Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-07-08

УЯАЧИД ШАЛГУУРТ ТЭНЦВЭЛ МОРИО УРАЛДУУЛНА

Энэ жил аймгийн баяр наадмаар зургаан насны морьдоос гадна эрлийз дээд гурван насны морьдыг уралдуулахаар болжээ.

Аймгийн наадмаас урьтаж, овооны наадмууд ч шил даран боллоо. Удахгүй хоёр жилд нэг удаа болдог “Шигшмэл хурд” уралдаан болохоор Өндөр-Улаан суманд 7.26-27-нд товлогджээ.

Уяачийн жилийн хөдөлмөрийн үр дүн мориноос гадна уралдаанч хүүхдийн идэнд байдаг. Өвлийн сар дуусав уу үгүй юу хаврын уралдаан тодотголтойгоор хөр цас, хүйтэн жаварт уралдуулж, морь хүүхэд хоёрыг зүдрээдэг жишиг тогтсон байсан. Энэ хооронд хүүхдийн амь эрсдсээр, бэртэл авсаар л байлаа. Харин Засгийн газраас 2017 онд хаврын уралдааныг хориглосон тогтоол гаргаснаар хаврыг “арай ядан” өнгөрөөж, зуны эхэн сартай золгонгуут энд тэндгүй уралдаан зэрэгцдэг болоод байна.  

2017 ОНД ДӨРВӨН ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ ХҮНД БЭРТЖЭЭ

Архангай аймагт сүүлийн гурван жилд улс бүсийн чанартай томоохон 16 уралдаан болжээ. Давхардсан тоогоор 1000 орчим хүүхэд оролцсон байна. 2017 оноос хойш улс, бүсийн чанартай уралдаануудад дөрвөн хүүхэд хүнд бэртжээ. Эмчилгээний зардлыг нь даатгалын компаниас нөхөн олгуулсан байна.  

/Дээрх зургийг олон нийтийн сүлжээнээс ашиглав/

УРАЛДААНЧ ХҮҮХДЭД ТОГТСОН ЦАЛИН, УРАМШУУЛАЛ БАЙДАГГҮЙ

Хүнд хэлбэрийн ажлын байрны жагсаалтанд уралдаанч хүүхдийг багтаасан байдаг. Уралдаанч хүүхдийн цалин урамшууллыг тогтоосон журам байдаггүй ч ам судалгаагаар 800,0 мянгаас 1,0 сая төгрөгийн цалин авдаг гэх тооцоог хүүхдийн байгууллага гаргажээ. Зарим уяачид бэлэн мөнгө өгдөг бол ихэнх уяачид идэшний үхэр, тугалтай үнээ зэрэг мал зүслэн өгдөг байна.

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ 100,0 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ДААТГАНА

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас уралдаанч хүүхдийг заавал 100,0 мянган төгрөгөөр даатгуулсан байх шийдвэрийг гаргажээ. Уяачид уралдаанч хүүхдээ дурын даатгалын компанид 20-30 мянган төгрөгөөр даатгуулчихаад “даатгуулсан” гэх нэр зүүдэг байна. Гэтэл ямар нэгэн эрсдэлтэй учрахад даатгалынхаа мөнгийг гаргуулж чадахгүй тохиолдол олон байдаг аж. Уг нь нэг хүүхдийг 100,0 мянган төгрөгөөр даатгуулснаар аливаа эрсдэлт тохиолдолд 20,0 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор авах боломжтой юм байна.

ГБХЗХГ-ын мэргэжлийн баг уяачдад дараах таван шалгуурыг тавьж, баяр наадамд оролцуулах юм байна.

  1. Уралдаанч хүүхэд хамгийн багадаа долоон нас хүрсэн байх
  2. Гэнэтийн ослын даатгалд бүтэн жилээр хамрагдсан байх
  3. Эцэг эхийн зөвшөөрөл бүхий гар өргөдөл заавал байх
  4. Стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн байх /хамгаалалтын малгай, хантааз, тохойвч, өвдгөвч /
  5. Хурууны хээгээ уншуулж цахимд бүртгэлд хамрагдах

Түүнчлэн аймгийн ГБХЗХГ-аас айргийн тавд ирсэн морины бай шагналаас 30 хүртэлх хувийг уралдсан хүүхдэд нь олгохоор шийдвэрлүүлжээ. Өмнө нь бай шагналын 20 хувь нь оногддог байжээ.  

532   0
НИЙТЭЛСЭН: Б. Мандуул

Санал болгох