Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-12-31

АРХАНГАЙ АЙМГИЙН 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ БАЙНА

ХАЛХЫН VII ЗАЯ ГЭГЭЭН ЕРТӨНЦИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЭВ

Монгол орны аврал итгэл, Монголын Бурхны шашны оройн чимэг Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураалаа. Дээрхийн гэгээн XIV Далай багшийн зарлигаар “Гонзог молом” буюу Зая гэгээний таалал гүйцэлдүүлэхийн ерөөл “Жамбалцанжад” номыг битүүний өдрөөс эхлэн дуу таслалгүй улс даяар бүх сүм хийдийн лам хуврагууд хурав.

Шинийн найманд Гандантэгчэнлин хийдэд Зая гэгээний лагшин шүтээнд хүндэтгэл үзүүлж, мөн лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах ёслол боллоо.

Гэгээний хайлсан лагшин шүтээнийг нээхэд гарсан эрдэнийн шүтээний хот мандалын элс, үнс тэргүүтнийг Архангай аймгийн сүсэгтэн олон гэгээнтний буяныг адил тэгш хүртээхийг бэлгэдэн аймгийн 19 суманд тараан, шүтдэг уул, овооноос өргөв. Мөн эрдэнийн шүтээний зарим хэсгийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Зая гэгээний Гүшиг дацан, аймгийн Төгсбаясгалант буяндэлгэрүүлэгч хийд болон Энэтхэг, Төвдөд залжээ.

Төгсбаясгалант буяндэлгэрүүлэгч хийдийн лам нар Далай багшид бараалхан Зая гэгээний дараагийн дүрийг тодруулах үйлийг эхлүүлээд байна.

СУВАРГА ХАЙРХАН УУЛЫГ ТАХИВ

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол зуны дунд сарын шинийн 15-ны өдөр Цэнхэр сумын “Тахидаг дэлд” боллоо. Хангайн нурууны ноён оргилуудын нэг, уулын хаан “Их цагаан уул” хэмээгддэг Суварга хайрхан уулыг 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат болгосон ба 2009 онд анх тахиж, цаашид таван жил тутам тахихаар болсон байдаг.

ОРХОНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦЛАВ

Цэнхэр сумын Орхон багт ашиглалтын 12, хайгуулын 1 лиценз олгогдсон байсан. Нийт 8400 га талбайд тусгай зөвшөөрөл олгосноос 1,0 мянган га-д уул уурхайн олборлолт явуулж эвдрэлд орсон.

Анх 1999 оноос алт олборлолт эхэлсэн байдаг. 2002 оноос лиценз олголт эхэлж, анх “Монгол газар” ХХК-ий нэр дээр олгогдсон байдаг. Явцын дунд “Алтан дорнод”-д заримыг нь шилжүүлээд “Алтан дорнод”, “Монгол газар” бусад ААН-дэд лицензээ худалдах хэлбэрээр 11 ААН-ийн 13 тусгай зөвшөөрөл байсан нь цуцлагдав. Байгаль орчны хохирлын үнэлгээг БОАЖЯ-аас 2016 онд мэргэжлийн байгууллагаар тооцуулахад 7-9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэжээ.

Аймгийн Засаг даргаас өгсөн саналыг үндэслээд БОАЖЯ-наас дүгнэлт гаргаад түүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгодог АМГТГ-аас лицензүүдийг цуцалсан. Тусгай зөвшөөрөл цуцлагдсан ч энд үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүдийн нөхөн сэргээх үүрэг нь хэвээр хадгалагдаж, нөхөн сэргээлтийг хяналтан дор хийлгэж байна.

Алт олборлолтоос үүдэлтэйгээр найман аймгийн 53 сумын 53,7 мянган км.кв нутаг дэвсгэрийг хамран урсаад Сэлэнгэ мөрөнд нийлдэг Орхон голын эх нь Хангай нурууны Суварга хайрхан уулын өврөөс эх авсан Их Тээл, түүний цутгал Өлт гол юм. Орхон гол 2016 оны 9-р сард хамгийн их буюу найм дахин бохирдож байжээ.

“ШИГШМЭЛ ХУРД” УРАЛДААН ХОЁР ГАЗАРТ БОЛОВ

Архангай аймгийн шигшмэл хүлэг, шилдэг уяач, тэргүүний сумыг шалгаруулдаг Арын хангайн шигшмэл хурд уралдаан тав дахь удаагаа Өндөр-Улаан сумын Донгой багт боллоо.

Шигшмэл хурд наадмын санаачлагч, ерөнхий зохион байгуулагч нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 2010 оноос хойш энэхүү наадмыг аймгийн харьяат манлай уяач, хурдан хүлгүүдийг оролцуулан зохион байгуулж иржээ.

Энэ удаагийн наадмыг Архангай аймгийн Цахир сумын харьяат Монгол улсын Даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян аваргын нэрэмжит болгон зохион байгуулсан ба Ихтамир сумын уяачдын уяж хурдлуулсан морьд шалгарч, дараагийн наадмыг Ихтамир суманд хийхээр боллоо.

Мөн энэ жил шигшмэл хүлгүүдийн бага гурван насны уралдааныг Өргөөтийн талд зохион байгууллаа. Энэ наадмыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар санаачилжээ.

Ийнхүү Арын хангайн шигшмэл хурд наадам бага гурван насны морьдын уралдаанаар өргөжлөө.

МАЛ СҮРГИЙН ТООГООР УЛСАД ТЭРГҮҮЛЭВ

Мал тооллогын нэгдсэн дүнгээр Архангай аймаг малын тоогоор улсдаа тэргүүллээ. Үхэр, хонин сүргийн тоогоор нэгдүгээрт бичигддэгээ бататгаж, адуун сүргийн тоогоор энэ онд тэргүүлжээ.

Монгол улсын малын тоо толгой 70,9 саяд хүрээд байна. Архангай аймаг 6,2 сая толгой мал тоолуулснаараа улсынхаа нийт мал сүргийн 8,6 хувийг эзэлж байна.

“Үндэсний Статистикийн Хороо”-ны тайлангаар Архангай аймаг 2013, 2014 онуудад малын тоо толгойгоор тэргүүлж, 2015 онд 3-р байр, 2016, 2017, 2018 онуудад 2-р байранд жагсаж байжээ.

Монгол улсын хамгийн олон малтай сумаар Эрдэнэмандал сум сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч байгаа юм. 2019 онд тус сум 558,5 мянган мал тоолуулжээ.

АРХАНГАЙН ТАМИРЧИН ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ТОДРОВ

2019 он Архангайн аймгийн спортынхны хувьд ялалт, амжилтаар дүүрэн жил байлаа. Монголын Хүүхдийн спортын VI их наадмаас эхлээд тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд Архангайн тамирчид амжилт үзүүлж, манлайлсаар байна. Монголын тамирчдын “оскар” гэгдэх “Бөртэ чоно” 2019 наадмаар Шилдэг эрэгтэй тамирчин, шилдгийн шилдэг тамирчнаар Архангай аймгийн Чулуут сумын харьяат Эрдэнэбатын Цэндбаатар тодорлоо.

Ази, тивийн аварга Э.Цэндбаатар нь 2019 оны Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медал хүртсэн юм. Тэрээр боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын ес дэх боксчин, 11 дэх медалийн эзэн болоод байна.

ЦЭЦЭРЛЭГ ХОТ “БИЕ ДААХ”-ААР БОЛОВ

Цэцэрлэг хот буюу Эрдэнэбулган сум 2020 онд аймгаас татаас авахгүй өөрийн орлогоороо төсвөө бүрдүүлэхээр болсныг аймгийн ИТХ-ын 7-р хуралдаан дээр Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдэгдсэн. Эрдэнэбулган сум өөрөө төсвөө бүрдүүлж, бие дааж байгаа нь Архангай аймгийн сумдаас анхны тохиолдол юм.

Аймгаас татаас авахгүйн дээр 2019 онд сумын давсан орлого 108,0 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх асуудлыг ч дээрх хуралдаан дээр хэлэлцсэн. Харин Эрдэнэбулган сумын ИТХ-ын 12-р хуралдаанаар сумын хурлын төлөөлөгчид дээрх 108,0 сая төгрөгийг 2020 онд гудамжны гэрэлтүүлэгт зарцуулахаар шийдвэрлэж, мэдэгдлээ аймгийн удирдлагуудад уламжилжээ.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР СҮҮЛ МУШГИВ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулдаг. 2018 оны өрсөлдөх чадварын тайланг 2019 оны эхэнд танилцуулахад Архангай аймаг 21-т жагсав.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон 180 санал асуулга бүхий шалгуур үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг байна.

Тайланд тусгагдсанаар Архангай аймаг нийлбэр оноогоороо сүүл мушгиж байгаа ч эхийн эндэгдэл хамгийн бага, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтаараа тэргүүлээд байгаа юм.

 

362   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох