Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-06-29

НУУРАНД ХӨЛ АЛДСАН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ

Эх үрсийн баярын өмнөх өдөр. Төвшрүүлэх сумын төвд  хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ үеэр“ сумын төвийн зүүн урд байдаг нууранд хүүхэд унаж, хүмүүс аварсан гэнэ” гэсэн шуугиан дэгдэв.

Үнэхээр нууранд хүүхэд хөл алдаж, түүнийг багш Ч.Энхболд аварсан ажээ. Нэгэн хүүгийн амийг аварсан Ч.Энхболдтой уулзаж, юу болсон талаар тодрууллаа.

 -Юуны  өмнө  хүүгийн амийг аварсанд баяр хүргэе.

-Бид ч гэсэн баярлаж байна. Амь дүйсэн аюултай нөхцлийг нүдээрээ харж, гараараа мэдэрсэн болохоор одоо ч гэсэн тайвширч чадахгүй байгаа. Хамгийн гол нь хүүхэд амьд байгаа нь сайхан байна даа.

-Тухайн үед  чухам юу болсон юм бэ?

-Бид 1979 оны 8-р анги төгсөгчид. Зарим нөхөд  маань хол ойроос ирж, сургуулийнхаа ой угтсан ажлын талаар ярьж хөөрөлдөн нуурын орчим сууж байтал “Миний дүүг авраарай” гэж орилох хүүхдийн дуу гарсан. Бид яав ийв хэмээн сандралдан гүйж очиход, юу ч  харагдахгүй даавуу л хөвж явсан. Тэгээд  л охины заасан зүг, нуур луу яваад орчихсон.

-Энэ жил хур бороо ихтэй, нуурын ус арвин, гүнзгий байна?

-Ярих юм биш. Хүүхдийг аваад эргэхэд миний мөрөөр ус татаж, дайвалзаад явж болохгүй  байсныг хүмүүс харсан даа. Би хүүхдийг шууд л ангийнхаа Баянмөнхөд дамжуулсан. Хүүхэд ухаан алдсан байсан.

-Анхны тусламж хэрхэн үзүүлэв?

-Хүүхдийн ам хамраар нь ус орж, ухаан алдсан байсан. Анхны тусламж үзүүлж, хиймэл амьсгал хийхэд ухаан орсон боловч, дахиад ухаан алдсан. Бид эмнэлэг явж, анхны тусламж авсан.

-Хүүхдийн бие ямар байгаа бол? Одоо гэр нь хөдөө нүүсэн сурагтай.

-Хүүхэд гайгүй байгаа. Тэр өдөр нүүдэл хийж бужигнаж байхад нь хүүхдүүд хашаанаасаа гарч яваад ийм аюулд орсон байгаа юм.

-Дүүгээ аврах дохио өгсөн охин хэдтэй юм бэ?

-Нууранд унасан хүүхдийн эгч дөрвөн настай охин. Дүү нь гурван настай гэсэн. Тэр охин үнэхээр сэргэлэн, дүүгийнхээ аминд орсон хүүхэд. Би бяцхан баатарлаг үйлстэн гэж хэлмээр байна. Тийм жаахан хүүхэд учраа олохгүй уйлаад ч юм уу, энэ байдлаа хэлж ойлгуулж чадахгүй байвал яана. Бодохоос аймаар. Том сургамж юм даа.

-Энэ явдлаас сургамжилж юу хэлэх вэ?

-Эмээ өвөө, аав ээжүүд минь, ямар ч ажилтай байсан, хүүхдээсээ анхаарлаа холдуулж болохгүй . Нэг хором ч. Ажлыг бол нөхөөд хийж болно. Бидний эрхэм үнэт эрдэнэ хүүхэд шүү дээ.

Төвшрүүлэх сум. Сурвалжлагч Ч.Түмэнжаргал

ХҮҮХДЭЭСЭЭ АНХААРЛАА БҮҮ ХОЛДУУЛААРАЙ, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ, ХҮМҮҮС ЭЭ.

1788   6
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох