Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2024-10-15

ЖААЛХҮҮ

Бяцхан хүү сургуульд орлоо

Баяр бахдлаар дүүрэн байлаа

Том оо сургуулийн хаалгыг

Торохгүй онгойлгож чадаж байлаа

Том болсон санагдаж баярлав.

 

Зургийн хичээл ороход

Жаалхүү баярлав

Арслан, бар

Тахиа, үнээ

Усан онгоц, галт тэрэг

Бүгдийг зурах дуртай хүү

Будгаа бариад зурж эхлэв.

“Хүлээ” гэж багш хэлэв

Хүссэн бүхнээ зурахгүй гэлээ

“Цэцэг зурна” гэж багш хэлэв.

Цэцгэнд дуртай хүү

Хөгжүүн болов

Хөх, шар, ягаан будгаа гарган

Хөдөө талын цэцэг зурлаа.

“Хүлээ” гэж багш хэлэв

Хөлтэй самбарт өөрөө зурав

Яаж зурахыг заана гэлээ.

Яг намайг дуурай гэв.

Улаан дэлбээ, ногоон иштэй

Ургаж байгаа цэцэг зурлаа.

 

“За эхлээрэй” гэж багш хэлэв

Заавал адил зураарай гэв.

Багшийн цэцгийг хүү харлаа

Бас өөрийнхөө зурсныг ч харлаа.

Өнгө алаглуулан зурсан

Өөрийн нь цэцэг гоё байсан ч

Өрөөл бусдад зарлан хэлсэнгүй

Хуудсаа эргүүлэн дахин эхлэв

Хуулан зурах цэцгээ ажив.

Улаан дэлбээ, ногоон иштэй

Ургаж байгаа цэцэг зурлаа.

Хөдөлмөрийн хичээл ороход

Хүү баярлав, хөгжин баясав.

Могой, цасан хүн

Заан, сармагчин

Машин, онгоц

Бүгдийг хийх дуртай хүү

Шавар бөмбөлгийг

Сунгаж татаад элдэж эхлэв.

“Хүлээ” гэж багш хэлэв

Хүссэн бүхнээ хийхгүй гэлээ

“Таваг хийнэ” гэж багш хэлэв.

Таваг хийх амархан санагдав

Том, жижиг, зууван, дугуй

Олон таваг хийхээр шийдэв

“Хүлээ” гэж багш хэлэв

Бөмбөлөг аваад гартаа эргүүлэв.

Бөөрөнхийлж хавтгайлан үзүүлэв.

Яаж хийхийг заана гэлээ.

Яг намайг дуурай гэв.

Хүнхэр нэгэн таваг хийлээ

Хүүхэд бүрийг дуурай гэлээ

“За эхлээрэй” гэж багш хэлэв

Заавал адил хийгээрэй гэв.

Багшийн тавгийг хүү харлаа

Бас өөрийнхөө хийснийг ч харлаа.

Илүү гоёыг хийснээ хүү мэдсэн ч

Ил гарган хэлэхийг хүссэнгүй

Том жижиг, зуувин дугуй тавгаа

Тоомжиргүй базан бөөрөнхийлэв.

Хүнхэр тавгийг хүү хийв

Хүний хийснийг дуурайж сурав.

 

Тэгсгээд хүү ажиж сурлаа

Тэвчээр суун хүлээж сурлаа,

Багшийгаа яг дуурайж сурлаа.

Бас өөрөө хийхээ болив.

 

Гэтэл жаал хүү

Өөр хот руу шилжин нүүв

Өөр сургуульд шилжин сурав

Томоос том сургууль байлаа

Өндөр шатаар авирч

Өргөн хонгилоор явдаг болов.

Шинэ  сургуулийн анхны өдөр

Ширээн дээрээ хүү тухлав

Зургийн хичээл орно гэлээ

Зураач хүү баярлан хүлээв.

Багшийн зааврыг хүү хүлээв

Хүүгийн зурахыг багш хүлээв.

Зурах дуртай юу? гэж багш асуув.

Юу зурах вэ? гэж хүү асуув

Хүссэнээ зурахыг багш хэлэв

Хүслээрээ будахыг давхар сануулав.

Хүүхэд бүхэн өөр болохыг

Хийсэн ажлаас нь харахыг хүсэв.

Цэцгэнд дуртай хүү

Хөгжүүн болов

Хөх, шар, ягаан будгаа гарган

Хөдөө талын цэцэг зурлаа.

Шинэ сургуульдаа шинийг сурлаа.

 

 

 

 

 

 

 

Орчуулсан: Б.ЛХАМЪЯА

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин

Зургийг: Цагцай уран зургийн дугуйлан фэйсбүүк хуудас, MNB.mn сайтаас.

 

59   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох