Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
FACT-CHECKING   2019-06-19

УРАНЫ ОРДЫГ УХУУЛАХГҮЙ гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь ураны ордыг ашиглах гэж байна, аварга Асашёорү оролцоотой гэх агуулгатай мэдээллийг “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүн Б.Банзрагч түгээсэн нь олон нийтийн сүлжээгээр тараад байна. Уг мэдээлэлд “Асашёорү аварга аа, бид нутгаа ухуулахгүй шүү” гэж онцолсон байна.  

Дээрх мэдээллийн дараа ARDCHILAL.MN сайтад “Архангай аймгийнхан Асашёорү Д.Дагвадоржоор нутгаа ухуулахгүй” гэсэн мэдээллийг цацав.

 

Эдгээр мэдээллийн араас аварга өөрийн цахим хуудаснаа “...Архангай аймаг миний ээжийн нутаг. Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусниулах уу. Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй...” гэжээ.

MyArkhangai сайт дээрх мэдээллийн мөрөөр FACT CHECK хийлээ.

Өндөр-Улаан сумын ураны ордтой гэх газарт 2009 оны 4-р сарын 28-нд хайгуулын өрөмдлөг эхлүүлсэн түүхтэй. Энэ талаар ”Архангайн амьдрал” сонины 2017 оны №06/506/ дугаарт Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга Б.Хишигдалай, Засаг дарга Я.Отгонбаатар нар ийнхүү ярьж байжээ:

“...Анх оюутнуудыг дадлага хийлгэж байгаа нэрийдлээр газар дор цагаан юм булаад байгаа тухай нутгийн малчид мэдээлсэн. Өрөмдөх цэгүүдийг тогтоож байсан билээ. Дадлага дуусаад явсантай залгаад техник төхөөрөмжүүд орж ирсэн. Тухайд үед сумын удирдлагууд ард иргэдтэйгээ нийлж тэмцээд, холбогдох газрууд руу албан бичиг өгөхөд “Цөмийн энергийн тухай хуулиар, Монгол улсын эрх ашгийн төлөө явж байна” гэж тайлбар өгдөг байв. Ард иргэдэд урьдчилан мэдэгдээгүй тул зөрчил үүссэн. Тэр үедээ “Гурван гол” хөдөлгөөнийг үүсгэж тэмцсэн. Эцэст нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гэж хүнийг газар дээр нь ирүүлж харуулсны дараа үйл ажиллагааг нь зогсоосон.

Энэ орд нь Азарга багийн Шаргачин голын дагуух Далтын нуруу орчим хүрмэнд байдаг. Нөөцийн хувьд зүүн хойд талаараа Жаргалант сумын Асайт багт 10 хувь, баруун хойд талаараа Тариатын Мөрөн, Алтаад багт 10 хувь, Өндөр-Улааны Азарга багт 80 хувь нь байдаг.

Тухайн үед Далтын нуруунаас эх авч 20 орчим км урсаад Суман, Чулуут голд цутгадаг Шаргачины гол дагуу 4-5 км-т, голоос холдоо 1км, ойрдоо 1-2м зайтай өрөмдлөг хийсэн. Долоо хоногт 2-3 удаа Улаанбаатар руу дээж нь явдаг байсан. Өрөмдлөгийн шавар, шлам нь гол руу орж, хүн мал ундлах боломжгүй болж байсан. Малаас зулбадсага гарах, хүн малын үс халцрах зэрэг тохиолдлууд гарч байсан...  

...Сумын ИТХ, Засаг даргаас зөвшөөрөл авалгүй, гэнэт өрөмдөөд эхэлсэн. Сум, аймгийн удирдлагууд нийлээд үйл ажиллагааг нь зогсоох талаар УИХ-ын гишүүд, яамдаар зөндөө явсан. Тэгээд 2011 онд зогсоосон. 2014 онд лицензийн хугацаа дууссан, сунгуулъя гэж ирсэн. Сунгахгүй гэсэн хариу өгсөн. Шүүхээр ороод лицензийг нь хүчингүй болгочихсон. Лиценз эзэмшигч нь “Нуклер Энержи Монголиа” гэж А.Эрдэнэбат захиралтай ХХК. Хятадын хөрөнгө оруулалттай болов уу...”

Эх сурвалж: ”Архангайн амьдрал” сонины 2017 оны №06/506/ дугаараас

ӨНӨӨДӨР ҮЙЛ ЯВЦ ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?

2019.06.18-нд Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумын Байгаль орчны улсын байцаагч нараас манай сайт доорх мэдээллийг авлаа.

Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга Б.Хишигдалай:

“... Өнгөрсөн хугацаанд Нуклер Энержи Монголиа ХХК-аас суманд хоёр ч удаа бичиг ирүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 4-р сард нөхөн сэргээлт хийх хүсэлт ирсэн. Бид зөвшөөрөхгүй гэдэг хариу өгсөн. Уг газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байсныг 2014 онд аймгийн тусгай хэрэгцээний газар болгосон. Хайгуул явагдчихсан. Өрөмдсөн цооногийг нь цементэлсэн. Нөхөн сэргээх газар байхгүй. Харин тэнд кэмпд хадгалагдаж байгаа дээжийг л булшлах шаардлагатай. Дахиж үйл ажиллагаа явуулах сонирхол компанид байгаа.”

Өндөр-Улаан сумын байгаль орчны улсын байцаагч С.Түмэнжаргал:

“... Одоо тэнд ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй намжмал байгаа. Хайгуулын талбайд хэмжилт хийх, хяналт тавихаар сумын Засаг даргад хүсэлт ирсэн. Бид зөвшөөрөхгүй. Хэмжилт, хяналт нэрээр халхавчилж үйл ажиллагаа явуулах гэж байж магадгүй. Ер нь Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд зөвшөөрөхгүй гэж ярилцсан. Аймгийн БОАЖГ-аас ч тийм байр суурьтай байгаа. Сум л зөвшөөрчихвөл АМГТХЭГазраас зөвшөөрөл авчихна.

“Нуклер энержи Монголиа” ХХК-иас Өндөр-Улаан сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид хаяглаж, “...Хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээнд хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийх, хяналт тавих зорилгоор 2018 болон 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулан хүргүүлж байна...баталж өгнө үү” гэсэн агуулгатай доорх бичгийг 2019 оны 04-р сарын 15-нд ирүүлсэн байна.

 

Дээрх бичгийн хариуд сумын Засаг даргаас “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, урт нэртэй хуулийн тодорхой заалтыг зөрчиж байгаа, багийн иргэдтэй хэлэлцүүлэг хийх... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2018, 2019 оны байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэсэн агуулгатай доорх албан бичгийг 2019 оны 04-р сарын 22-нд өгчээ.

“Нуклер энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.

 

4912   7
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох