэлбэрийг нь өөрчилсөн мөрийтэй тоглоом гэж болно. Агуулга нь ав адил. Яагаад гэвэл мөрийтэй тоглоомын талаар:

“Зөрчлийн тухай хуулийн 5.7.1. Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /500,0 мянга ба 5,0 сая төгрөгийн торгуультай гэж байгаа юм/” гэж заасан байна. Энэ заалт хаана хэрэгждэг юм бол?

Мэдээллийн хэрэгсэлтэйгээ хамжаад сурталчилгаа явуулж, тархийг нь угааж байгаад, зарлал нааж урин дуудаад, нэг нь нөгөөгөө ятгаснаар олныг хамруулан үйлдэж байгааг нь мөрийтэй тоглоом гэж үзэх үндэслэл байгаа юм биш үү. Хүүхдийг хүртэл аз эзэнд найддаг, арчаагүй нэгэн болгоход хөшүүрэг болж, сэдэл төрүүлж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил бус уу?

Яагаад хөдөө рүү, малчид руу чиглээд байна вэ? Тэнэг, мангараараа дуудуулаад, хуурахад амархан болохоор нь уу. Малчид минь сэхээрээч.

Ийм мунхралынхаа оронд хуримтлал үүсгээд хэрэглээнийхээ санхүүг шийдэх боломж баймаарсан. Хот айл, баг, сумаараа нийлж хоршоод бодит эх үүсвэрээр хэрэгцээгээ хангаач. Нар салхинд гандаж, зүдэрч зутарч өсгөсөн малаа луйвардуулаад байна шүү дээ.

Нэгдэж чадахгүй, тэгсэн мөртлөө нэг нэгээрээ бол олзлуулаад байдаг муухай монгол зан уламжлагдсаар. Олз олоход ашиглуулсаар.

Ханиад томуунд анхаарал төвлөрсөн хойгуур хөдөөгүүр сугалаа нэртэй “вирус” тархаад байгааг манай хууль, хяналтынхан юу анзаараа аж даа.

694   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох