Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-01-28

АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ГЭЖ МЭДЭЭЛЭВ

Австрали улсад очсон Монгол улсын иргэн, 34 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн гэж Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. 

Тэрээр БНХАУ-ын Гуанжу хотын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод энэ сарын 19-нд очсон. 

"Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан. Энэ сарын 25-нд коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ" гэж ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлсэн юм. 

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Үүний дагуу өвчлөлийн нөхцөл байдлын мэдээг дамжуулж байгаа бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэнэ.

Нэмэлт:

ЭМЯ-наас 2020.01.28-ны 15.00 цагт Хэвлэлийн бага хурал хийж, дээрх мэдээллийг өгсний дараа 16.40 цагт Эрүүл мэндийн яам пэйж хуудсандаа:

"Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар авсан эсэх талаар нягталлаа. Эх сурвалжаас нягталсан мэдээллээр тус Монгол Улсын иргэн маань халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мэльбурн нисч очсон байна. Тодруулбал, ᠋”Монгол Улсын иргэн Гуанжугаас Австралийн Мельбурн хотод 2019.01.19-ний өдөр нисч очсон. Очихдоо шинж тэмдэггүй байж байгаад шөнө нь халуурч, 01.25 нд шинжилгээгээр шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдлоо. “гэсэн мэдээг Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас манай улсад мэдээлсэн юм. Үүний дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагатай холбогдон шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвараар халдварлаагүй болохыг мэдээллээ" гэсэн тайлбар оруулжээ.

Монгол улсын Ерөнхий сайд: "Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамыг л албан эх сурвалж гэж үзэх ба нэг цэгээс мэдээллийг дамжуулна" гэж үүрэг болгосон. Харин баттай эх сурвалжийн мэдээлэл нь энэ мэт нягтлагдаагүй цацагдаж байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлж болох талтай.

 

 

263   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох