Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2019-06-14

АРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ЕСӨН ГАЙХАМШИГ

ХӨШӨӨ ЦАЙДАМЫН ДУРСГАЛ

Хашаат сум. GPS-ийн байрлал N 47°31’26”, E102°53’13”, Alt1532 м

Холбогдох он цаг: Түрэгийн үе (МЭ VI-VII зуун)

Түрэгийн II хаант улсыг үндэслэн байгуулагч Эльтерес хааны отгон хүү Куль-Тегин нь 16 наснаасаа төрийн хэрэгт хүчин зүтгэж, өөрийн ах Билгэ хааны улс төр, эдийн засаг, дипломат бодлогыг хэрэгжүүлэн улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасаа зориулсан цэргийн жанжин байжээ. Тэрбээр 731 онд 47 настай таалал төгсөхөд, дурсгалд нь зориулсан энэ тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 онд босгожээ. Том яст мэлхийн нуруунд углуургадан суулгасан 3,33 м өндөр, 1,32 м өргөн 0,46 м зузаан гэрэлт хөшөө босгож, Куль-Тегин жанжны түүхэн үйл явдлыг Түрэгийн руни болон нангиад бичгээр сийлж бичсэн ажээ. Энэхүү бичээс нь “Орхоны бичээс” гэж дэлхийд алдаршжээ.

Куль-Тегиний дурсгалаас өмнө зүг 1км орчим зайд Билгэ хаанд зориулан босгосон шүтээний цогцолбор, тахилын онгон байна. Билгэ хааны хөшөө нь мэлхий суурин дээр байрласан бөгөөд өндөр нь 3,45 м, өргөн нь 1,74 м, зузаан нь 0,75 м хэмжээтэй, гурван талдаа түрэг бичээс, хойд талд нь хятад бичээс бий.

Билгэ хаан Түрэг улсын төрийг бэхжүүлэх, эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд 716 онд төрж, 734 оны 11 дүгээр сарын 25-нд нас барсан гэж үздэг агаад дараа жилд нь тахилын сүм барьж, гэрэлт хөшөө босгожээ. Билгэ хаан болон түүний хатны цагаан гантиг хөшөөг Монголын үндэсний музейд шилжүүлжээ.

Дээрх хөшөөдийн орчмын дурсгалуудаас олдсон олдворуудыг БНТУ-ын тусламжаар барьсан барилгад оруулж, хамгаалалтад авчээ. Тахилын онгоноос олон төрлийн алтан чимэглэл, домбо, ганц эвэрт буга, зоос, сумны зэвнээс гадна Билгэ хааны галт шувуу бүхий алтан титэм олджээ.

ЗАЯЫН ХҮРЭЭНИЙ ЦОГЦОЛБОР

Үзэсгэлэнт Булган уулын өвөрт 1586 онд Заяын хүрээний суурь тавигдаж, 1642-1930 оныг хүртэл Зая гэгээний 6 дүр тэтгэн хөгжүүлснээр Халх даяар алдаршсан бурхан шашны томоохон төв болжээ. Заяын хүрээний сум дуганыг Монголын алдартай урчууд барьсан гэдэг. Заяын хүрээ нь хөгжлийг оргил үедээ 23 дацан, 41 жастай, 2500 гаруй лам хуваргатай байжээ. Их хэлмэгдүүлэлтийн үед хүрээг эвдэн сүйтгэсэн бөгөөд бүтэн үлдсэн 4 сүм дуганы барилгыг 1967 оноос аймгийн угсаатны музей болгосон юм. Эдгээр барилгуудыг 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Аймгийн музей нь сан хөмрөгтөө 3500 гаруй үзмэртэй. Музейн хашаанд байрлуулсан Бугатын дурсгал хэмээгдэх чоны дүрст гэрэлт хөшөө нь дэлхийд ховор үзмэрийн нэг билээ.

 

ЧУЛУУТ ГОЛЫН ХАДНЫ ЗУРАГ

Тариат, Өндөр-Улаан сумын нутаг Чулуут гол болон түүний цутгал Суман голын хүрмэн бул, үхэр чулуут оруулга, ангалуудад эртний хүмүүсийн сийлж цоолборлон үлдээсэн сүг зураг элбэг тохиолддог. Хуучин Мөрөн сумын баруухнаар Элстийн булангийн оруулга орчим дахь хад чулуунд сийлсэн буга, аргаль, янгир, чоно, нохой, адуу мал, хүний дүрсний дотор буган хөшөөн дэх сонгодог дүрслэлээр урласан буга, тойрон бүжиглэж буй маягийн олон хүн, тэргэнд хөллөсөн адууны тойм дүрс, хэвтээ согоон дээр харайж буй бугын зураг бүхий хад ч байна. Хамрын булангийн нэгэн хаданд дээд тэнгэрт хандсан байдалтайгаар хоёр гараа дээш өргөсөн хүний дүрслэл буй. Судлаачид эдгээр зургийг дүрслэл, зохиомж, арга барилаас нь үүдэн хүрэл зэвсгийн нэлээд түрүү үед холбогдуулдаг. 

Чулуут голын савын нэгэн зурагт төрж байгаа зургаан эмэгтэйг дүрсэлсэн байдаг бол Өвчүү Толгойн зурагт малгай өмссөн, гартаа шийдэм барьсан гурван хүний дүрс буй. Энэ мэт сонин зургууд Жаргалант, Цэцэрлэг сумын нутаг хүртэл үргэлжилдэг.

 

ХҮНҮЙН ГОЛЫН ХӨНДИЙ ДЭХ ХҮННҮГИЙН  ДУРСГАЛУУД

Их хануй нуурын түрэг бичээс

GPS-ийн байрлал N 98°29’20” E101°22’08” Alt1508 м

Холбогдох он цаг: Түрэгийн үе (МЭ VI-VIII зуун)

Эрдэнэмандал сумын төвөөс баруун урагш 5 орчим км-т Хануй нуураас холгүй тэгш талд байдаг.

Шивээт улааны цогцолбор

GPS-ийн байрлал N 48°47’51” E102°60’18” Alt1563 м

Холбогдох он цаг: Түрэг, Уйгурын үе

Хайрхан сумын нутаг Хануй, Хүнүй голын бэлчирт голын хойт этгээдэд Шивээт хэмээх жижиг хадтай толгой дээр уг дурсгал оршино. Энд хүн чулуун хөшөөд, чулуун хонь, чулуун арслан, хөшөөний засмал чулуун суурь зэрэг дурсгалууд байна.

Түрэгийн Эльтерес хаанд зориулан босгосон дурсгал байж магадгүй гэж үздэг.

Эрдэнэмандал сумын Хөшөөн талын буган хөшөөд Хануй голын хөндийд буй.

GPS-ийн байрлал N 48°10’16” E101°03’33” Alt1637 м

Холбогдох он цаг: Хүрлийн үе (МЭӨ III-I зуун)

 

Буган чулуун хөшөөний тахилын байгууламжаас хүрэл товруу, чимэглэл олдсон.

Хүрэл зэвсгийн үеийн хиргисүүрүүд

Хайрхан сумын төвөөс хойш Баянгол буюу Нураагийн шил гэдэг газар хүрлийн үеийн дөрвөлжин, зарим нь дугуй хүрээтэй, голдоо чулуун овгортой

Уртын шуудууны хиргисүүр, буган хөшөөд, чулуун байгууламжууд

Хайрхан сум.  GPS-ийн байрлал N 48°21’36” E101°50’24”

Гол модны Хүннү булш

Хайрхан сумын нутагт Хүнүй голын урд бие, Бөхөн шарын нурууны ард Гол мод хэмээх элсэрхэг хөрстэй газар энэхүү дурсгал байрладаг.

GPS-ийн байрлал N 48°32’23” E101°55’04” Alt1775 м

Энд буй булшууд урдаа үүдэвчтэй, дөрвөлжин хэлбэртэй, ханыг нь байшингийн чулуун суурь мэт өрж хийсэн язгууртны булш болон дугуй хэлбэрийн чулуун далан бүхий жирийн иргэдийн булшнаас бүрдэнэ. Тэдгээр булшнаас төмөр сумны зэв, сувс, алтан чимэг, мөнгөн ээмэг, чий будагтай эдлэл, шавар ваар, нумын гичир зэрэг зүйлсийг олжээ.

 

БАЛГАСАН ТАЛЫН ХҮННҮ БУЛШ, БИЧИГТ ХАНГАЙ

Өндөр–Улаан сумын нутагт, Хануй голын баруун урд хөвөө, Бөхөн шарын нурууны салбар уулсын ар налуу, ой модтой, элсэрхэг хөрстэй газар Хүннүгийн язгууртны болон жирийн иргэдийн нийт 200 гаруй булш буй. Нутгийнхан энэ газрыг Гол мод буюу Балгасан тал хэмээн нэрлэх ажээ. Эндхийн хамгийн том булш нь үүдэвчийн хамт 70 орчим м урт, гонзгой дөрвөлжин хэлбэртэй бол жижиг булшууд нь гол төлөв цагираг хэлбэртэй, голч нь дунджаар 3-7 м орчим болно. Булшуудыг малтаж олон сонирхолтой олдворуудыг илрүүлсэн байна.

GPS-ийн байрлал N 48°00’20” E101°12’28” Alt1775 м

Холбогдох он цаг: Хүннүгийн үе МЭӨ III – МЭ I зуун

Хотонт сумын нутаг дахь дургалт газрууд, Хар балгас, Дойтын балгас, Ану хатны бунхан

Хундын хоолойн дөрвөлжингүүд

Хотонт сумын төвөөс зүүн урагш 20 гаруй км орчимд Хундын хоолойд дөрвөлжин хэмээх долоон дурсгал байдаг.

GPS-ийн байрлал N 47°17’35” E102°41’20” Alt1503 м

Холбогдох он цаг: Уйгарын үе (VIII – IX зуун )

Хулхийн амны дөрвөлжингүүд

Хотонт сум, Хархорин сумын зааг Баянгол хэмээх жижиг голын зүүнтээ N 47°17’09”,  E102°41’49” Alt1512 м байрлалд буй Хулхийн аманд VIII – IX зууны Уйгарын үеийн дөрвөлжин хэмээх гурван дурсгал байна.

Хулхийн амны 1-р дөрвөлжинг малтаж тоосгон бунхант булшууд, руни бичигтэй нумны ясан наалт, хос ширэн гутал, алтан ээмэг зэрэг гайхамшигт олдворуудыг илрүүлсэн байна.

Мөн энэ орчимд VIII – IX ба XIII –XIV зууны үед холбогдох Баянголын амны дурсгалууд байна.

Тэмээн чулууны амны дурсгал

Хотонт сумын нутагт N 47°11’58”,  E102°35’48” Alt1664 м байрлалд XIII-XIV зууны үед хамрагдах цуварч байрласан олон байгууламжууд байх агаад зарим байгууламжийн урт нь 4 м, өргөн нь 1,5-2 м аж. Эндээс тэрэгний цөнгийн хугархай олдсон.

Тэмээн чулууны өвөрт N 47°12’55”,  E102°35’48” Alt1650 м байрлалд дээрхтэй төстэй хоёр гурван эгнээ болон цувж байрласан байгууламжууд байдаг.

ХАР БАЛГАС

GPS-ийн байрлал N 47°25’43” E102°39’37” Alt 1361 м

Холбогдох он цаг: Уйгурын үе (VIII – IX зуун)

Хотонт сумын нутагт, Хархорин хотоос баруун хойш 45 км-т Хар балгас хэмээх эртний Уйгур улсын нийслэл хотын туурь бий. Тан улсын Тянь – Баогийн  үед буюу 751 онд байгуулагдсан гэж сурвалж бичигт тэмдэглэгдсэн ажээ. Тухайн үедээ Хар балгас маш том хот байсан бөгөөд бэхлэлт бүхий хэрэмтэй, олон байшин барилга бүхий, 25 км урт сунаж тогтсон их хот байжээ. Хэрмийн төв дунд байгаа цайзын одоогийн өндөр 14 м орчим. Энэ цайзат хэрэмд хааны орд өргөө байсан бололтой хэмээн судлаачид үзсэн.

Уг хотыг Енисейн Киргизүүд 840 онд эзлэн авч шатааснаас болж Хар балгас их түймэрт өртөж мөхсөн байна. Хар балгасны туурьт руни, согд, нангиад зэрэг үсгээр бичсэн гайхамшигт гэрэлт хөшөө байсныг хожим илрүүлжээ.

Дойтын балгас

Өгийнуур сумын нутагт Шорвог, Хунт,  Дойт хэмээх жижиг нууруудын хооронд, алсын бараа сайн харагдах Дойтын толгойн оройн тэгш талбайд N 47°32’27” E102°31’55” Alt1397 м байрлалд XIII-XIV зууны  үед холбогдох хотын туурь буй. Энд буй хамгийн том барилгын туурь нь 45×60 м хэмжээтэй. Урд талдаа хэрэмтэй, баруун, зүүн, хойд талаараа барилгаар хүрээлэгдсэн байсан бололтой. Нийтдээ 20 орчим барилгын ул мөр байх бөгөөд эндээс гарч буй дээврийн ваар, тооно нь Хар Хорум хотын Өгөдэй хааны ордныхтой адил бөгөөд судлаачид уг хотыг Өгөдэй хааны Зуслан орд мөн болов уу гэж үздэг. 

Ану хатны бунхан

Хотонт сумын төвөөс зүүн чигт 10 гаруй км зайд орших Хатант уулнаа нэгэн бунхан буй. Үүнийг Уйгурын хатны бунхан, эсвэл Ану хатны бунхан хэмээн зөрүүтэй тайлбарладаг.

 

ХАР ХУЛ ХААНЫ БАЛГАС,  ХОЛБОГДОХ ДОМОГТ ГАЗРУУД

GPS-ийн байрлал N 48°28’09” E101°19’43” Alt1526 м

Холбогдох он цаг: Монгол гүрний үе (XIII-XIV зуун)

Эрдэнэмандал сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 10-аад км зайд Хануй голын өмнө этгээдэд оршино. Уг балгас дөрвөлжин хэлбэрийн зохиомжтой, дөрвөн талдаа хаалгатай, хаалга бүрийн хатавчийг чулуугаар өрж хийжээ. Хэрмийн  дөрвөн буланд тоосгоор хийсэн цамхагтай. Энэ цамхагаас хаалганы хатавч хүртэл шороо овоолж, дагтаршуулан хийсэн хэдэн хэрэмтэй. Бас төв хэрмийн эргэн тойронд олон барилгын туурьтай. Хамгийн том хэрмийн баруун хана 380 м, зүүн хана 390 м, өмнөд болон хойд хана 350 м, хэрмийн дундаж өндөр 3 м хэмжээтэй. Том хэрмийн дотор 5-6 орчим барилгын туурьтай. Эндээс олдсон олдворууд нь XIII зууны үеийн Хар Хорум хотоос олддог олдворуудтай ижил бөгөөд энэхүү балгасыг XVII зууны үед дахин ашиглаж, хүн суурьшиж байжээ.

 

ГЭСЭР ЛАМЫН БУНХАН

Цахир сумын төвөөс баруун тийш 40 гаруй км зайтай орших Содномдаржаа уулнаа ард олондоо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Аршийн Чүлтэмжамц болон түүний шавь цорж аграмба Санжжав нарын занданшуулсан шарил хадгалагдаж байдаг. Өвгөн Гэсэр лам эрдэм ухаанаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлага, өвчин зовлонгоос хамгаалж ирсэн гэх домог нутгийн иргэдийн дунд яригддаг. 2015 онд аграмба Санжжавын занданшуулсан шарил хулгайд алдагдсанаас хойш дээрх хоёр ламтаны тухай олон хүн мэддэг болсон билээ. Төр засаг, нутгийн засаг захиргааны зүгээс анхаарч тус уулнаа хоёр бунхан босгож,  түүн дотор өвгөн Гэсэр лам ламтаныг шавийн хамтаар залсан аж.

МУХАР ХУЖИРТЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Цэцэрлэг сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайд зүүн урагшаа урссан Мухар хужирт голын баруун талд Мухар хужиртын рашаан буй. Далайн төвшнөөс дээш 1585 метрт байх энэ рашаан газрын гүнээс гарсан маш хүйтэн бөгөөд найрлагад нь кальци, кали, гидрокарбонат зэрэг элементүүд их байдаг, бага зэргийн эрдэсжилттэй, анагаах чадвар маш сайтай гэдэг. Ялангуяа дотор, мэдрэл, сэтгэц, саахрын өвчинг анагаах талаараа гойд сайн болох нь олон зуун жилийн явцад нотлогдсон. Энэ рашаан нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Зая бандида Лувсанпэрэнлэйн мэндэлсэн газраас оргилон гарсан гэх түүхтэй бөгөөд энэ рашааны дэргэд Дөвхөн нэртэй хийдийг XIII зууны эцсээр хүлээсэн буян номын газар болгожээ. 1932 оны “Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн”-ий улбаагаар Дөвхөн хийдийг бусниулан сүйтгэсэн байна. Хожим 1960-аад оноос ойр хавийн сум нэгдлүүд санаачлан рашаан-амралт болгон тохижуулж байсан боловч 1990 оны эхээр дахин үрэн таран болгожээ. Сүүлийн үед орон нутгийн хурал, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр нутгийн иргэдийн санаачлагаар рашааны орчныг тохижуулж хамгаалан, орон сууц барьж, рашааны сүр сүлд болгож мөргөлийн сүм, 12 суварга бүтээн сэргээжээ. Мухар хужиртын рашааны орчимд түүхэн дурсгалт, домогт газрууд элбэг байдаг. Дарвабандид гэгээний төрсөн газар, Бух чулуу,  “Бухын хүрээ”-ний туурь, эзэн Чингис хаан их цэргийнхээ хамт буудаллан хоноглож байсан гэгдэх Хонгоржийн тал, хүрлийн үеийн малчид анчдын ахуй амьдралыг сэдэвлэн буулгасан сүг зургууд бүхий Өвгөн Хонгорж уул зэргийг дурдаж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

1005   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох