Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2024-10-01

ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ СУДАЛГАА, ТӨСӨВ ХӨРСӨН ДЭЭР БУУХГҮЙ БАЙНА

Зуны дунд сар, наадмын дараахан. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хужиртын даваа орчмын ой хүрэнтэн үзэгдэнэ. Уул дамнан үргэлжлэх мод зарим хэсэгтээ ногоон, дийлэнх нь хүрэн. Энэ бол ой хөнөөлт шавжинд нэрвэгдсэн байдал юм.

Зураг: Архангай аймгийн Ихтамир сумын нутаг. Хужиртын даваа орчим.2024.07.15

АРХАНГАЙ АЙМГИЙН СУМДЫН 78.9 ХУВЬД ХӨНӨӨЛТ ШАВЖ ТАРХЖЭЭ

Архангай аймаг бол Монгол Улсын ашиглалтын бүсийн ойн сантай таван аймгийн нэг юм. Энэ жил Архангай аймгийн дөрвөн сумаас бусад 15 суманд буюу 78.9 хувьд ойн хөнөөлт шавж тархжээ.

Ойн хөнөөлт шавж, өвчний энэ хаврын судалгааны ажлыг Сум дундын ойн ангийн инженер, техникийн ажилтан, байгаль хамгаалагчид нүдэн баримжааны аргыг ашиглан 510 мян.га талбайд хийсэн байна. Судалгааны дүнгээс үзэхэд 15 сум (Цахир, Эрдэнэбулган, Хашаат, Өгийнуур сумаас бусад)-ын 391 мянган га талбайд хоёр төрөл /якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй/-ийн хөнөөлт шавж хөнөөлийн голомт үүсгэж, ой модонд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон байна. Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 14 сумын ойн санд нийт 102 мянга орчим га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг тавдугаар сараас долдугаар сарын дунд үе хүртэл хийсэн байна. Ингэхдээ агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан 86-95 хувийн техникийн үр дүнтэйгээр гүйцэтгүүлээд байна гэжээ. Гэвч энэ нь ойн хөнөөлт шавж тархсан талбайн дөнгөж 26 хувийг хамруулсан үзүүлэлт аж.

Манай улсад ойн хөнөөлт шавжтай тэмцэх онгоц ганцхан байдаг. Улсын хэмжээнд зөвхөн Өвөрхангай (28,000 га), Архангай (69,000 га), Нийслэлийн ногоон бүс буюу Богд ууланд (3,000 га) агаараар тэмцлийн ажил хийгдсэн тухай албаны эх сурвалж цахим сүлжээнд нийтэлжээ.

Тэмцлийн ажил хийснээс хойш шавжийн зүйлээс хамааран 15-21 хоногийн дараа ойн модод сэргэн ургадаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ихтамир суман дахь Сум дундын ойн анги 2024.06.29

-Улсын хэмжээнд нийт 735 мянган га талбай ойн хөнөөлт шавжид өртсөн. 2022 онд 69,000 га, 2023 онд 287,000 га, 2024 онд 330,000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна. Ихтамир сум 120097 га ойн сантай ба үүний 75000 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан бөгөөд 2024 оны улсын төсвийн хөрөнгөөр 8000 га талбайд тэмцлийн ажил хийгдээд байна.

Эрүүл Ой 2024.07.09

-Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам, ЗГХА Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг групп (ICCF Group)” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн Тариат суманд 6.000 га ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр хийж дууслаа. Хамтарсан төслийн хүрээнд нийтдээ 61 мянган га ойн санд агаарын тэмцлийн ажил хийгээд байна. Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг ”Залуу Төгөл” ХХК, “Томас Эйр” ХХК болон Архангай аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэлээ.

Ихтамир суман дахь сум дундын ойн анги 2024.07.13

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг групп (ICCF Group)” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой төсөл”-ийн хүрээнд Ихтамир суманд 8000 га талбай буюу 560 сая төгрөгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийгдэх гэж байна.

ТЭМЦЛИЙН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТУХАЙ ИРГЭД, МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ХЭЛЭВ?

-Тариат сумын Байгаль хамгаалагч В.Энэбиш: Сэргэлт алаг цоог байна. Сумын төвийн урд Суварга, Элс тохойн мод сэргэсэн ногоорч байна. Цагаан нуур алаг цоог. Хорны найрлага, цацалтаасаа болдог юм болов уу. Онгоцонд суугаад явъя гэхээр ганцхан нисгэгч нь суудаг. Салхины нөлөөлөл байдаг байх, 50-70 хувь орчим сэргэлттэй байна.

Тариат сумын Алтаад, Мөрөн багийн байгаль хамгаалагч А.Даваацэрэн: Хор цацсаны дараах сэргэлт алаг цоог байна. Зарим газраа гайгүй сэргэсэн байна. Салхины нөлөө байдаг байх. Онгоцоор хор цацсан зарим газрынх нь сайн сэргээгүй. Ер нь бүгдэд нь л цацах хэрэгтэй. Бид төсөв мөнгөний хэмжээгээрээ л хор цацуулсан.

Тариат сумын Байгаль орчны улсын байцаагч Р.Батхүү:

Архангай аймгийн Тариат сумын нутагт агаарын хөлөг ашиглан 6.0 мянган га талбайд 2024 оны 7-р сарын 7-9-ний хооронд ойн хортон шавжтай “Залуу төгөл” ХХК тэмцэл хийсэн ба хөндлөнгийн хяналт мониторингийг орон нутгийн төлөөлөл БОХУБайцаагч Р.Батхүү, байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Ашид Ананда” ХХК нар хамтран 2024 оны 7-р сарын 24-нд хийж гүйцэтгэлээ. Хяналтын дээж талбайн үр дүнг үзэхэд мод нөхөн сэргэж эхэлж байна.

Алтаад, Мөрөн багуудын ойн сан бүхий талбайд Ойн газрын гэрээтэй “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачлага” ТББ-ын ойн инженерүүдтэй ойн хортон шавжийн судалгааг хийхэд ойн сангийн 50-75 хувь нь хортонд нэрвэгдсэн дүн гарлаа.

Тариат сум 89911га ойн сантай. Тариат сум 2022 оны самрын орлогоос 170 сая төгрөгийн санхүүжилтээр 2023 онд 4250 га-д ойн хөнөөлт шавжийн устгал, тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Утаат үүргийн багажаар “Залуус төгөл” ХХК хийсэн. 2024 онд нэмэлтээр 3000га-д хийж өгсөн. 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр 6000га-д хөнөөлт шавжийн устгал БОАЖЯ-ны захиалгаар онгоцоор, мөн сум давсан орлогоосоо 40 саяар 1650 га-д онгоц ашиглан 5 удаагийн нислэгээр устгал хийсэн. Үр дүн химийн бэлдмэл нь сайн, бактерын бэлдмэл нь үр дүн удаан гэсэн. Сумын 40 саяар химийн бэлдмэлийн устгал хийсэн. Сумын 7 багийн 6 багт ойн хөнөөлт шавж тархсан.

-Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин М.Энхтуяа: Өнгөрсөн зуны ойн шавж устгал санасанд хүрсэнгүй. Урд жилүүдэд хийгддэг устгалын дараа 7 хоногийн дотор өнгө засаад ногоорчихдог байсан. Энэ жилийнх нэг их нөлөөлөөгүй. Хорных нь чанар муу байсан уу, яасан. Улсаас төсөв санхүү гаргалаа л гэсэн, зарим багийн нутаг дэвсгэр ороогүй. Хануй, Азарга багуудад огт хийгдээгүй. Өмнөх жилийн судалгааг харгалзаад л танай багт хийхгүй гэсэн гэж Засаг дарга хэлж байсан. Иргэд дундаасаа мөнгийг нь гаргаад хор цацуулья гэдэг санал гарч байсан, сум дорвитой хариу гаргаагүй.

-Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг дарга Т.Ууганбаатар: Модонд хор цацсан ажил үр дүнгийн хувьд тааруухан болсон. Сумын төвийн урд талаар жаахан гайгүй сэргэж байна. Жарантай толгойгоос дээшээ үр дүн муутай байна. Иргэд хор цацсан ажилд сэтгэл дундуур байгаа. Ахиж арга хэмжээ авахгүй бол үр дүн муутай байна гэлцэж байсан.

ТЭРБУМ ТЭРБУМААР “ЦАЦСАН” ХОР ТӨЛӨВЛӨСӨН ТАЛБАЙД ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА

Энэ жил ойн салбарын 100 жил тохиож байгаатай холбоотойгоор ойд зохих анхаарал хандуулж, 45 тэрбум төгрөг төсөвлөлөө хэмээн албаныхан мэдээлэв. Үүний 20 гаруй тэрбумыг 700 гаруй мянган га талбайн хөнөөлт шавж устгахад зарцуулахаар төлөвлөжээ.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд улсын төсвөөс 20.2 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс гурван тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 2.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. “Рио тинто” ХХК-тай хамтран  хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд хувийн хэвшлийн санхүүжилтээр тэмцэх ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж байна. Энэхүү төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд тэмцлийн ажилд долоо орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.

Хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайн хэмжээ их байх тусам төсөвт хүндрэл учирч эхэлдэг. Хэт олшролын анхны үе шатуудад тэмцлийн ажлыг явуулж чадвал дараагийн жилүүдэд илүү том хэмжээний талбайд тэмцэх ажил хийгдэхээс урьдчилан сэргийлдэг.

Архангай аймгийн тухайд 2024 онд улсын төсвөөр 15 суманд 69 мянган га-д онгоцоор, 23  мянган га-д үүргийн шүршигчээр 6,2 тэрбум гаруй төгрөгөөр “Хатант Форест” ХХК, “Гранд Форест” ХХК, “Сайхан ойн төлөө” ХХК-иуд зуны хоёр сард нэмэлтээр Жаргалант суманд 7-р сарын 5-10-ны хооронд хийжээ. Орон нутгийн төсвөөр 10 мянга гаруй га-д “Тэгш дүүрэн ММОН” ХХК, “Номин хангайн төгөл” ХХК, “Гоён хангайн хишиг” ХХК, “Хатант Форест” ХХК, “Залуу төгөл” ХХК-иуд нийт 318 сая төгрөгөөр тэмцлийн ажил хийсэн байна. Дүгнэн тооцоолбол, 2024 онд Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд нийт 102300 га-д 6,6 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Архангай аймгийн БОАЖГ-ын жил бүрийн тайланд: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн шийдвэрлэж байгаа хэдий ч ойн хөнөөлт шавжийн тархалттай нийт талбайд зохион байгуулахад төсвийн хөрөнгө дутагдалтай байна гэж дурьджээ.

Ойн газрын мэдээлэл: Тэмцлийн ажлын арга технологи тус бүр дээр холбогдох стандартуудыг чанд мөрдөж ажиллах ёстой. Хугацаа хожимдох, байгаль цаг уурын хүчин зүйлээс шалтгаалан бүс нутагт бүрд шавжийн амин зүй өөрчлөгдөх, бэлдмэл бодисын чанар, ашиглаж буй техник тоног төхөөрөмжийн тохируулга, найдвартай ажиллагаа зэрэг олон хүчин зүйлүүд тэмцлийн ажлын үр дүнд шууд нөлөөлдөг. Тэмцлийн ажлын үр дүнг гурван үзүүлэлтээр тогтоодог. Техникийн үр дүнгээр тоо толгойн нягтшилын бууралтыг, ой хэрхэн ямар хугацаанд сэргэж байгаагаар экологийн үр дүн, экологи эдийн засгийн үнэлгээгээр ямар зардлаар ойг хамгаалав гэдэг эдийн засгийн үр дүнг тооцож гаргадаг.

Энэ жилийн хувьд микробиологийн аргаар агаарын хөлөг, үүргийн шүршигч ашиглан тэмцэх, өндөг хусаж цуглуулах, гэрлэн урхи дэлгэц тавих механик аргуудаар 341 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах тендерт тусгай зөвшөөрөл бүхий ойн мэргэжлийн 27 байгууллага түншлэл хэлбэрээр оролцон шалгаран тэмцэх ажлыг зохион байгуулсан.

СУДАЛГААНЫ ДҮНГ “ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ”

Архангай аймгийн БОАЖГ-ын тайлангаас: 2022 онд 15 суманд 29015 га-д тэмцэл явуулах судалгаа хийснээс 13165 га-д 321 орчим сая төгрөг төсөвлөж гүйцэтгэсэн.

2022 оны намрын судалгааны ажлыг 15 сумын 400.0 мян.га ойн сангийн талбайг хамруулан гүйцэтгэсэн. Судалгааны ажлын дүнгээс үзэхэд 15 сумын 78.3 мянган га ойн сангийн талбайд 2 төрөл /якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч/-ийн хөнөөлт шавж тархаж хөнөөлийн голомт үүссэнийг судалгаагаар тогтоосон байдаг.

2023 онд Архангай аймаг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 614 сая төгрөгийг шийдвэрлэж, 20 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулан ойн санг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2023 онд ойн сан бүхий 14 сумын 420.0 мянган га талбайд хийж гүйцэтгүүлсэн судалгааны ажлын дүнгээс үзэхэд 14 сумын ойн санд дөрвөн зүйлийн ойн хөнөөлт шавж 185 мянган га талбайд тархсаныг судалгааны баг тогтоосон.

2023 онд ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажлыг 59 мянга гаруй га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэлээр 61 мянга гаруй га талбайд зохион байгуулсан мэдээтэй байна. Харин Орон нутгийн төсвөөр 19.6 мянган га-д “Орхон жимгэр” ХХК, “Ноён хангайн хишиг” ХХК, “Номин хангайн төгөл” ХХК, “Тэгш дүүрэн ММОМ” ХХК, “Залуу төгөл” ХХК, “Ньюгрийн форест” ХХК, “Хатант форест” ХХК-иуд, улсын төсвөөр 42 мянган га-д “Сайхан ойн төлөө” ХХК, “Хатант форест” ХХК гүйцэтгэсэн.

Жаргалант сумын байгаль орчны улсын байцаагч Д.Батбаатар: 2023 оны судалгаагаар 10мянган га-д тэмцэл хийх тооцоо гарсан ч энэ онд 24,2 мянган га болж тэлсэн. Энэ нь сумын нийт ойн талбайн 13,5 хувийг эзэлж байна. Нэмэлт 13,0 га-гийн хөрөнгийг сумын 100 жилийн ойн өмнө нэлээд санал хүсэлт болж байж шийдүүлсэн. Тэмцлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23,0 мянган га-д “Хатант форест” ХХК онгоцоор, 1250 га-д сум өөрийн давсан орлогоос 49,5 сая төгрөгөөр гар аргаар хийсэн. Тэмцлийн үр дүн өндөр, 100 хувь сэргэсэн. Одоо намрын судалгаанд гарна. Самрын давсан орлогоос ахиухан төсөв тавиулж, ирэх жил гар аргаар л устгах байх. Уг нь онгоцоор тэмцэх нь үр дүн илүү юм билээ.

Сангийн сайд болон Байгаль орчны сайд нар хамтран баталсан, Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зардлын нормативаар онгоц ашиглан тэмцэх ажлын зардал 1 га талбайд онгоцоор тэмцэх ажлын зардал 73 мянган төгрөг байдаг аж. Энэ үнэлгээгээр тооцвол Жаргалант суманд 1,7 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ.

-Жаргалант сумын иргэн Н.Баяр: 1994 онд байх аа, мод хорхойд аймаар идүүлж байсан. Тэр үед хор цацаагүй орхиод мод үхээд, хатаад хөх болж үлдсэн. Сүүлд 1997 онд түймэр гарч сүйд болсон. Түүнээс хойш айхтар идэгдээгүй санаж байна. Энэ зун манай сумын ойн бараг 80-90 хувь нь хорхойд идэгдсэн байх аа. Онгоцоор, бас гараар утаагаар хор цацаад байсан. Онгоц олон удаа ниссэн. Ой ч сайн сэргэсэн. Саяхан мод руу өвсөнд явсан хүмүүс биеэр ширгэн шиг юм туураад гэлцэж байна лээ. Хор цацахаас өмнө ямар нэг анхааруулга олж мэдээгүй.

Архангай аймгийн Тариат сумын иргэн Б.Баатар: Модны хортон шавьж хорхой ийм их талбайг хамарч, ингэж ой мод ихээр өвчилж байсныг сүүлийн 40-өөд жил санахгүй байна. Архангай аймгийн арын сумдын нутгаар явдаг хүний хувьд зам дагуу хоёр жилийн өмнөөс Өндөр-Улаан сумын Донгойгоос нааш хорхой идсээр өнөө жил Тариат сумын Алтаад, Мөрөн, Бөөрөлжүүт, Цагааннуур багуудын ой модыг хорхой идсэн байна. Энэ нь 7 сараас маш эрчимтэй явагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил хор цацсан, тухайн үедээ эдгэрч сэргэж байх шиг байсан, өнөө жил талбай нь бүр нэмэгдсэн. Мөн л онгоцоор сумд өөрсдийн төсөв мөнгөөр хэр хэмжээндээ л хор цацуулах шиг боллоо. Гэвч үр дүн нь төдийлөн сайнгүй байна гэж хүмүүс ч ярьж байна. Алаг цоог сэргэж байна. Энэ хорхойг нь, цацаж буй хорыг нь судалдаг шинжлэх ухааны байгууллага байдаг л байлгүй. Ой модонд жимс түүсэн хүн биеэр нь юм туурч, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн гэдгийг нутгийнхан ярьж байсан. Өнөө жил мод руу орсон хүний хувцас хунарт маш их хорхой наалдаж орох боломжгүй байна гэж Алтаадынхан ярьж байна лээ. Иймээс энэ ойн хортон шавжтай тэмцэх ажлыг улс, аймаг анхаарч бүр нэг үр дүнтэй ажил хийгээсэй гэдгийг хэн бүхэн тэр тусмаа малчид их хүсэж байна даа.

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖНЫ ГОЛОМТ БА ТАРХАЛТ 

Ойн хөнөөлт шавжын тархалтанд тандалт судалгааг өмнөх жилүүдэд янз бүрийн байдлаар хийсээр иржээ. Өнгөрсөн он жилүүдэд хийсэн судалгаа ба түүний үр дүн дараах байдлаар гарсан байна. 

Дээрх судалгаанаас үзэхэд ойн хөнөөлт шавжийн голомттой талбай 591 мян.га-г давж, ойн хөнөөлт шавж, өвчний тархалт 2 607 407 га хүрсэн тохиолдол судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь манай орны нийт ойгоор бүрхэгдсэн талбайн ¼-тэй тэнцэх хэмжээнд хүрчээ. Дүгнэвэл: Монгол Улсын ой доройтож, ойн нөөцөд том аюул учирч, ой хөнөөлт шавжинд нэрвэгдэж буй байгалийн бодит гамшиг, ойн экосистем сүйрэлд орсныг илэрхийлж буй юм. 10 жилийн дотор тэрбум мод тарьснаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг 8 хувиас 9 хувьд хүргэх боломжтой гэж тооцоолж байгаа бол хөнөөлт шавжийн гамшигт нэрвэгдлийг зогсоохгүй бол урвуугаараа 2 жилийн дотор 2 тэрбум модоо эргэж сэргэхээргүй алдаж, ойн сан доройтсоор тэр чигтээ хээржих нөхцөл байдалд хүрэх юм.

Манай орны ойн 4 мод тутмын нэгийг идэж буй хөнөөлт шавж нь: 

  1. Сибирийн хүр эрвээхэй  /Demdrolimus sibiricusTSchetv/, 
  2. Өрөөсгөл хүр эрвээхэй  / Lymantria dispar L./, 
  3. Якобсоны төөлүүрч эрвээхэй / Erannis jacobsoni Djak./, 
  4. Эгэл бийрэн сүүлт эрвээхэй / Orgyia antique L./ 
  5. Бургасны хүр эрвээхэй / Leucoma salicis L./, 
  6. Моносны бүгэг,
  7. Шилмүүс хуйлагч юм. Эдгээр хөнөөлт шавжийн тархалт мөн судалгаагаар тогтоогдсон. 

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2024.06.08

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Хатант форест” ХХК нь Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Хотонт сумын 3000 га талбайд, Хайрхан суманд 2000 га талбайд тус тус тэмцлийн ажлыг гүйцэтгэж дууссан байна. Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан сумдад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна. "Хатант форест” ХХК, "Сайхан ойн төлөө" ХХК-ууд ИТА 11 ажилтан, улирлын түр 32 ажилтан буюу нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.

Ойн газрын мэдээлэл: Өнөөдрийн байдлаар ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж үйл ажиллаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс хамгийн туршлагатай тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй 12-15 аж ахуйн нэгж 8-12 жилийн хугацаанд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын гүйцэтгэж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд нислэг үйлддэг агаарын хөлгийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд 20 хүртэл жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчнүүд байдаг.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд 7 төрлийн стандарт мөрдөж ажилладаг. Тэмцлийн ажлын үр дүнг дээр дурдсан стандартын шаардлагад нийцэж буй эсэх дээр хяналт тавьдаг. Орон нутагт газар дээрх хяналтыг тухай сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар тавьдаг. Тэмцлийн ажлыг үр дүнг энэ жилээс эхлэн хөндлөнгийн хяналтын багаар гүйцэтгүүлсэн. Энэ ажлыг “Ашид ананда” ХХК-ий зөвлөх баг гүйцэтгэж байна.

10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЙН САНГИЙН 71,5 МЯНГАН ГА ТАЛБАЙ УСТЖЭЭ

2023 оны байдлаар Манай орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12 949.8 мянган.га ба энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.28 хувьтай тэнцэж байна хэмээн Ойн газар тайлагнав. Ойн эзлэх талбай буурсаар 1950 оныхоос хоёр дахин багассан байна.

Манай орны ой сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд 82.7 хувийг навч, шилмүүст ой, 17.3 хувийг заган ой эзэлнэ. Ойн нөөц 1.2 тэрбум шоо.метр байна. Ойн нөөцийн 79,3 хувийг шинэс, 5,0 хувийг нарс, 8,9 хувийг хуш, 0,2 хувийг гацуур, 0,01 хувийг жодоо, 6,0 хувийг хус, 0,17 хувийг улиас, 0,05 хувийг улиангар, 0,01 хувийг хайлаас, 0,3 хувийг бургас, 0,005 хувийг тоорой, 0,14 хувийг заган ой эзэлдэг. 

БОАЖСайдын 2020.03.16-ны өдрийн А/176 тоот тушаалаар Монгол орны ойн экологи эдийн засгийн нийт үнэлгээг дараах байдлаар тогтоов. 

Ойн салбарын мэргэжилтэн судлаачид энэхүү үнэлгээг учир дутагдалтай гэж үзэх нь байна. Учир нь ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо модыг материаллаг талаас нь үнэлээд мөн дээрээс нь хөрс, ургамлан бүрхэвч, амьтан, хөрсний болон гадаргын ус гэх мэтийг давхар оруулж тооцдог аж. Цаашид ойн сангийн агаар мандалд үзүүлэх нөлөөллийг ч давхар тооцох шаардлагатай юм. 

Ойн сангийн нөөцөөр Хөвсгөл/4 012,6/, Сэлэнгэ/1 948,0/, Булган/1 922.2/, Хэнтий/1 754.7/, Төв/1 388,2/, Архангай/1 060,0/ мя.га талбайгаар улсдаа тэргүүлдэг. 

Ойн нөөц багасаж доройтох шалтгаан нь ойн түймэр, хөнөөлт шавж, мод бэлтгэлийн ажил юм. Ойн газрын гаргасан албан ёсны тооцооллоор доорх хүснэгтэд үзүүлснээр 2012-2022 оны хооронд бургас, тоорой модноос бусад төрлийн ойн нөөц тасралтгүй буурсан  ба нийт дүнгээрээ 71447,5 га ойн сангийн талбай устаж, энэ байдал цааш энэ дүнгээр үргэлжилбэл ойрын хугацаанд 2 тэрбум мод устаж үгүй болох эрсдэлтэй байна. 2019-2020 онд 59,8 мян.га ой түймэрт өртөж, 2024 оны байдлаар 700 гаруй мянган га ой хөнөөлт шавжинд нэрвэгдсэн аюул занал учраад байна. 

2011-2020 онд 630,6 мян.га ой түймэрт өртөж, 255 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирсан гэж 2020 оны Байгаль орчны төлөв байдлын тайланд тусгажээ. 

Ойн газрын мэдээлэл: Энэ жилийн хувьд зарим зүйлийн хөнөөлт шавжийн хэт олшролын үе шатууд үргэлжлэн голомт үүссэн талбай өмнөх жилийнхээс нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгүүлдэг. Энэ жилийн хувьд Биологийн хүрээлэнгийн Шавж судлалын лаборатори, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын лаборатори болон бусад яг энэ чиглэлийн судалгааны ажлын чиглэлээр мэргэжсэн эрдэм шинжилгээний ажилтнууд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгаран судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Удахгүй намрын судалгааны ажил эхлэхээр бэлтгэлээ хангаад байна.

СУДАЛГАА: СИБИРИЙН ХҮР ЭРВЭЭХЭЙ НЬ ОХУ, КАЗАХСТАНЫ ХОЙД ХЭСЭГ, МОНГОЛ, ХЯТАДЫН ШИЛМҮҮСТ ОЙД ХАМГИЙН НОЦТОЙ ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ ЗҮЙЛ ЮМ

Сибирийн хүр эрвээхэйн (Dendrolimus sibiricus Tschetv.) амьдрах орчны загварчлал, олшролын цаашдын чиг хандлага /Даваадорж Энхнасан,  Доржсүрэн Алтанчимэг, Галсандорж Наранбаатар, Галбадрах Майнжаргал/. Шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэн, Шувуу, шавж судлалын лаборатори, Биологийн хүрээлэн, Хөхтний экологийн лаборатори, Холбоо барих зохиогч: enkhnasand@mas.ac.mn, https://orcid.org/0000-0001-7918-8621 /2023 он/

Хураангуй. Монгол орны шилмүүст ойд ноцтой хөнөөл учруулдаг сибирийн хүр эрвээхэйн судалгааг Хэнтийн нуруунд голомт үүсгэсэн 14 талбайг сонгож хийв. 

Навч, шилмүүсээр хооллогчид буюу филлофаг шавж нь модны фотосинтезийн гол эрхтний үйл ажиллагааг алдагдуулан, шим тэжээлт бодисын дутагдалт оруулснаар модыг сульдахад шууд нөлөө, улмаар доройтсон модонд техникийн хөнөөл үзүүлдэг модлог идэшт шавж амьдрах боломжийг бүрдүүлэхэд дам нөлөө үзүүлж, экологи, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Сүүлийн үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойн хөнөөлт шавжийн тархалтын хүрээ, хор хөнөөл үзүүлэх ойн сангийн талбай ихсэх хандлагатай байна. Монгол орны уур амьсгалын дундаж төлөвт гарсан өөрчлөлтийг 1940-2005 оны хооронд гаргаж үзэхэд өвлийн температур багасч дулаарсан дүнтэй байна.

Сибирийн хүр эрвээхэй нь ОХУ, Казахстаны хойд хэсэг, Монгол, Хятадын шилмүүст ойд хамгийн ноцтой хөнөөл учруулдаг зүйл юм. Богино хугацаанд тоо огцом нэмэгдэж байгаа нь олон хүчин зүйлийн нийлбэрээр тодорхойлогддог. Орчны эвдрэл доройтол ялангуяа хэт олшрол болох эхний үетэй давхцаж байгаа нь тогтоогдсон. Энэ зүйл нь ОХУ-ын унаган зүйл бөгөөд Норвеги болон бусад Европын орнуудад байдаггүй. 

Сибирийн хүр эрвээхэй бусад филлофаг зүйлийг бодоход нэг газраа 3-4 жил тасралтгүй голомт үүсгэн ой модонд дарамт үүсгэснээс тухайн хэсгийн ой дахин сэргэхгүйгээр хатаж хуурайших тохиолдол маш элбэг. Иймд энэ зүйл эрвээхэйн хөгжилд хүрээлэн буй орчны үзүүлэлтүүд чухал нөлөөтэйг судлаачид бүтээлдээ дурдсан байдаг. 

Сибирийн хүр эрвээхэйн ихэнхдээ 5 гуужилттай хүрэнцэр урт, дулаан намрын улиралд хангалттай хугацаанд хооллож өвөлждөг. Удаан үргэлжилсэн дулаан улирлын дараа хүйтний эрч эрс чангарч, улмаар цасан шуурга шуурсны улмаас доош хөрс рүү бууж амжаагүй хүрэнцрүүд модны титэм, мөчир дээр нэлээд хэсэг нь үхдэг.

Тухайн нутгийн уур амьсгалын үзүүлэлт хүрэнцрийн өсөлт бойжилтод хамгийн ихээр нөлөө үзүүлдэг гэсэн эрдэмтдийн судалгааны үр дүнг баталгаажуулж байна.

Сибирийн хүр эрвээхэйн хөгжлийн цикл нь 2 янз байдаг. Тархалтын бүс нутгийн өмнөд хэсэгт 1 жил, түүнээс хойшилж өндөр уулын ойд заримдаа 3 хүртэл жилийн генераци тохиолдоно. Энэ зүйл эрвээхэй нь хур тунадас багатай, гантай жилийн дараах жилүүдэд тоо толгой нь хэт олширч, хөнөөл учруулдаг төдийгүй хэт олшрол нь орчны бусад хүчин зүйлүүдтэй холбоотой нь олон судалгааны үр дүн харуулж байна.

Сибирийн хүр эрвээхий манай оны тайгархаг ойд гол төлөв түймрийн дараа юм уу, цаг агаарын хувьд гантай байх үед олшрон тархаж байна. Уг эрвээхийн өндөг хүрэнцэр, хүүхэлдэйг хөх бух, хөхөө зэрэг шувуу идэж устгах ба сарьсан ба хос далавчтаны багийн шавж тэдгээрт өндөглөж шимэгчлэн хэт олшролыг багасгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. /БНМАУ-ын амьтны аймаг. ном 1987 он/

ОЙГООС ОЛСОН МӨНГИЙГ ОЙД НЬ БҮРЭН ЗАРЦУУЛДАГГҮЙ

Архангай аймгийн БОАЖГ-ын дарга Ч.Батнайрамдал: Аймгийн хэмжээнд 14 сум өөрийн хөрөнгөөр устгал хийдэг ч бүх талбайд хийж чадахгүй, самрын орлоготой сумд тодорхой төсөв гаргасан. Аймагт, БОАЖГ-т устгалын төсөв байдаггүй. Байгалийн нөөц ашигласан татварын орлогын 85 хувийг ойд зарцуулах ёстой. Гэвч зарим сумын удирдлагууд хуулийн дагуу зарцуулдаггүй, өөр ажилд төсөвлөдөг гэв.

Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн БОАЖГ-ын даргаар ажиллаж байсан Г.Алтан-Очир өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн Долдугаар сард бичихдээ: Хаа сайгүй л Увсад ч, Архангайд ч мод хорхойд идэгдээд сүйрч байгаа юм байх. Гэхдээ ер нь 3 жилийн өмнөөс олон газарт мод хорхойд идэгдэх үйл явц эхэлсэн. Үе шаттай арга хэмжээ авах бүрэн боломж байсан. Нөгөөтэйгүүр төсвийн эрх мэдлийг тодорхой түвшинд орон нутагт шилжүүлснээр Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татварын мөнгө, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого буюу БХНСАХЗ гэсэн 3 төрлийн эх үүсвэрээс хортон устгах боломж бий. Өөрөөр хэлбэл асуудлаа шийд гээд сумдад мөнгийг нь өгчихсөн. Үүнээс сум бүр өнгөрсөн хугацаанд 500-800сая төгрөг зарцуулаад ойн хортонгоо устгах бүрэн боломжтой байсан шүү. Яагаад энэ чиглэлд мөнгө зарцуулахгүй байж сайд даргаа ажлаа хий, байгаль сүйрлээ болоод явчхав. Иргэд ч дэргэдэхээсээ илүү дээд дарга нарын ажилд санаа зовоод л. Яг үнэндээ бол ой модыг хорхой биш, авилга, ашиг сонирхол идэж байна.

“Архангайн амьдрал” сонинд 2023 оны №30/808 дугаарт гарсан ОРОН НУТАГТ ОЙ МОДОО ХАМГААЛАХ ТӨСВИЙН БОЛОМЖ БҮРЭН БИЙ” нийтлэлээс:

Архангай аймгийн хувьд нийт газар нутгийн 18 орчим хувь нь ой мод эзэлдэг. Энэ жилийн хувьд ой мод хортон шавьж, хорхойд идэгдэх явдал маш хүчтэй ажиглагдах болсон.

2023 оны хувьд нийт ойн сангийн 10 гаруй хувь буюу 110.0 мянган га ойн сан бүхий талбай хөнөөлт шавж, өвчинд идэгдсэнээс орон нутгийн төсвөөр 19.0 мянган га талбайд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 61.0 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсэн гэх боловч үр дүн хангалттай сайн биш байна. Ойн хөнөөлт шавж устгах тэмцлийн ажил хийгдээгүй үлдсэн ойн сан болон чанаргүй хийсэн талбайд хортон шавж тархсаар байх уу? Ирэх жил илүү их аюул хүлээж байна.

2023 онд Архангай аймгийн хэмжээнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2.3 тэрбум төгрөг төвлөрчээ. Тодруулбал ойн нөөц, амьтны нөөц, усны нөөц, ургамлын нөөц болон газрыг нөхөн сэргээх хамгаалах чиглэлд хамгийн багадаа зарцуулах 2 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Илүү нарийвчлан үзвэл ойн хөнөөлт шавж устгах чиглэлд зарцуулах 1.5 тэрбум төгрөг байна гэсэн үг. Уг хөрөнгөөр 40000-50000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийх боломжтой. Гэтэл аймгийн хэмжээнд орон нутгийн төсвөөр дөнгөж 10000 гаруй га талбайд хортон устгалыг хийсэн байна.

Сумдын удирдлагууд байгаа ой модоо хамгаалах чиглэл буюу ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд санхүүгийн нөөц боломжоо бүрэн дайчлаагүй, харин шинээр мод тарих, ойн цэвэрлэгээ хийх, ойн зурвас байгуулах, тарьц суулгацны нөөц бүрдүүлэх, ойн нөхөрлөлийг дэмжих гэх мэт нэн тэргүүний чухал бус асуудалд төсвийнхөө дийлэнх хувийг зарцуулж байгаа нийтлэг дүр зураг харагдаж байна.

Зөвхөн 2023 онд аймгийн хэмжээнд байгаль орчны чиглэлд, уг салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь хэмжээгээр зарцуулах боломжтой 13.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Энэ эх үүсвэрээс 4.0-5.0 тэрбум төгрөгийг шийдвэрлэхэд 100.0-110.0 мянган га талбайд хөнөөлт шавжтай устгалын ажлыг орон нутаг өөрсдийн хяналт, удирдлага доор хийж, ойн хөнөөлт шавж өвчний голомтыг устгаж, тархалтыг зогсоох бүрэн боломжтой байсан.

Сумдын хувьд ч боломж мөн адил юм. 2023 оны байдлаар ойн нөөц бүхий сумдын давсан орлогын эх үүсвэр, малын тоо толгойн албан татварын орлого, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгийг тооцсоноор 450.0-1000.0 сая төгрөгийг зарцуулж байна. Ойн нөөц бүхий сум уг төсвийнхөө тодорхой хувийг ойн хөнөөлт шавж устгах чиглэлд зарцуулснаар тархалтыг зогсоох боломжтой...

Ой судлаач Г.Эрдэнэцолмон: Ойн экосистем нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгаалалтын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог систем юм. 2010 онд манай орны нийт газар нутгийн 8.5 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 908 мянган га-аар буюу 8 хувиар буурсан байна. Энэ нь үнэхээр анхааралд өртөхөөр тоо төдийгүй ойгоор бүрхэгдсэн талбай буурах үндсэн шалтгаан нь ойн түймэр, хөнөөлт шавж, малын хэт бэлчээрлэлт болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө орж байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хуурайшилтаас холбоотой ойн түймрийн давтамж, цар хүрээ улам нэмэгдэж зөвхөн хушин ойн гэхэд 10 хувь нь шатаж, 2022 онд ойн хөнөөлт шавж 700,000 га талбайд буюу түүхэнд байгаагүй их хэмжээгээр голомтлон тархаж, малын бэлчээрлэлтийн нөлөөгөөр ойн зах руугаа сэргэн ургалт явагдахгүй болж, татмын ой бүрэн сүйрэхэд хүрээд байна. Дайны хажуугаар дажин гэгчээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдэг эрчимтэй хайлж, гүний усны түвшин доошлох үзэгдлийн улмаас мод босоогоороо хатаж үхэх, зуны хэт халуун өдрийн тоо нэмэгдсээр мод физиологийн хаталт явагдах үзэгдэл түгээмэл боллоо.

Хөнөөлт шавжтай тэмцэх ажил нилээд хөрөнгө мөнгө эсвэл хүн хүч шаардсан ажил болдог бөгөөд ойн салбарын улсын төсвийн 50 орчим хувь нь тэмцэл, судалгааны ажилд зарцуулагддаг. Иймд хөнөөлт шавжийн байнгын ажиглалт, судалгаа хийх, механик аргаар тэмцлийн ажил явуулахад нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүдийн оролцоо чухал байна. Жишээлбэл, ойн мэргэжлийн байгууллагууд тэмцлийн ажил гүйцэтгэхэд түүнд хяналт тавих, өөрийн эзэмшлийн ойн сандаа боломжит газарт нь механик аргаар тэмцлийн ажил явуулах, өндөг, хүрэнцэрийн ажиглалт хийх, яаралтай мэдээллэх зэрэг арга хэмжээ нь голомтлон тархах эрсдлийг бууруулж чадна гэж бодож байна.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын үр дүнгийн тухай улсын хэмжээнд нэгдсэн, цэгцтэй мэдээлэл алга байна. Судалгааны ажилд төсөв хөрөнгө зарцуулж, баахан тоон мэдээлэл гаргадаг ч тэр дүн цаасан дээр үлддэг ажээ. Судалгаа, төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэлийн харилцан хамаарал үр дүнд хүрэхгүй байгааг нийтлэлийн эхнээс аваад дуусталх өгүүлэмж нотолж байна.

Ойн доройтолд хөнөөлт шавж үлэмж хэмжээгээр нөлөөлсөөр байна гэж судлаачид, мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хамтын бүтээл:

Архангай: О.Амарзаяа

Баян-Өлгий: Н.Оспан

Хэнтий: Ц.Чойжамц

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

204   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох