Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2025-10-24

НЭГ ЭМЭГТЭЙН ТУУЛЖ ЯВАА ЗАМ БА МОНГОЛ ДАХЬ ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР

Амьдралд тэмцэх итгэл, өөрийгөө хайрлах сургамж

“Байна уу” гэдэг цовоо, цолгиун дуу хоолой намайг айдсаас чөлөөлөв. Цаана нь хүүхдүүдийн шуугилдах дуу сонсогдож, тэр “Ангиас гараадахъя, энд чимээ ихтэй байна, та утсаа барьж байгаарай” хэмээн хэлэхэд би ярианд бүрэн төвлөрөв. Хэдхэн хормын дараа Пүрэвдолгор багшийн түүх амьдралд тэмцэх итгэл, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг илэрхийлэх дотно яриа болж хувирлаа.

38 настайдаа хөхний хорт хавдрын оноштой болсон тэр мөчийг Пүрэвдолгор “Амьдралын хамгийн хүнд өдөр” хэмээн тодорхойлдог. Эхэндээ айдас, уй гашуу, “Яагаад би вэ?” гэсэн бодлууд түүнээс салдаггүй байсан ч тэр цаг үеийг даван туулж, өөрийгөө амьдрах ёстойг ухамсарласан нь хамгийн том ялалт нь байжээ.

Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш, 41 настай Г.Пүрэвдолгор 2022 онд хөхний хавдрын оноштой болсон. Тэр үед тэрээр отгон хүүхдээ төрүүлсний дараа умдаг яс нь салаад гурван ч удаа хагалгаанд орсон байв. Хөхөнд нь үүссэн жижигхэн бэрсүүг жирийн “горьдсон хөхний сүүний зангилаа” гэж бодсон ч, эрт илрүүлгийн үзлэгээр сумын эмч Галбадрах “хорт хавдар байх магадлалтай” хэмээн хот руу яаралтай илгээжээ. Эдийн шинжилгээний хариу “хортой” гэж гарсан тэр мөч амьдралынх нь утга учрыг орвонгоор нь эргүүлсэн өдөр байв.

“Хэзээ би үхэх бол гэж л бодсон. Хоёрхон настай бага хүүхдээ харж уйлсан. Гэхдээ дараа нь би ойлгосон: ингээд байвал үхэх нь тодорхой. Харин тэмцэж байгаад л амьд үлдэх юм байна гэж шийдсэн” хэмээн тэр дурсана.

Пүрэвдолгор багш есөн удаагийн хими эмчилгээнд орж, баруун хөхөө бүхэлд нь авахуулжээ. Гэвч сорил тэнд дууссангүй. 2024 онд зүүн бөөрний дээд булчирхай, 2025 онд шулуун гэдэсний төгсгөлөөс хоргүй хавдар авахуулах хагалгаанд орсон байна. “Гурван хавдар хоорондоо холбоотой эсэхийг эмч нар ч баттай хэлж чадахгүй байгаа. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон: өвчин зөвхөн биед биш, сэтгэлд эхэлдэг юм байна.” гэж тэр ярилаа. Эмч нарын дэмжлэг, шинэ технологиуд, хамгийн чухал нь өөрийгөө дотроосоо анагаах сэтгэл зүй нь түүнд хүч өгчээ.

Сэтгэл зүй, амьдралын итгэл – хамгийн чухал эмчилгээ

“Өвдсөн ч өвдөөгүй юм шиг амьдаръя, миний төлөө гэсэн хүмүүсийн урмыг хугалж болохгүй” гэдэг бодол нь өдөр тутмын амьдрал, хүүхдүүдтэйгээ ажиллахад нь хүч өгч байв. Тэрээр өөрт учирсан бэрхийг бусдад өгөх зориг болгож, хавдартай хүмүүст итгэл, урам өгөх хэрэгтэйг ойлгожээ.

Эмчилгээнд нь орон нутгийн болон төвийн эмнэлгийн чадварлаг эмч нар том үүрэг гүйцэтгэсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дагдан, Чанцалдулам, Өлзийсайхан эмч нар, сувилагч Дуламсүрэн, ХСҮТ-ийн хөхний тасгийн Одбаяр, бөөрний тасгийн Эрдэнэбулган, ерөнхий мэс заслын Эрхэмбаяр, гэмтлийн Гантулга эмч нарын мэргэжлийн туслалцаа нь Пүрэвдолгорын бие, сэтгэл хоёрт тэнцвэртэй дэмжлэг болжээ. “Гурван хагалгааны ард гарчихаад өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болсон” гэдэг нь түүний туулсан замналын хамгийн тод илрэл юм.

Г.Пүрэвдолгорын түүх нь Монголын олон эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд өөрийгөө шалгах, эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэйг харуулж байна. Эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүл, нийгмийн орчин нь хавдартай тэмцэх хамгийн чухал хүчин зүйлс бөгөөд өвчний эрт илрүүлэг амьдралыг аврах түлхүүр юм.

Түүний амьдралын туршлага нь зөвхөн нэг эмэгтэйн тэмцэл биш, Монголд хөхний хорт хавдар, бусад хавдрын талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг илтгэнэ. Өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө өөрийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг Пүрэвдолгор онцлон өгүүллээ.

“Мянган сайн эмч байлаа ч өөрийгөө хайрлаж чадахгүй бол нэмэргүй. Өөрийгөө дотроосоо анагаахгүй бол гаднаас ямар ч эмчилгээ тус болохгүй” гэдэг нь Г.Пүрэвдолгорын хамгийн үнэтэй сургамж байлаа.

Судалгаагаар илэрсэн бодит байдал

Архангай аймгийн зорилтот насны эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар хөхний хорт хавдрын талаарх мэдлэг, хандлага болон эрт илрүүлэгт хамрагдалтын түвшинд тодорхой зөрүү байгааг харуулжээ. Судалгаанд нийт 536 эмэгтэй хамрагдсан бөгөөд оролцогчдын 37.1 хувь нь 30–40 насныхан байсан байна.

Иргэн У: 2022 онд хөхний хавдрын үзлэгт сумандаа хамрагдсан. Хөхөө шалгуулаадах гэж дуудахаар нь очсон. 4, 5 жилийн өмнө 38 настайдаа нэг шалгуулсан. Урьдчилан сэргийлэх үзлэг гэж ойлгосон. Ер нь хөхний хорт хавдрын талаар мэдлэг мэдээлэл байхгүй. Үзлэгт орсноос хойш хөхөө өөрөө шалгаж үздэг болсон гэлээ. 

Судалгааны үр дүнгээс харахад, хөхний хавдрын талаарх ойлголт дунд зэрэг түвшинд байгаа ч, мэдээлэл дутмаг байдал байсаар байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 40 хувь нь хөхний хавдрын шинж тэмдгийг зөв мэддэг бол, 60 орчим хувь нь буруу ойлголттой эсвэл мэдэхгүй гэж хариулжээ.

Эрт илрүүлгийн хамрагдалтын түвшин мөн төдийлөн хангалтгүй байгаа нь анхаарал татаж байна. Судалгаанд оролцогчдын 57.1 хувь нь хөхний хавдрын эрт илрүүлэгт хамрагдсан, харин 40 гаруй хувь нь огт хамрагдаж байгаагүй гэжээ. Хамрагдсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 72 хувь нь сүүлийн гурван жилийн дотор, харин 10 орчим хувь нь 5-аас дээш жилийн өмнө үзлэг хийлгэсэн байна.

Мөн судалгаанд оролцогчдын 60 хувь нь аймаг, сумын төвөөс 10 км дотор амьдардаг ч, алслагдсан багийн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага хэвээр байгаа аж. Тэдний 60 хувь нь унаа тээврийн хүндрэлтэй, 65 хувь нь эмчид цаг авахад бэрхшээлтэй, 62.6 хувь нь үзлэгийг гэрээр хийвэл илүү тохиромжтой гэж үзжээ.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүд хамтран эх баригч, бага эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол сургалтад хамруулж байна. 2023 онд зохион байгуулсан “Өөрийгөө хайрла — шинжилгээгээ хийлгэе” аяны хүрээнд 1,500 гаруй эмэгтэй үнэ төлбөргүй үзлэгт хамрагдаж, 12 тохиолдлыг эрт үед нь илрүүлсэн нь бодит ахиц гарсныг харуулж байна.

 

Эдгээр тоо баримт Архангайн эмэгтэйчүүдийн дунд мэдлэг, хандлага, эрт илрүүлгийн идэвхийг нэмэгдүүлэх шаардлага байгааг илтгэж байгаа бөгөөд орон нутгийн эмч, мэргэжилтнүүд энэ чиглэлд тууштай ажиллаж байна.

Эрүүл мэндийн үзлэгийн хамрагдалт өсч байна

Архангай аймагт хөхний хавдрын эрт илрүүлгийн хамрагдалт сүүлийн жилүүдэд огцом өссөн:

  • 2021 онд 58%

  • 2022 онд 59%

  • 2023 онд 84.3%

  • 2024 онд 98.2%

  • 2025 оны IX сарын байдлаар 67.4%

Энэ нь зөвхөн тоо биш, эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлага ч сайжирсныг харуулж байна. 2023 онд 92, 2024 онд 204, 2025 онд 103 эмэгтэйд тодорхой өөрчлөлт илэрч, бүгд сум, өрхийн эмчийн байнгын хяналтад оржээ.

 

Шинэ технологи, эмчилгээний боломж

Эрүүл мэндийн даатгалын хүрээнд сум, өрхийн эмнэлгүүдэд нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээ багтсан үйлчилгээг авах боломжтой боловч аймгийн эмнэлэгт зөвхөн хөхний эхо шинжилгээ хийх боломжтой байна. Харин хөхний маммограм болон эдийн шинжилгээг хийхэд Улаанбаатар хотын эмнэлгүүд рүү очих шаардлагатай бөгөөд хувийн хөхний клиникүүдэд маммограмын үнэ 50-60 мянган төгрөг байна.

Эмч Ц.Оюунгэрэл хэлэхдээ: “Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл бүрэн эдгэрэх боломж 90%-аас дээш байдаг. Жилд нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлэх нь амьдралыг аврах хамгийн энгийн арга” гэж зөвлөв.

Монгол Улсад хөхний хорт хавдрын байдал ямар байна вэ?

2024 онд Монгол Улсад 401 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 4.9%-ийг эзэлж байна. Эрэгтэйчүүдэд маш ховор (0.1/100,000 хүн ам). Эмэгтэйчүүдийн дунд 100,000 хүн амд 11.7 тохиолдол илэрчээ. Өвчлөл нь Хойд, Төвийн бүс, Улаанбаатар хотод өндөр, Говийн, Баруун, Хангайн бүсэд бага байна. Аймгуудаас Говьсүмбэр, Дархан-уул, Булган аймаг өвчлөл өндөр үзүүлэлттэй байна. Архангай аймагт 6.4/100,000 хүн амд ногдож байгаа нь улсын дунджаас бага байгаа юм.

 

Нас баралт нь эмэгтэйчүүдэд зонхилж, 2024 онд 105 эмэгтэй нас баржээ. Архангай аймагт 2023-2025 онуудад хөхний хорт хавдраас шалтгаалсан нас баралтын тохиолдол гарчээ. Монголд хөхний хорт хавдрын өвчлөл, нас баралт хэдийгээр дэлхийн дунджаас болон Ази бүсийн дунджаас бага байгаа ч хөхний хорт хавдар нь Монголд эмэгтэйчүүдийн дунд зонхилох хорт хавдрын нэг хэвээр байна.

Хөхний хавдар эмчлэгдэх боломжтой

Мөн л хорт хавдартайгаа тэмцэж яваа Б.Цэцэгмаа хэлэхдээ: “Эхэндээ айдас төрж байсан ч эмч нарын зөвлөгөө, урам зориг надад хүч өгсөн. Хөхний хавдар эмчлэгдэх боломжтой гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Тиймээс эмэгтэйчүүд минь бүү хойшлуул, үзлэгтээ заавал хамрагдаарай.” гэв.

Түүний нөхөр С.Бат-Орших нэмж хэлэхдээ: “Эхнэрээ дагаж үзлэгт хамрагдахдаа өөрөө ч эрүүл мэндийнхээ талаар олон зүйл ойлгосон. Эр хүн ч гэр бүлээ хамгаалахын тулд анхаарах хэрэгтэй юм билээ.” гэсэн юм.

Хөхний хорт хавдар бол “аймшигт өвчин” биш, эрт үедээ илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой юм. Архангай аймгийн туршлагаас харахад эрт илрүүлэг, мэдлэг, хамтын анхаарал гурвын нэгдэл хүний амийг аварч чадна.

Хөхөө шалга, амьдралаа хамгаал

 

  1. Хөхөө сар бүр шалгах дадлыг хэвшүүл.

  2. Хөхний хэлбэр өөрчлөгдөх, бэрсүү тэмтрэгдэх, хөхний толгойг шахахад идээ, цус гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид ханд.

  3. Жилд нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлэх, шаардлагатай бол маммографийн шинжилгээ хийлгэх.

  4. Эрэгтэйчүүд ч гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, хамт үзлэгт хамрагдаарай.

“Хавдар тусахаасаа өмнө би зорилгогүй, итгэлгүй, зориггүй хүн байсан. Гэхдээ энэ өвчнийг зөвөөр хүлээж авч чадсан нь миний амьдралын хамгийн том сургамж болсон” гэж Г.Пүрэвдолгор ярьсан юм. Өвчин түүнийг сөгдүүлээгүй, харин босгоод ирсэн. Тэр амьдрал ямар үнэ цэнтэйг, өчигдрөөсөө илүү амьдрахын төлөө яаж зүтгэхээ мэдэрчээ. “Одоо би юмыг зөв талаас нь хардаг болсон. Тэвчээр гэж ямар агуу зүйл болохыг мэдэрсэн” хэмээн хэлэхэд дуу хоолойнд нь итгэл дүүрэн байв.

Архангай медиа групп. Сэтгүүлч О.АМАРЗАЯА

Нийтлэлийг бичихэд хамтран ажилласан: Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын

халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.БАЙГАЛМАА

 

1625   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох