Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2025-10-31

АМЬСГАЛАХ ЭРХЭЭ ХҮЛЭЭСЭЭР...

Архангай аймгийн Цэцэрлэг хотын агаарын бохирдол, бизнесийн ашиг сонирхол ба хүний эрхийн мөрөөр

 

Утаанд дарагдсан өглөө

Өвлийн шөнө Цэцэрлэг хотын дээгүүр хар утаа нам гүмд нүүгэлтэнэ. Байшингийн цонхоор тусах гэрэл хүртэл бүүдийж, амьсгалах бүрт хүхрийн үнэр хамар цоргиж, хоолой хорсож эхэлнэ.

“Хүүхдүүд маань ханиалгаад, шөнө унтаж чадахгүй болдог. Цонхоо онгойлгоход утаа гэр рүү орж ирдэг болохоор хаачихаа мэдэхгүй” хэмээн Эрдэнэбулган сумын иргэн Т.Батдорж өгүүлнэ. Тэрээр уушгины архаг өвчтэй болсон бөгөөд эмч “агаарт гарахгүй бол өвчин даамжирна” гэж анхааруулжээ. Гэвч агаарт гарах боломж энэ сууринд ямар ч боломжгүй. Учир нь гадаа ч, гэрт ч утаанаас зугтах газаргүй.

Архангай аймаг уушгины хорт хавдрын өвчлөлөөр 2017-2021 онд Монгол Улсад эхний эгнээд бичигдэж эхлэв. 10 мянган хүн тутамд 7.9-14.1 хүн уушгины хорт хавдартай гэсэн үзүүлэлт бий. 2024 оны байдлаар 28 хүн ийм оноштой бөгөөд тэдний 42 хувь нь аймгийн төв Цэцэрлэг хотод амьдарч байна.

Энэ оны эхний улиралд гэхэд 6700 гаруй хүн амьсгалын замын халдварт өвчнөөр өвдсөн. “Амьсгалын замын өвчлөл улирлын чанартай мэт харагддаг. Яг үнэндээ нүүрсний утаатай салшгүй холбоотой.” хэмээн Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.Ариун-Эрдэнэ ярьсан юм.

Хүүхдийн ханиалга, нойргүйдэл, толгой өвдөх, дутуу төрөлт, сэтгэлийн хямрал гээд, энэ бүхэн утаатай хамт ирдэг. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) хүний уушгинд хуримтлагдаж, цусны эргэлт, зүрхний үйл ажиллагаанд хор нөлөө үзүүлдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа анхааруулдаг.

Хэмжихээр цэвэрхэн ч амьдрал дээр бохир агаар

Цэцэрлэг хотын агаарын чанарын станц хотын төвөөс зайдуу, харьцангуй цэвэр агаартай хэсэгт байрладаг. Өнгөрсөн онд агаарын бохирдол байх ёстой дээд хэмжээнээс давсан тохиолдол цөөхөн гэсэн үзүүлэлт гарсан ч иргэд санал нийлэхгүй байна.

Байгаль орчны шинжилгээний лабораторийн ерөнхий технологич инженер М.Чулуунхүү: “Өмнө нь бид гараар сорьц авч хэмждэг байсан. Өнгөрсөн жил 500 сая төгрөгийн үнэтэй автомат станц суурилуулаад 24 цагийн турш хэмжиж эхэлсэн.  Бодит дүн гарч байгаа. Гэвч төвөөс алс байрласан нь яг бохирдлын төв цэгүүдийг бүрэн илэрхийлж чаддаггүй” хэмээн тайлбарлав.

Гэсэн хэдий ч шинэ станцаар 2024 оны хоёрдугаар сард хийсэн 29 хэмжилтийн 27-д нь PM2.5-ийн хэмжээ дээд хязгаарыг давсан үзүүлэлттэй байна. Энэ бол “агаарын бохирдол байхгүй хот” хэмээх тайлбарыг няцаах хангалттай баримт юм. Түүгээр ч зогсохгүй Цэцэрлэг хотын агаарын бохирдол Улаанбаатарын дундаж бохирдолтой дүйцэхүйц хэмжээнд байна.

Хүхэрлэг хийн агууламж 2020 оныхоос хоёр дахин, азотын давхар исэл тав дахин өссөн байна. Гэвч аймгийн хэмжээнд бохирдлын дийлэнхийг үүсгэж буй эх үүсвэрийг тогтоох, эрэмбэлэх судалгаа байхгүй хэвээр.

Яндангийн ард нуугдсан бизнес

Аймагт өнөөдрийн байдлаар 11 том уурын зуух, 100 гаруй жижиг халаалтын эх үүсвэр ажиллаж байна. “Эх голомтын илч” ХХК гэх дулаан нийлүүлэгчийн уурын зуухнуудын яндангууд шүүлтүүргүй. Дээд тал нь 50-60 жилийн насжилттай.

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2021 оны дүн шинжилгээнд Цэцэрлэг хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх уурын зуух шүүлтүүргүй. Хорь гаруй мянган хүн тогтмол агаарын бохирдолд өртөж байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчил гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас “утаа шүүгч суурилуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргах” тухай удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хэргэжээгүй ажээ.

Тэгвэл тус компанийн төлөөлөгч “Бид аймгийн бүх байгууллагын дулааныг тасралтгүй хангаж ирсэн. Төрөөс дэмжлэг өгөхгүй байж бүх хариуцлагыг хувийн компанид үүрүүлэх нь шударга биш. Хэрвээ зуух ажиллахгүй бол сургууль, эмнэлэг хөлдөнө шүү дээ” хэмээн учирлаж байлаа. 

Түүний үгэнд бодит нөхцөл байж болох ч амьсгал нь “боогдсон” иргэдийн эрхтэй жишихэд хангалттай тайлбар биш юм.

“Дулаанаар хангах нь үйлчилгээ, харин утаа гаргахгүй байх нь үүрэг. Төр, хувийн хэвшлийн аль аль нь хүний эрхийг хамгаалах хуулийн үүрэгтэй. Эрүүл орчинд амьдрах эрхийг бизнесийн ашиг сонирхлоор орлуулах боломжгүй.” гэсэн дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа хэлсэн юм. 

Шүүлтүүргүй яндангийн доорх амьдрал

Өвлийн өглөө “Эх голомтын илч”-ийн уурын зуухнаас гарч буй хар утаа Цэцэрлэг хотын дээгүүр хөшиг мэт бүрхэнэ. Яндангийн амнаас ховил татсан тортог тэнгэр рүү мушгиралдан урагшилж, уурын зуухны үнсний талбайгаас салхинд хийссэн саарал тоос хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг сургуулийн байшин дээр буудаг.

Гудамжны булан тохойд үнс хуйрагнан салхиар хийсэх бүрт тортог нь шүдэнд шажигнах мэт. Нүд хорсож, хамар цоргин, шөнө болохоор гэрийн таазанд утааны тортог сууж, хана сааралтана.

Иргэн А.Бат-Эрдэнийн гэр уурын зуухнаас 200 метрийн зайд байдаг. Нүүрс түлэхэд яндангаас нь гарсан утаа гэрийг нь байнга бүрхдэг. Хүүхдүүдийнх нь ханиалга хэзээ ч зогсдоггүй гэнэ. Өглөө гараад ажилдаа алхаад ирэх зуурт үнсний тоос гарт наалддаг байна.

Энэ бол үзэгдэж харагдах бохирдол. Харин хамгийн аюултай нь үл үзэгдэх бохирдол. PM2.5 тоосонцор нь хүний уушгины хамгийн гүн давхаргад нэвтэрч, цусаар дамжин бүх эрхтэнд хүрдэг.

ДЭМБ-ын мэдээллээр PM2.5-ийн 10 микрограм/м³-ээс дээш агууламжтай агаарт удаан хугацаанд амьдарсан хүн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 8%, уушгины хорт хавдраар 36% нэмэгддэг. Цэцэрлэг хотын тухайд энэ хэмжээ өвлийн улиралд 80–120 микрограм хүрдэг.

“Дулааны станц” нэртэй хүлээлт

Архангайчуудын утаанаас гарах гол найдвар бол дулааны станцын төсөл. Гэвч энэ төсөл арван жилийн турш “цаасан дээр” амьдарч байна. 

2015 онд Солонгосын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гарсан. 2018 онд гэрээг үзэглэж, 2019 онд тендер зарласан ч буцаагдсан. 2024 онд дахин оролдоод гүйцэтгэгч тодроогүй. 10 жил өнгөрөхөд бүтээн байгуулалтын газар шорооны ажил ч эхлээгүй. 

Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэхийг “Эх голомтын илч” ХХК эсэргүүцэж шүүхэд гомдол гарган олон жил маргалдсан. 2020 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Архангай аймагт төсөл хэрэгжүүлэх асуудлыг түр зогсоох мэдэгдлийг Эрчим хүчний яаманд ирүүлснээр төслийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай “Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн тайлангаас харж болно. 

Өнгөрсөн есдүгээр сард энэхүү өгүүлэлд нэр дурдагдсан эх сурвалжуудыг хамтад нь урьж, Цэцэрлэг хотод агаарын бохирдлын сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Тэр үед аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Батболд дээрх төслийн санхүүжилт тасалдсан, зураг төсөв шинэчлэгдээгүй, эрх шилжүүлэх асуудал үүссэн зэргийг мэдээлж байсан. Гэхдээ дулааны цахилгаан станцын барилгын ажлыг ирэх жил эхлүүлнэ гэж найдаж буйгаа ч илэрхийлсэн билээ. 

Харин энэ хугацаанд аймгийн иргэдийн амьдрал утаанд дарагдсаар.
“Бидэнд дулааны станц гэж ярих бүрт шинэ өвөл ирдэг. Харин ярихаасаа илүү үйлдэл хэрэгтэй” гэж Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн багш Ц.Цэрэнбалжид хэлэв.

Амьсгал бол бизнес биш харин хүний амьд явах эрх

“Эх голомтын илч”-ийн төлөөлөгчийн тайлбарласнаар төрөөс дэмжлэггүй, хөрөнгө байхгүй, шүүлтүүр суурилуулах боломжгүй нь эрх зүйн хувьд өмөөрөх шалтаг биш ээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссын тайланд “Агаарын бохирдол нь зөвхөн байгаль орчны бус, хүний эрхийн зөрчил. Хувийн хэвшил төрийн даалгавартай үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хүний эрхийн хариуцлагыг адил хуваалцах ёстой” юм. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн Зөвлөлөөс баталсан “Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмууд”-д хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэх чиглэлээр бизнесийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тус тус заасан байдаг. Тэнд дурдсанаар бизнесийн байгууллага хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд энэ нь тухайн байгууллагууд хүний эрхийг зөрчихөөс зайлсхийх мөн өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрхийг зөрчсөн аливаа сөрөг үйлдлийг нэн даруй олж илрүүлж, засч сайжруулж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг хэлнэ” хэмээн заасан. 

Хүний эрхийг хамгаалах үүрэг зөвхөн төрийн байгууллагад бус, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй хувийн байгууллагад ч хамаардаг. Үндсэн хуулийн зарчмаар төр хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах ёстой бол НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-аар хувийн байгууллагууд ч энэ үүргийг хуваалцах ёстой гэж үздэг. Гэвч Архангайд энэ үүрэг цаасан дээр үлдсэн. Аймгийн 10 орчим уурын зуух шүүлтүүргүй ажиллаж байгаа нь хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд зөрчиж буй хэрэг.

Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн багш Ц.Цэрэнбалжидын хэлснээр, утааны улиралд сурагчдын хичээл таслалт 20 хувиар нэмэгддэг ажээ. 

“Хүүхдийн сурах эрх, эцэг эхийн хөдөлмөрлөх эрх бүгд утаанд уяатай” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа дахин анхааруулсан.

Амьсгалах эрхийн төлөөх хариуцлага

Цэцэрлэг хотын тэнгэр намрын налгар энэ өдрүүдэд ч саарал өнгөөр дунайртсаар байна. Яндангаас нүүх саарал утааны дунд хүүхдүүд тоглож, цэвэрхэн охидын нүүрний энгэсэг дээр нүүрсний үнс салхиар хийсэн шингэж байна. Цэцэрлэг хот бол хөгжлийн биш, хүлээлтийн хот гэхээр энэ мэт дүр зураг хаа сайгүй харагдана.

“Бид утаанд дассан биш, бууж өгсөн. Гэхдээ амьсгалах эрхээ алдахгүйн тулд бууж өгөх ёсгүй” хэмээн Монгол Улсын гавъяат багш М.Шагдарсүрэнгийн хэлсэн үг бидний ирээдүйн зураг болон үлджээ. Ахмад багш ийнхүү санаа зовниж байхтай давхцан Булган уулын өвөр дэх нэгэн сургуулийнхан утаан дунд “амьсгалж” байна. 

Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн 12-р ангийн багш Д.Батчимэг ангийнхаа цонхоор харж зогсоно. “Тэр янданг хар даа. Баруун талаас салхилахаар яг манай сургууль руу утаа чиглэдэг. Цонх онгойлгох хэцүү, хаахаар бүр ч хэцүү” хэмээн тэр өгүүлэв.

Энэ сургуулийн 850 сурагч, 63 багш, нийт 900 гаруй хүн халаалтын улиралд өдөр бүр утаан доор хичээллэнэ. “Өглөө алхаж ирэхэд нүүрэн дээр хар хөө буудаг. Арчихаар хуруу, нүүр хар болдог” гэж багшийн хэлэх ба сурагчид ч утааны асуудлаар гомдол мэдүүлнэ. Өвөл ханиад хүрдэг гэж хэд хэдэн хүүхэд хэллээ. Нэг хүү нам дуугаар, би гурван жил дараалан хатгаа авсан гэв. Өөр нэг охин “уртаар амьсгаа авахаар нэг л дүүрэн биш” гэхэд, Тамир хорооллоос хичээлдээ ирдэг хүү “Заримдаа Булган уул утаан дотроос харагддаггүй” гэж тод чангаар хэлэв.

Сургуулийн баруун талын уурын зуухны яндангаас хар утаа олгойдно. Батчимэг багшийн ангийн цонхыг яг чиглэх ажээ.

Тэнд утаанд дасан зохицох, амьсгалах үнэ цэн, эрүүл орчинд аж төрөх эрхийн утга учрыг таньж ядан хүүхдүүд суралцаж байна.

Архангай утаанаасаа гарах гарцтай. “Архангайн амьдрал” сонины редакцаас өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн олон талт хэлэлцүүлгээс хэд хэдэн бүтээлч шийдэл, санаачилга гарсан.     

Юуны өмнө 50-60 жил ашигласан зуухнуудыг улсын стандартын дагуу татан буулгахыг мэргэжилтнүүд чухалчилж байлаа. Мөн ногоон эрчим хүчний сан бий болгох, цахилгаан, нар, халаалтын шинэ шийдэлд иргэдэд зээл, татаас олгох, агаарын чанарын мэдээллийг олон нийтэд шууд хүргэх, иргэдийн оролцоонд үндэслэн “Амьсгалах эрхийн хөдөлгөөн” хэлбэрээр иргэдийн дуу хоолойг бодлогод чиглүүлэх гэх мэт олон шийдлийн саналыг гаргасан билээ.  

О.Амарзаяа

 

477   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох