Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2024-10-23

Ц.БАЯРХҮҮ: ОЮУН САНААНЫ ЭРЧИМ, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ, БИЕИЙН ЭРЧИМ ГУРАВ МАШ ЧУХАЛ

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн, пауэрлифтингийн спортын гавьяат тамирчин Цэрэндамбын Баярхүүг “Хүний түүх” буландаа онцолж байна.

Тэрээр Өндөр-Улаан сумын сургуулийн 8-р ангийг 1987 онд төгсөөд, Дүрслэх Урлагийн дунд сургуульд элсэн орж, зураач мэргэжлээр 1991 онд, архитекторч мэргэжлээр 1995 онд төгсчээ. Мөн Удирдлагын академид магистрын боловсрол эзэмшин, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. “Пирамид” компаний захирал, Монголын Их Хөгжлийн Холбооны тэргүүнээр ажилладаг. Зургаан хүүхэдтэй өнөр бүлийн өрхийн тэргүүн. Эхнэр Ц.Нарангэрэл нягтлан бодогч.

Товчхон намтрыг нь ийнхүү танилцуулаад түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

-Зураач, бас тамирчин болоход хүүхэд насны он жилүүд хэрхэн нөлөөлөв? -Миний аав З.Цэрэндамба зураг урлал-технологийн багш, ээж Б.Заминдийсүрэн бага ангийн багш байсан. Аавын зургийн авьяас надад удамшсан. Сургуульд байхад ханын сонин, ээжийнхээ хичээлийн үзүүлэнгийн зургийг их зурна. Шинэ жилээр сумын захиргаанаас ханын сонины уралдаан зарладаг байв. Түүнд зураг зурдаг, зурах сонирхолтой томчууд, хүүхдүүд гээд олон хүн оролцоно. Ирсэн бүтээлүүдийг сумын клубын ханаар дэлгэнэ. 8-р ангид сурч байхдаа энэхүү уралдаанд  тэргүүн байр, аав 2-р байр, пионерийн удирдагч багш маань 3-р байр эзэлж байсан түүхтэй. Энэ бүгд надад зурах авьяасаа хөгжүүлэхэд нөлөөлсөн.

Айлын том хүү учраас аавтайгаа ууланд гарч галын түлээгээ бэлтгэнэ. Өвөл голоос мөс  үүрнэ. Худгаас 40 литрийн 2 бидон түрдэг тэргэн дээр зэрэг тавиад ус авна. Тэр үеийн сурагчид нийгмийн тустай ажилд их оролцдог байлаа. Сургуулийнхаа галлагааны түлээг анги ангиараа хуваарилж аваад хөрөөднө. Намар нэгдлийн өвс хураах, хашаа барих ажилд дайчлагдана. Зун нь хөдөлмөр зусланд явж, хонь саах, цагаан идээ хийх ажилд тусална. Багш нарт сургуулийн захиргаанаас түлээний норм өгнө. Түүнийг нь биелүүлнэ. Бөхийн дугуйланд хичээллэдэг байлаа. Цэрэг-спортын “Дөл-Шонхор” тоглолтын багт 6-р ангидаа элсэж, аймаг бүсийн тэмцээнд багаараа амжилттай оролцдог байлаа. Энэ бүх ажил хөдөлмөр бие бялдраа хөгжүүлэхэд бас нөлөөлсөн дөө.

-Тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулав ?

-16 настай Дүрслэх Урлагийн дунд сургуулийн 1-р курст элсэн орсон тэр жил аав маань нас барсан. Ээждээ тус болж, гурван эрэгтэй дүүгийнхээ цаашдын амьдралыг зөв чиглүүлэх хүндхэн үүрэг оногдсон. Зуныхаа амралтаар аавынхаа үлдээсэн мотоциклийг унаад тарваганд явна, арьсны наймаа хийнэ. Урд хөршөөс эм оруулж, Чулуут, Мөрөн, Тариат сум руу борлуулна. Мөн төмрийн дархан ч хийдэг байлаа. Бараагаа цагаан идээгээр солино. Идээгээ УБ-т авчирч зардаг байв. Өвлийн тэсгэм хүйтэнд үнэгэн малгай, ямаан дах  өмсөөд, ачааны машины тэвшин дээр хот руу явсан тохиолдлууд олон доо.

1-р курстээ хотод айлын хашаанд бага гэр бариад суусан. Өдөр нь хичээлдээ яваад, шөнө нь захиалгат зургуудаа зурдаг байлаа. Гэтэл шөнөжин гэрэл унтраасангүй, тогны мөнгө их гарлаа  гэж  айлын эзэн загнаж, хөөгдлөө. Ингээд  албан байгууллагын манаач, жижүүрүүдийг  гуйж, царайчлан хонодог байлаа.

Пауэрлифтинг эрсдэлтэй спортын төрөлд багтдаг. Бэлтгэл сургуулилтын явцад хэд хэдэн удаа бэртэл авч байсан. Хамгийн сүүлд 2022 онд нэлээд хүнд гэмтэж зургаан сар хэвтэрт байсан.

-Мөнгөтэй, баян оюутан байсан гэдэг. Тэр тухайгаа сонирхуулаач?  

-Орос хэлний Адъяасүрэн багшийнхтай манайх хөрш айл байлаа. Тэднийхээр би орж, гарна. Тэр багш охиндоо мөнгө хадгалах, хуримтлуулах ач холбогдлын талаар их зөвлөнө. Түүнээс санаа авч, оюутан болоод орлогынхоо 50%-ийг хадгаламжинд хийдэг болсон. Оюутнуудын бие даалтын ажлын зургийг их зурдаг байлаа. Анагаахын оюутнууд хүний биеийн бүтэц, эрхтнүүдийн, багшийн сургуулийн оюутнууд сургалтын үзүүлэнгийн, ШУТИС-ийн оюутнууд архитектурын зураг зуруулна. Байгууллагуудаар явж зургийн захиалга авч зурна. Нэг зургаа 10-50 төгрөгөөр үнэлнэ. Оюутны стипенд 460 төгрөг байсан. Сарын орлого 1000 орчим төгрөг гэдэг нь тухайн үедээ их мөнгө байлаа. 1-р курсын  амралтаар гэртээ харихдаа ээждээ 800 төгрөгөөр дээлийн хамба хилэн гадартай, эмээ, өвөө, дүү нартаа бүгдэд нь бэлэгтэй очиж байлаа. Тэр үед  хамба хилэн, саатай торго моодонд орж, хөдөөгийн хүүхнүүд нэг дээлийн гадрыг нэг бодоор худалдаж авдаг байсан. Мөнгө хуримтлуулснаар дүү нарынхаа сургалтын төлбөр, хувцас хэрэглэлийг дааж, орон гэртэй болгосон. Дүү Ц.Мөнхжаргал сантехникийн, Ц.Мөнх-Алдар биотехнологийн, Ц.Мөнхбат барилгын зургийн чиглэлээр компани байгуулж, амжилттай сайн явж байна даа.

-Пауэрлифтингийн спортоор яагаад хичээллэх болов? Амжилтуудаасаа дурдвал?

-Багаасаа л хүч тамирын ажил их хийдэг байж. Үхэр тэргэнд хөллөх шаргүй тул уулнаас мод бэлтгэхдээ өөрөө шар болоод тэргэнд зүтгэнэ. Оюутан болоод бөхийн спортоор хичээллэх сонирхолтой байсан ч зураач хүний гар эвдэрнэ  гээд багш нар хориглосон.             

2-р курст сурч байхад бодибилдингийн клуб анх нээгдэж, тэнд хичээллэн, 2007 онд аймгаа төлөөлөн анхны тэмцээнд оролцож байлаа. Спорт бол амьдралд тохиолдох бэрхшээлийг ялах эрч хүч өгдөг. Энэхүү спортоор шантралгүй хичээллэж, Дэлхийн хошой, Ази тивийн есөн удаагийн аварга болсон. Мөн дэлхийн аваргын тэмцээнээс хошой мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн амжилтыг төр засаг маань үнэлж, 2024 онд Монгол Улсын Гавьяат тамирчин гэсэн эрхэм хүндтэй шагналаар шагнасан.     

                                                           

-Чөлөөт цагаараа юунд илүү төвлөрдөг вэ? 

-Бичих, мундаг хүмүүстэй хууч дэлгэх, ном унших дуртай. Амьдрал, тэмцлээс ухаарсан, ирээдүйд ирэх Бумбын Эриний тухай ном бичиж байгаа. Афоризм бас бичнэ. 2014 онд “Хөх бичиг” нэртэй шүлгийн ном гаргасан. 20-иод дууны шүлэг бичсэнээс 10 гаруй шүлгэнд нэрт хөгжмийн зохиолчид ая хийсэн.  “Жаргал дүүрэн орон” дууны шүлэгт хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ая хийж, “Морин хуур-2020” наадмын Гран При хүртсэн. ”Санахын цаадхи нутаг” нэртэй дууны шүлэгт Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ая хийж, ”Морин хуур-2021” наадмын мэргэжлийн дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн. ”Бурханы энтэй ижий”  шүлэгт  нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай ая хийсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Д.Цэвээнравдан, С.Жамъян, Б.Алтанхуяг. Б.Бямбабаяр нарын ая хийсэн “Чиний төлөө нар манддаг”, “Хайраа юүлж үлдээе дээ”, “Уулзаж нэг золгоё доо”, “Хөрстийн хоосон чанар”, “Хайргүй байхын аргагүй”, ” Монголын их хурай “зэрэг дуунууд бий.

-Архитектор хүний хувьд эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад ямар хувь нэмэр оруулсан бол?

-1996-1997 онд мянганы замын зураг төслийг хийж, Барилгын яаманд хүлээлгэн өгсөн. Тухайн үед зарим хүмүүс “Мянганы зам Мянгуужингийн үлгэр болно” гэж бичиж байлаа. Гэтэл үлгэр биш бодит ажил болсон. 1995-2005 онуудад хувьчлагдсан барилгуудыг засварлах ажлуудад гар бие оролцсон. Голомт банк, Баянгол зочид буудлын ресторан, Төв шуудан, Швейцарийн төлөөлөгчийн газар, Эрдэнэтийн УБ хот дахь төлөөлөгчийн газрын барилга болон нийтийн орон сууцны хэд хэдэн барилгыг сэргээн засах, шинээр барих ажлын зургуудыг хийсэн.

-Уншигч, олон нийтэд хандаж хэлэх таны үг?

-Хүн бүр багш. Хүнээс юуг авч хураах нь таны ухаан. Хэт сайн, хэт муу зүйл рүү туйлширч болохгүй. Тэнцвэр, балансаа хадгалах нь чухал. Хүнд оюун санааны эрчим, сэтгэлийн тэнхээ, биеийн эрчим гурав маш  чухал. Хоолыг зажилж иддэг шиг, номын утгыг ухаарч унш. Олон ном унших нь биш, номноос юуг ухаарсан нь чухал. Цахим орчин салхи шиг санагддаг. Зөв хүн зөв зам руу дөхөхийг буян гэж ойлгодог. Тавилттай жүжиг шиг битгий амьдар.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

   Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

572   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох