Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-05-29

ЖОРЛОНГ НЬ ЖААХАН ДЭЭРДҮҮЛЭХСЭН

Хөдсөн дээл, үстэй гутал жийсэн хорьдугаар зуунд ч гадаа жорлон байж л байсан. Гэтэл хүн төрөлхтний хөгжил цоо шинэ түвшинд хүрсэн энэ цагт ч бид хүй нэгдлийн мэт орчинтойгоо боловсролын хөгжлийг хурдасгахаар бодлого шаардах нь хэр нийцтэйсэн бэ. Мундаг том зорилттой ч үр дүн нь хол санагдах, сонсголонтой сайхан нэртэй хөтөлбөрүүд боловсролын салбарт хэрэгжих юм. Гэвч тээр тэндэх сумын сургуулийн шийдвэрлэж болчихоор бэрхшээлийг олж харахгүй л...

Өвөлдөө мөсөрч дош болчихоод хальтирч унах аюултай, хавар намартаа үнэр танар нь хувцсанд шингэм, өт ялаа нь айдас болом орчинд сумын хүүхдүүд бие засч байна. Өвлийн хүйтэнд халуун дулаан байрнаас гарч орох нимгэн нойтон хувцастай хүүхдүүд бие засах хэрэгцээнээсээ болж, ханиад шуухинаа тусах, даарч хөрөх, улмаар өвчин эмгэгтэй болохыг ч үгүйсгэхгүй. Эцсийн эцэст хүүхдүүдийн эрүүл мэнд юу юунаас ч чухалсан. Дулаан бүлээн орчинд дотроо жорлонтой аймаг, нийслэлийн сургуулийн сурагчдад битүүхэн атаархдаг хөдөөгийн хүүхдүүд боловсрол эзэмших явцдаа алагчлагдаж байна гэчихэд хилсдэхгүй.

Хичээл эхлэх болгонд шинэчлэгддэг хичнээн олон хөтөлбөрүүддээ багш, сурагчдын эрүүл, аюулгүй орчны талаар хэдэн заалт оруулаад дүгнэчихэд болмоорсон. Энэ жил Багшийн хөгжил, Ирээдүй 1+1 хөтөлбөр хэрэгжих гэнэ лээ. Хөгжиж боловсрох гээд байгаа багш, сурагчдад сургалтын чанар, үнэлгээнээс илүүтэй, хүний махбодын чухал хэрэгцээнд нь нийцсэн сайжруулсан жорлон зайлшгүй хэрэгтэй байна.  

Хөдөөгийн зарим сургууль эцэг эхчүүд, сайхан сэтгэлтний хандив дэмээр дотуур байраа тохижуулж, анги танхимаа ч засаад авдаг болжээ. Санаачилга байвал болохгүй зүйл гэж үгүй аж. Төсвийн хөрөнгө харж, бэрхшээл тоочин суухаар хүүхдүүдийн нэрийг баривал “худалдаж идэхэд” хамгийн амархан бөгөөд жорлон зэргийг зохицуулчих тусламж дэмжлэг олдож л таараа. Энэ ч аргаа барсан санаа л даа. Адаглаад л төсөвтөө жил бүр суулгаж байх урсгал засварын зардалд “жорлонд” гэсэн хуваарилалт зайлшгүй байх нь зүйтэйсэн.

Захаасаа боловсон жорлонтой болсон сумын сургууль ч байна. Булган, Батцэнгэл, Өндөр-Улаан, Төвшрүүлэх сумдын хүүхдүүдийн аз таарчээ. Боловсон ийм жорлон бүх суманд даруйхан баригдаасай.

Тэр болтол нүх ухаад банзаар хашаад л хэдэн арван жил хаячихсан жорлонгуудыг шинэчлэн засварлах, арай дээрдүүлэхэд санаачилга гаргаач, захирлууд аа. Ариун цэвэр эрүүл ахуйг шаарддаг хяналт шалгалтын байгууллага, боловсролын бодлогын газар ажил хийгээч. Ядаж л балиар заваан байдал, нурж унах шахсан нөхцлийг сайжруулж, ариутгал цэвэрлэгээг тогтмолжуулаач...

317   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох