Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2019-11-22

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

“Хамтдаа асуудлаа шийдэцгээе” гэсэн уриалгатай төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг боллоо. Энэ уулзалт Архангай аймгийн бизнесийн орчныг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн хоёр хэсэгтэй байв.

Уулзалтанд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Б.Намжилсүрэн хүрэлцэн ирсэн ба аймгийн Засаг дарга тэргүүтэй зарим хэлтэс агентлагийн дарга нар, Архангай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

СУДАЛГААНЫ ДҮН АЙМГИЙН УДИРДЛАГАД “АНХААРУУЛГА” ӨГӨВ

МҮХАҮТ-аас аймгуудын хөрөнгө оруулалт, бизнес, худалдааны орчныг үнэлсэн судалгааг бизнес эрхлэгчдийн дунд явуулжээ. Энэ тайлан дахь Архангай аймгийн үнэлгээг танхимын Бодлого стратегийн газрын мэргэжилтэн И.Энхбаатар танилцууллаа. Тоймловол, Архангай аймагт бизнесийн орчин аймгуудын дундажтай адил байна. Харин орон нутгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байхыг уг судалгааны дүн анхааруулж байгаа юм.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ “АСУУДАЛ – БОЛОМЖ – ШИЙДЭЛ”

Уулзалтын үеэр хэлэлцүүлэг өрнүүлж, Архангай аймгийн бизнесийн орчин дахь асуудал, боломж, шийдлийг жагсааж, тэдгээрийг эрэмбэллээ.

Оролцогчдын саналаар дараах асуудлууд тэргүүлэв.

1.Ажиллах хүчин, тогтвор суурьшилтай бус

2.Төр хувийн хэвшлийн үл ойлголцол

3.Улс төржилт

4.МСҮТ-ийн сургалтын чанар, төрийн бодлого муу, төр мэдээллээр хангадаггүй

Архангай аймагт бизнес хөгжихөд ямар боломж байгаа талаар дараах өгөгдлүүд эрэмбэлэгдсэн юм.

1.Байгалийн баялаг, рашаан ус сайтай, аялал жуулчлал

2.Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл

3.Нүүдлийн соёл

4.Барилгын материал үйлдвэрлэх түүхий эд

Тэгвэл ямар шийдэл хэрэгтэй талаар дараах саналууд гарав.

1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр баталсан “Архангай аймгийг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх” 2019-2030 он хүртэлх хөтөлбөрийг санхүүжүүлэх

2.Аялал жуулчлалыг хөгжүүлэх

3.Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд бодит үр дүн гаргах

 

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, шүүмжлэлүүдийн тойм:

-Бизнес эрхлэгчид мэдээллийг олж авах оролдлого, санаачилга муутай байна.

-Худалдаа аж үйлдвэрийн танхим шат шатандаа орон нутаг руу, ялангуяа сум руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаа дутмаг байна.

-Аливаа хурал, хэлэлцүүлэг хэлбэр төдий болоод өнгөрдөг, үр дүн гардаггүй.

-ЖДҮ-ийн санхүүжилтийг олон хүнд хүртээхдээ бус нэгдэж нийлсэн үйл ажиллагаанд зарцуулах хэрэгтэй.

-Бизнесийг төрөлжүүлэх, хамтрахад чиглэсэн бодлого хэрэгтэй байна.

-Том төслүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Залуу бизнес эрхлэгчдийг дэмжмээр байна.

-Архангайн гэсэн брэндийг хөгжүүлэх хэрэгтэй. Олон өгөгдөл байна.

БАЙР СУУРЬ:

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.НАМЖИЛСҮРЭН: ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО АНХНААСАА ЗӨВ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
 

 

МҮХАҮТ-ын Архангай дахь салбар танхимын дарга Ч.МӨНХБАТ: ЗӨВЛӨЛ АЙМГИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР АЖИЛЛАНА

 

“Цагаан сүмбэр” ХХК-ий захирал Д.ҮҮРЦАЙХ: ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ САЛБАРУУДАД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

 

“ГОСТ ТРЕЙД” ХХК-ий захирал Ш.ЛХАГВА: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГОД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХЭРХЭН ОРОЛЦУУЛАХЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

 

13 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

Хамтдаа асуудлаа шийдэхэд зорьсон уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд Архангай аймагт Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх зөвлөлийг байгууллаа. Уг зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, гишүүдийг сонгосон юм. Төрийн тав, бизнесийн долоо, иргэний /ИТХ/ нэг төлөөлөл бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын захирамжаар баталгаажуулахаар боллоо.

Архангай аймгийн Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн:

Тэргүүн - аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан

Нарийн бичгийн дарга - МҮХАҮТ-ын Архангай дахь салбар танхимын дарга Ч.Мөнхбат

Гишүүд:

ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга П.Энхтайван

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Мөнхбат

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Баянмөнх

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Гурван тамир” ХХК-ий захирал Ж.Нэргүй

Архангай дахь салбар танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ч.Отгонжаргал

ГОСТ трейд ХХК-ий захирал Ш.Лхагва

Архангай медиа группийн захирал О.Амарзаяа

“Баялаг заваг” ХХК-ий захирал Р.Ганзориг

Жижиг бизнес эрхлэгч Т.Цэрэндолгор

“Дурсамж” гэрэл зургийн студи эрхлэгч Б.Цээпил

Улсын хэмжээнд Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх үндэсний хороог 2017 онд байгуулжээ. Ойрын үед бүх аймаг ийм зөвлөлтэй болох аж.

 

 

 

 

 

 

 

 

1015   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох