Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-06-15

ХАРАНХУЙГ ГЭРЭЛТҮҮЛЖ, ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!

Биднээс багахаан ялгаатай 4100 гаруй хүн манай аймагт амьдарч байна. Өдөр тутам хэн нэгний тусламж дэмжлэггүй бие даан амьдраад, ажиллаад байх боломж нөхцөл тэдэнд үгүйлэгдсээр...

Төрийн бүх байгууллага тэдэнд ээлтэй байж чаддаггүй юмаа гэхэд төрсөн гэрийг нь орлох, тэднийг нэгэн дээвэрт нэгтгэдэг байгууллагынх нь үүд хаалга, орчин нь ээлтэй байвал...

Цэцэрлэг хотод цахилгаан хязгаарлаад хэдэн өдөр болоход бидний ажил шууд хамааралтайгаар зогсож байна. Гэтэл Архангай аймгийн хүн амын тав ч хүрэхгүй хувийг эзлэх хүмүүсийн амьдрал өдөр бүр “цахилгаан тасарсан” байдалтай үргэлжилнэ.

Харанхуй орчныг зүгээр л харж суухаар нэг ч гэсэн шүдэнз асааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө цохилох зүрхтэй цөөн хүмүүсийн дэмээр Архангайн тусгай хэрэгцээт хүмүүс нийгмийн амьдралд боломжоороо оролцож л явна.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл долоон төрийн бус байгууллагаас бүрдэж, нэг ч хүнээ орхигдуулахгүйгээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа хийхээр “тэмцэж” байна.

Нэгэн түүх: Флом Олон улсын байгууллага манай аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаад төслийн хугацаа дуусахдаа байрлаж байсан хоёр давхар байшингаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд өгөхөөр болсон байдаг. Энэхүү барилгыг Финляндын Засгийн газрын санхүүжилтээр худалдан авсан бөгөөд Флом ОУ-ын байгууллагын зохицуулагч, төлөөлөгч нар ийнхүү ХБИХЗ-д шилжүүлжээ. Тухайн үед аймгийн ХБИХЗ урсгал зардлыг шийдэх боломжгүй байгаагаа илэрхийлж улмаар тэргүүн П.Ганчимэг, Флом ОУ-ын байгууллага, аймгийн Засаг дарга нар гурвалсан гэрээгээр энэхүү барилгыг ХБИХЗ болон аймаг хамтран эзэмшихээр болжээ. Гэвч үндсэн үйл ажиллагаа эрхлэх ёстой ХБИХЗөвлөл өнөөдөр барилгынхаа хоёр өрөөнд л ажлаа явуулж байна. Учир нь хамтран эзэмших гэрээ байгуулсан аймгийн Засаг дарга энэхүү барилгад Насан туршийн боловсролын төвийг оруулжээ. Урсгал зардалд жилд 25,0 сая төгрөг шийдэж өгдөг. Ингэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд хэмээн бичиг цаас нь үйлдэгддэг тухай зөвлөлийн тэргүүн П.Ганчимэг хэлж байлаа.

“Засаг захиргааны тайлан мэдээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй, нээлттэй байж байр орон сууцаар хангаад зогсохгүй урсгал зардал, шаардлагатай бүх зүйлээр нь дэмждэг гэдэг байх. Гэтэл бодит байдал дээр бид ажил явуулахад их хүндрэлтэй байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

Тэд шинийг санаачилж, хийж хэрэгжүүлэхийн их хүслэнтэй. Судалгаанд хамрагдаагүй тусгай хэрэгцээтэй нэгнийгээ эгнээндээ элсүүлж хамтран хөгжих эрмэлзэл өндөр байна. Тиймээс байраа засч сайжруулахаар аймгийн нийт иргэдийн дунд хандивын аян өрнүүлжээ.

Зургуудад өгүүлэх өрөөнүүдийг засаж, ээлтэй орчин бүрдүүлэхэд тэдэнд 20,0 сая төгрөг хэрэгтэй гэнэ.

Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл юм. Өдөр бүр “цахилгаангүй” байгаа тэдний амьдрах орчныг хамтдаа гэрэлтүүлцгээе.

Тусгай хэрэгцээт нэг хүний ард ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй асран хамгаалагчид нь байдаг. Тэр хүмүүсийг ч орхигдуулалгүй хөгжил оролцоонд нь гэрэл нь нэмье.

Хийе гэсэн хүсэл эрмэлзэл, чадна гэсэн зорилго тэмүүлэл дүүрэн байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн хамт олонд урам хайрлая.

Хандивын данс: ХААН банк 5135660286 /Ар. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл/
Утас: 9533-0200 /П.Ганчимэг/

488   0
НИЙТЭЛСЭН: Б. Мандуул

Санал болгох