Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2019-08-21

ТАРИАТ СУМЫН МАЛЧИН “ХӨДӨЛМӨР ЗУСЛАН”-Г САНААЧИЛЖЭЭ

Тариат сумын малчдын зөвлөгөөн дээр Хорго багийн малчин Д.Батдорж уламжлалт мал аж ахуй болон малчдын өв соёл, үнэт зүйлийг залуу хойч үед өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар санал гаргажээ. Дээхнээр бол Хөдөлмөр зуслангийн арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулах тухай аж. Энэ саналыг дэмжиж, Тариат сумын ЗДТГ, ЕБС, Малчин телевизтэй хамтран “Богийн сааль” хөтөлбөрийг сурагчдын зуны амралтаар хэрэгжүүлсэн байна.

           

Сүүлийн 20-иод жил бог мал саахаа байсан. Тэр ч байтугай зарим малчид үнээгээ өдөрт нэг л саадаг болжээ. Тэгвэл хүүхэд залуучуудыг сааль сүүний ажилд оролцуулах нь оновчтой бөгөөд чухал ажил юм.

“Богийн сааль” хөтөлбөрт Тариат сумын сургуулийн 7А ангийн 10 сурагчийг хамруулжээ. Ингэж “хөдөлмөр зуслан”-д явах сурагч, эцэг эхийн хүсэлт их байсан гэнэ.  

Сурагчдыг малчин Д.Батдорж гэр барьж, түлээ түлшийг нь бэлтгэн хүлээж авчээ. Хүүхдүүд хийж сурсан ажлаа ам булаалдан ярилаа.

Малчны хотонд чулуугаар гортиг татаж /чулуун хашаа/, орчных нь малын баасыг цэвэрлэж, хотны ноос түүсэн, хонь хурганы хашааны шавхай цэвэрлэдэг, хурга хариулсан, хонь холбох, хонь ямаа саах, ааруул тавих, ээзгий ширгээх, тараг бүрэх гээд л хийсэн ажлаа ширхэгчлэн ярьцгаав. Мөн хийж үзээгүй ажлаа сурахын өмнө хөгтэй байснаа ч нуусангүй. Түлээ хөрөөдсөн, чөлөөт цагаар багш нь гүйлтийн уралдаан  явуулсан, даамны аваргаар Г.Билгүүн шалгарсан гэхчлэн их л хөгжилтэй байсан бололтой.

“Хүүхдүүд цөөн хоногт заасан зүйлийг амархан сурч байсан. Ер нь хүүхдэд аливаа зүйлийг биеэрээ дагуулж ажиллавал чадахгүй гэж байдаггүй юм байна” хэмээн малчин Д.Батдорж гэр бүлийн хамт сэтгэл хангалуун өгүүлэв. 

Архангай медиа группийн Тариат суман дахь сурвалжлагч В.ХАСБААТАР

668   1
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох