Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-08-13

НОМГОН УУЛЫН “ЭЗЭНД” ДЭМ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хүн байгалийн хэлхээ ус, агаар, газар шорооны шүтэлцээнээс гадна амьд бүхний харилцаанд орших билээ. Амьтныг хайрлан хамгаалахын зорилго хүсэл тээж, түүнийхээ үр дүнг үзэж яваа нэгний талаар чамирхалгүй өгүүлэх гэлээ.

Их Номгон ууланд зуднаас зугтаж ирсэн явуулын цөөн аргалийг Н.Чимэдцэрэн тэргүүтэй нутгийн иргэд халамжлан өвс тэжээл тавьж, хужир шүүгээр хооллож дасгаж авчээ. 2005 онд долоон аргаль ийнхүү ирснээс хойш Чимэдцэрэнгийх гэр бүлээрээ идэвхтэн байгаль хамгаалагчийн эгнээнд элссэн аж.

Аргалийн сүрэг одоо 30 гаруй болоод байна. Улмаар Номгон ууланд сүүлийн жилүүдэд буга сүрэглэдэг болжээ. Одоо 170-аад буга нутаглаж байна. Чимэдцэрэн гуай аргаль, буганд зориулан ууландаа хашаа барьж, тэндээ өвс зөөж, ус үүрч аваачдаг.

Ан амьтныг гаршуулж нутагшуулна гэдэг малнаас мэдээж өөр. Тиймээс ч судлаачаас зөвлөгөө авч ажилладаг байна. Бас аймгийн БОАЖГ-т хандаж өвс, хашаа зэргийг шийдүүлсэн гэхчлэн Чимэдцэрэн гуайн идэвх, хөөцөлдөлгөө их.  

Хужир хамаж мориндоо дүүрээд уул өөд зөөж, ус үүрч мацахдаа тэрээр ялархаж шантарсангүй. Зөвхөн үүрэг гэж ухамсарлана. Одоо харин усалгааны цэг хэрэгтэй байгаа гэнэ.

Чимэдцэрэн гуайн “хамгаалалт” дор энэ ууланд амар жимэр тул ан амьтад нутагших болжээ. 1990 онд ган болж, энэ нутагт тарвага цөөрч л дээ. Харин 2012 оноос өвс тавьж өгсөөр өдгөө 70-аад тарвагатай болгожээ.

Тэрээр яг л судлаач шиг ажилладаг. Аргаль, буга нь хэзээ Хөгнө хан уулнаас Номгон руу гүйдэг, хэдийд хаана идээшилдгийг андахгүй. Харин тэднийгээ өсгөж өдийд хүргэхэд хамтарч ажилласан нь ховор. Намар бугын дуунаар ганц нэг хүн ирж, хужир өгөхөөс хэтрэхгүй. Сумын засаг захиргаа бол бүр аниргүй. Ан ав хөөсөн, энд тэндэхийн, аархсан залуустай л зөндөө тулна. Сүүлдээ ч ганц хүний хамгаалалт гэж юу байхав гэж багахан гутраад, эмээдэг болсон гэнэ.

Эцсийн эцэст эх орондоо, хойч үедээ үлдээх юм даа гэж л зориг шулуун явна.

Чимэдцэрэн гуай ер нь л гүйлгээ ухаантай, ажилч хүн юм. Сүүлийн хэдэн жил эднийд Франц оюутнууд ирж ажилладаг болжээ. Малчдад туслах скаутууд гэнэ. Тэднээр хашаа хороо засуулж, аргаль бугын ажилд туслуулна.

Тэрээр Номгон багийн Засаг даргаар дөрвөн жил ажиллачихсан. Тийм ч болов уу гэмээр, аливаа асуудалд арай өөрөөр ханддаг юм билээ. Нутгийнхнаа хошуучлан бэлчээр, усан хангамжийн дэлгэрүүлэхүйц нэгэн туршлагыг ч бий болгоод байгаа.  

Номгон багийн Хөөврийн голд нэгэн цөөрөм цэлэлзэнэ. Чимэдцэрэн гуайн санаачилга. Тээр жил, 2016 онд Номгоны засмал замыг засч байсан зам ангитай хонь наймаалцаж хийлгэсэн хиймэл нуур. Энэ хавийн 32 айлаас нэг нэг хонь цуглуулж, нэг бүрийг нь 120,000-аар тооцон өгч байжээ. Хонь нь дутаад гэртээ хураасан айргаа хүртэл өгсөн түүхээ хуучилж байв. Ийнхүү цөөрмийн даланг нэг шөнийн дотор техникийн хүчээр хийлгэж байжээ.

Анх Чимэдцэрэн гуай дөрөв таван ангир усгүйдэж, ангаж хэцүүдэж байгааг харж өрөвдөөд хиймэл нуур хийх санаа төржээ. “Энэ цөөрмөөсөө 70-аад ангир нисгэсэн. Өөртөө аз жаргалтай байдаг” гэх товч үгээр хийсэн бүхнээ дүгнэх шиг л санагдлаа.

Хиймэл нуураас энэ нутгийн 7000 гаруй мал ундаалж байна. Мөн нүүдлийн шувууд зорин ирдэг болжээ.

ххх

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн иргэн Н.Чимэдцэрэн аймагтаа төдийгүй улсад “идэвхтэн байгаль хамгаалагч” гэдгээрээ данстай нэгэн. Сайн дураараа уул ус, ан амьтнаа хамгаалах үйлсийг дэлгэрүүлж явна.

Тэрээр Их Номгон уулыг тусгай хамгаалалтанд авах хүсэлтийг аймаг, сумын удирдлагуудад тавьж эхлээд байна. Мөн сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр нээлттэй сонсгол хийж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач тус, ховор зүйлийн амьтан ургамлыг устгахын хор хөнөөлийн талаар мэдээлэл хийсэн удаатай.

Н.Чимэдцэрэн: “Миний ажлын үр дүн 20 жилийн дараа гарна. Одоо дөнгөж эхэлж байна. Аргаль, буга нь хонь малтай зэрэгцэн бэлчээрлээд, хүнээс үргэхгүй болсон цагт, нутгийн иргэд хулгайн анчдад аргаль бугыг зааж өгөхгүй болсон цагт миний ажлын үр дүн гарна. Тэр цагт би чадлаа хэмээн ам бардам хэлнэ” гэсэн юм.

Их Номгон ууланд “эзэн” болж, хүн байгаль, ан амьтдын шүтэлцээ байдгийг үлгэрлэн харуулж буй Чимэдцэрэн гуайн санаачилга, зүтгэлийг дэмнэх хүч оролцоо хэрэгтэй байна.

774   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох