Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2019-05-31

АВТОБУСААР ЗОРЧИХОД...

Саяхан санагдах.  2000-аад оны эхээр нийслэл, аймгийн хооронд тууш засмал зам байсан биш. Шороон, засмал холимог замаар фургон, 69-тэй л пижигнүүлдэг байв шив. Шууданд бензин үнэртэж, шороо бужигнасан “зараа” автобус явдаг байлаа. Оюутан ахуйд энэ л унаанд чихцэлдэн чемодан, хайрцган дээрээ зулаад л хот ордогсон. Ийм дурсамжтай харьцуулахад өнөөдөр зорчигч тээврийн үйлчилгээ үсрэнгүй дэвшсэн л дээ.

Хуучин цагийн тээврийн товчооны дүр зураг. “Ганц хүн аваад гарлаа” гэсэн реклам микроны жолооч нарын гацахгүй хэлдэг үг. Зорчигчид ч итгэчихнэ. Тэгээд өдөржин нэг машины кабинд бусдыгаа хүлээнэ. Тэгэж тэгэж харуй бүрийд гарна. Зардал мөнгөө ч очоод өгч болно. Наашаа цаашаа тохирч ч бас болно. Нэг тийм бужигнасан, хөл толгойгүй дүрслэл буух...

Харин өнөөгийн товчоо бол цэлгэр сайхан талбайтай. Эмх цэгцтэй. Автобус яг цагтаа хөдөлнө. Зардал мөнгөн дээр наашаа цаашаа байхгүй. Билетээ бичүүлнэ. Бүр цахимаар хэдхэн секундэд захиалчихна.

Хот хооронд том оврын автобуснууд зогсоогүй хөлхөнө. Аятай бөгөөд найдвартай гэсэн хандлагаар зорчигчид нийтийн энэ унаандаа л тэмүүлэх болж. Эрэлт нэмэгдэхийн хирээр үйлчилгээ ч сайжирдаг даа. Гэвч ахихгүй байгаа зүйлүүд байна...

Автобусаар зорчих зам зуурт...

“Зохиолын дууны сургалтанд суугаад ирлээ” гэж хот газрын нэгэн дөжирсөн янзтай бууж билээ. Нээрээ л хөгжмөө хамаг чанга дээр нь тавиад, бүтэн долоо, найман цагийн турш зурагтаар клип үзүүлнэ. Энэ нь ялангуяа шөнийн автобусанд маш тээртэй. Унтаж амраад явахад бэрх. Жолоочийн нойр хүрэхээс сэргийлж хөгжим тавьдаг юм бол тэрүүхэндээ сатаарах боломжтой. Хэрвээ зорчигдчоо уйдаахгүй гэж хөгжим орилуулж байгаа бол ёстой залхаах шийтгэл гэлтэй. Хүний унаанд сууж яваа хүлцэнгүй зорчигчид хөгжмөө хаа, намсга гэх нь ч ховор. За тэгээд халуун, хүйтнээр үлээлгэх тохиргооны мэдрэмж ч жолооч нарт нойл. Эсвэл шатаах гээд, эсвэл осгоох гээд.

Дотор орчны хувьд ч тааруу. Суудлын бүрээс, дэрлэх хэсэг нь бохир, цонх, суудлын бариул, бүрээс дээр бохь наалдсан, хиртэй хөшиг, халтар цонхтой байх нь олонтаа. Тээш шороотой буух нь ч элбэг. Ингэсгээд буулгаж байгаа нь их юм. Зорчигчийн цүнхтэй хувцас алга болсон, бүр нөүтбүүкээ алдсан тохиолдол ч дуулдсан. Камержуулах ч шаардлагатай болж байх шиг.

Ер нь бол юм үзээгүй бидэндээ л том, гоё автобусаар зорчоод байгаа мэт боловч Солонгост явах хугацаа нь дууссаныг манайхан “дөнгөж орж ирсэн”, Монголдоо л шинэ гээд байгаам ш дээ.

Автобусны жолооч нар ихэнхдээ ааш муутай. Ямар нэг санал хүсэлт гаргавал толиндоо хяламхийж, амандаа үглэж, хүсэлтийг биелүүлэх ч үгүй. Нөгөө л дээхний “такси” хандлагаасаа салаагүй, бүдүүлэгдүү. Адаглаад замын хоолны газрын зогсоолд автобусаа тэгшхэн байрлуулчихгүй. Энд тэндээс яваа автобуснууд эв гавгүй зогсчихоод гарах орохдоо муухай дуутай сигналаа орилуулна.

7-8 цаг зорчих замд өчнөөн л үйл явдал өрнөнө дөө. Хамгийн муухай нь хаа ч хамаагүй зогсоод хээр бие засуулах. Энэ тухай нэгэн жуулчин тэмдэглэлдээ “аймшигтай” санагдсанаа бичсэн байдагсан.

Замын хоол. За нөгөө хоолны газруудын тухайд муу муу. Жолоочтой гэрээлсэн аль нэг газартаа автобус маань мэдээж зогсоно. Зорчигчид тэнд нь хүчлэнгүй хооллоно. Зарим хүн арай гайгүй хоолтойг нь бараадан тал тал тийш одно. Ингээд жолооч хооллож дууссан бол зорчигчид бэлэн байх ёстой байтал таран одогсод цуглахгүйгээс болж жолооч маань бас л сигналаараа түрий барина.  

Автобуснуудын бас нэг эмээмээр байдал бол ядахад нарийхан замаар дээрэнгүй байдалтай хөдөлгөөнд оролцдог. Гүйцэж түрүүлэх дуртай, өөдөөс ирж байгаа машинд зам тавихдаа хойрго, болж л өгвөл шахна, дарамтална. Өвлийн мөсөрсөн, цастай замд яс хавталзмаар шүү. Ер нь “том нь багыгаа” дээрэлхдэг хандлага байнга цухалзаастай.

Аймгаас хот, хотоос аймаг хооронд зорчиход нэгэн хэвийн иймэрхүү л дүр зурагтай.

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний бас нэг асуудал бол дайвар тээш. Алгын чинээхэн бичиг цааснаас эхлээд шуудай савтай, хайрцагтай гээд юу эсийг дайх билээ. Тэр болгонд нүдэн баримжаагаар төлбөр нэхдэг. Жолооч нарын амташчихсан энэ үйлчилгээ ямар ч ойлгомжгүй байдлаар явагддаг. Энэ үйл явцад Авто тээврийн төвөөс тавьдаг хяналт, зохицуулалт байхгүй.  Иргэд бухимдсан ч өөр сонголтгүй...

Зорчигчдын ачаан дээр нэмэх нь дайвар ачаа. Нөгөө “хугацаа хэтэрсэн” автобуснуудын даац ч сонин л болж таараа. Тэгэж байтал зуны цагт айраг цагаа гэж “аюултай” дайвар гарч ирнэ дээ. Дэвэрч оргиж, бусдын тээшийг бохирдуулах нь энүүхэнд...

Бас нэг дайвар бол аймгуудын сонин. Долоо хоногт ганцхан удаа автобусаар зөөгддөг юм. Гэхдээ төлбөрөө төлнө. Шороотой, норсон, үрчийсэн байдалтай тээвэрлэн авчрах нь энүүхэнд. Редакцийнхан сониноо авах гэж автобустай айл руу, эсвэл гараж руу нь явна. Очоод үг хэлгүй авчихдаг бол ч яамай. Гэтэл яршиг тоочсон яншаантай нөгөө л ууртай жолооч. Угтаа бол сонин ирлээ, товчооны жижүүрт орхилоо, авлаа. Ингээд л маш энгийн зохицуулчихмаар. Авахын хооронд баахан утасдана, загнуулна. “Тавь, жаран саяар авсан автобусныхаа өрийг дарах гээд хэцүү л байна ш дээ” гэхээс эхлээд юу нь тодорхойгүй өгүүлэл тавих жолооч нар бий бий.

Энэ мэтчилэн автобусны жолооч нарын харьцаа хандлага, үйлчилгээний соёлд шат ахих хэрэгтэй байна. Тендер авахдаа гоё сайхан үйлчилгээг нэвтрүүлнэ гэж амлалт өгсөн байлгүй дээ. Зорчигчдын гомдол санал ам дамжин яригдсаар л. Гэтэл бас “баруун бүсийн” тодотголтой, зохицуулалт, үйлчилгээний гоё байшин дотор ярвайлттай, уцаартай ажилтнууд сууна. Хаа хаанаа сайжруулах зүйл бишгүй байна.

Гадны оронд бол зорчигч тээврийн автобусны жолооч нар нь костюмтай, эсвэл формын хувцастай, цагаан бээлийтэй, автобус нь цэмцгэр, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог юм билээ.

Автобусанд биш ая туханд мөнгө төлдөг болсон цаг...

1172   4
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох