Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-05-29

УЛСЫН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН Ч...

2018-2019 оны хичээлийн жилд болсон улсын чанартай олимпиадаас манай аймгийн сурагч, багш нарын медаль авсан амжилт чамлахааргүй байна. Боловсролын чанараараа хойгуур байранд яваад байгаа аймгийн үнэлгээг урагшлуулахад эдгээр амжилт түлхэц болох юм. Амжилтаар бахархаад өнгөрөх биш бас урамшуулдаг тогтолцоо ч бий болсон. 2014 онд гаргасан аймгийн Засаг даргын захирамж энэ хөшүүргийг хэрэгжүүлсэн бөгөөд одоо ч хүчинтэй байгаа юм. Үүнээс хойш 9 сурагч, 2 багшид 5.745.000 төгрөгийн урамшууллыг олгожээ.

Энэ хавар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Шинжлэх ухаан Технологийн Эрдэм ахлах сургуулийн 12а ангийн сурагч П.Оргодол Улсын Газарзүйн XXV олимпиадаас хүрэл медаль, тус сургуулийн багш Ч.Гончигдорж Улсын Физикийн XXXII олимпиадаас хүрэл медаль хүртсэн байна. Мөн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Ч.Ганчимэг Улсын түүхийн II олимпиадаас тусгай байрын шагнал хүртжээ.

Энд тодруулах нэг зүйл байгаа юм. Шинжлэх ухаан Технологийн Эрдэм ахлах сургуулийн физикийн багш Ч.Гончигдорж Улсын Физикийн XXXII олимпиадад хувийн амжилтаар оролцож, хүрэл медаль хүртсэн байна. Учир нь түүнийг аймгийн төрөлжсөн олимпиадад Шинжлэх ухаан Технологийн Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалыг хашдаг, багш биш гэсэн шалтгаанаар оруулаагүй ажээ. Гэвч тэрээр Улсын олимпиадыг зохион байгуулах хороонд хувийн амжилтаараа оролцох хүсэлтийг гаргаснаар ийнхүү оролцож, аймгийнхаа нэрийг гаргаад иржээ.

“Манай аймаг Улсын физикийн “...дугаар” олимпиадаас хойш “...тэдэн” жилийн дараа ийнхүү хүрэл медаль хүртсэн бол Улсын газарзүйн “...дугаар” олимпиадаас хойш медаль аваагүй байдаг” гэсэн мэдээллийг энд оруулах гэж аймгийн Боловрол соёл урлагийн газарт хандахад энэ төрлийн судалгаа, тоо байхгүй гэсэн хариултыг өглөө. Ингэхдээ “энэ багшаас асуу, тэр багш мэдэх байх” гэсэн чиглэл өгч байсан юм. Улмаар улсын олимпиадын амжилт нь төдийлөн ач холбогдолтой биш, харин Элсэлтийн шалгалтын амжилт, массын амжилт л чухал үзүүлэлт болдог гэх тайлбарыг хийж байлаа. Тайлбар авах явцад үгэн дотор үг цухалзсан нэг зүйл нь: Албан ёсоор аймгийн олимпиадад түрүүлсэн багш улсад оролцох журмын дагуу биш хувийн амжилтаараа оролцсон хэмээн Улсын олимпиадын медаль хүртсэн багшийг “бөөрлөхөх” хандлага гаргаж байв. Медаль авсан Ч.Гончигдорж багш ч энэ хандлагад нь гомдоллонгуй байгаагаа нуусангүй.

1976   9
НИЙТЭЛСЭН: Ц. Өнөрцэцэг

Санал болгох