Р.ОЮУНБИЛЭГ: УЛАМЖЛАЛТ ЦАГААН ИДЭЭ ҮНЭД ХҮРЭХ ЦАГ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ
-Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулж байхад таны илтгэлийг сонслоо. Та сүү, цагаан идээний талаар сонирхолтой мэдээлэл өгсөн. Яагаад тэр илтгэлийг тавих болсон бэ?
-Архангайн иргэд сүү цагаан идээ өргөн хэрэглэдэг тул цагаан идээний тухай ярилаа гэхэд төдийлэн сонин содон сонсогдохгүй. Би ч өөрөө аль багын айраг, хоормог, аарууланд дуртай хүн, цагаан идээг байж л байдаг юм шиг санадаг байлаа. Харин эмээ өвөөгөө өөд болсноос хойш жинхэнэ гарын сайхан идээг эрж хайж авдаг болсон. Хот газар сууж байгаа хүмүүсийн хүнсний төрөл зүйл олон, сонголт арвин учраас уламжлалт сүү цагаан идээнээс хөндийрэх хандлагатай болсон. Орчин цагийн хотын хүүхэд сүү үнээнээс гардгийг төдийлэн мэддэгггүй, цэвэр сүүний амт савласан сүүнээс өөр байдгийг ч мэдэхгүй байх бий. Одоогоос бараг арав орчим жилийн өмнө нэг удаа нэгэн сонин ном олж уншсан юм. Тэр ном Английн хоол судлаач эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнг дауны хам шинж, аутизм зэрэг орчин цагт элбэг таарах болсон өвчлөлийн учир шалтгаантай холбон авч үзсэн байсан. Тухайн номын зохиогч, доктор Наташа Кэмпбэлл МкБрайдын нотолсноор эдгээр өвчлөлийн уг шалтгаан нь бидний хоолны орц, найрлагатай холбоотой бөгөөд хүн гурван үеэрээ генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэснээр дээрх төрлийн өвчлөл үүсдэг гэж дүгнэсэн байсан. Нарийвчлан хэлбэл, эмээ нь, ээж нь, хүүхэд нь генийн өөрчлөлт бүхий хүнсний бүтээгдхүүн хэрэглэснээр хүүхдийн хүүхэд ямар нэгэн синдромтой төрөх тохиолдол байж болох тухай хэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө энэ өвчний тохиолдол 10,000 хүн тутам 1 тааралддаг байсан бол одоо 1000 хүн тутамд 1 таарч байна гэж бичсэн байсан.
-Орчин цагт генийн өөрчлөлттэй хүнснээс зугтах аргагүй. Та нэлээд ноцтой зүйл хэлж байна, үүнийг шийдэх ямар арга байна вэ?
-Тухайн номонд өгсөн зөвлөмж дүгнэлтээр аль болох пробиотек буюу байгалийн амьд ашигт бактери ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөсөн байсан. Дэлхийд байх хамгийн эрүүл пробиотек хүнс нь Азийн орнуудад бэлчээрийн малын сүүгээр уламжлалт аргаар хийдэг исэг цагаан идээ, Сибирийн ард түмний хийдэг исгэсэн байцаа гэжээ. Исэг цагаан идээний талаарх үг бүрийг онцлон харвал, манай айраг, тараг, хоормог, бяслаг, ээзгий зэрэг энгийн хөөрүүлэх аргаар ариутгаад, самарч хөөсрүүлэн тосыг нь өрөм тогтоон ялгаж авсан тослог багатай сүүгээр хийсэн хатуу зөөлөн идээг хэлжээ. Тэгэхээр бид цагаан идээгээ хийх, түүнийгээ хичнээн үнэтэй бүтээгдэхүүн болохыг нь батлан харуулах, нутаг нутагтаа цагаан идээний брэнд бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй байгаа талаар би малчдад мэдээлэл хүргэж явдаг юм.
-Цагаан идээний брэнд гэхийг илүү дэлгэрэнгүй хэлнэ үү?
-Архангай аймаг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хөгжлийг хөгжлийнхээ тэргүүлэх чиглэл болгон авч ирсэн. Энэ хоёр салбарын аль алинд нь хөгжүүлэлт хэрэгтэй. Хөгжүүлэлт гэдгийг илүү шинжлэх ухааны ул суурьтай. Олон улсын хөгжлийн стандартад нийцсэн ахисан түвшний хөгжүүлэлт гэж онцлохыг хүсэж байна. Одоогоор манайд бодитоор байгаа үйлчилгээний өнгө төрх гэвэл хэдэн ортой ханхай аялал жуулчлал гэж олон жил ойлгож ирсэн. Замын хажууд явган сандал дээр пиво ундааны хуванцар саванд хийж өрсөн айраг, тоос шороо бужигнасан харанхуй зааланд гялгар уутанд хийж өрсөн ааруул голдуу идээг цагаан идээний зах гэж байна. Энэ төрхийг бид олон жил бараг л сүүлийн 20 жил харсан. Иймд бид үйлчилгээгээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй байна, Үүний тулд малчид, үйлдвэрлэгчид, гар урчууд, бизнес эрхлэгчдэд санаа сэдэл төрүүлэх мэдээллийг түгээж эхэлсэн. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх тухай ярианы салшгүй хэсэг нь мал аж ахуйн түүхий эдийг бүрэн зохистой ашиглах тухай яриа байх ёстой. Үүнээс зөвхөн сүүг ашиглах тухайд л яриа гаргаж явдаг хүний нэг нь би байна.
Үүний өмнө хүмүүсийн ойлгох хэрэгтэй нэгэн суурь ойлголт нь брэнд гэж юу болохыг маш сайн мэддэг байх, брэнд бүтээх үйл явцын үе шат бүхнийг мэддэг байх шаардлага ургаж байгаа. Брэнд бүтээх гэдэг нь хамтын ажиллагааны стратеги гаргах, хамтын үнэ цэн бүтээх, онцгой ялгамжтай өнгө төрх, дүрслэл загвар бүтээх, тогтвортой итгэлтэй чанарыг бүтээгдэхүүндээ шингээх гэх зэргээр маш урт удаан хугацааны хичээнгүй чармайлт шаардсан ажил юм.
“Архангайн ааруул” гэж өөрөө манай нутгийн брэнд нэр, харин одоогоор түүнд тохирсон бүтээгдэхүүнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар, үйлдвэрлэлийн хэмжээнд гаргаж чадахгүй байна. Өрх бүр дор бүрнээ ганц хоёр тонн ааруул үйлдвэрлэн, цагаан сар, баяр ёслолын эрэлт хэрэгцээг хангаж байна. Хот суурин газрынхны захиалгаар идээгээ хийж бэлтгэн нийлүүлдэг байнгын хэрэглэгчтэй болсон малчид олон. Илүү олон хүн эрүүл цэвэр цагаан идээг байнгын хүнс болговол сайнсан. Хүн амыг эрүүл зөв хүнсээр хангах бодлого өөрөө илүү далайцтай байдлаар боловсрогдон гарах, нарийн төлөвлөлттэй хэрэгжих хэрэгтэй байна, олон өрхийн үйлдвэрлэлийг нэг зорилго дор нэгтгэж байж аймаг даяараа, сумаараа, багаараа, эсвэл ах дүүгээрээ, бүлэг нөхөрлөлөөрөө амжилтад хүрнэ. Үүний тулд иргэдийг хамтарч ажиллах эрмэлзлэлтэй байлгах, хамтын сэтгэлгээнд аваачих хэрэгтэй байна.
-Та сүү цагаан идээ, брэндинг ярьж яваад бүлэг хамт олны зорилго хариуцлага гэсэн сэдэв рүү хальчихав уу? Хоёулаа үндсэн сэдвээсээ жаахан хазайчихав уу?
-Үгүй ээ, энэ сэдэв нэг зоосны хоёр тал юм. Хөгжил, ахиц дэвшил гаргах бидний хүсэл тэмүүлэл нь энгийн харахад бизнес эрхлэх, ашиг олох мэт харагдав ч хамгийн чухал тэрхүү эд баялаг, амжилтыг бүтээхийн гол дохиур нь хувь хүний хөгжил, хамт олны хөгжил юм. Хамт олон нэг зорилготой, нэгдмэл санаатай байх хэрэгтэй. Энэ нь брэнд бүтээхийн эхлэл юм.
-Үүнийг хийхэд хүмүүст хэрхэн туслах, яаж чиглүүлэх вэ?
-Миний хувьд нийгмийн хөгжлийн салбарт гучин зургаа дахь жилдээ ажиллаж байна. Нийгмийн олон янзын бүлэглэлтэй ажиллаж ирсэн. 2009 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төслийн ажилтан байхдаа Монголын хэд хэдэн брэндийг үүсгэн хөгжүүлэхэд туслан ажиллаж явсан. Үүнд, Увсын чацаргана үйлдвэрлэгчид, Сэлэнгийн загас, талх, цай, зөгийн бал үйлдвэрлэгчид, Ховд, Хэнтийн тариаланчид, Булганы бог будаа үйлдвэрлэгч гэх мэт жижиг үйлдвэрлэгч нарыг дурьдаж болно. Мөн манай төслийн зүгээс ЖДҮийн үндсэн журам боловсруулах, зээлийн батлан даалтын журам боловсруулах зэрэг ажлын анхны шанг татах, ЖДҮ-г дэмжих төрийн бүтэц бий болохын эхэн үеийн техник дэмжлэгийг үзүүлэх багт ажиллаж байсан. Үйлдвэрлэгч хүн маш хурдтай ажилладаг, үргэлж шинийг санаачилж явдаг, өөдрөг дайчин зан чанартай байх шиг санагддаг.
Иймээс дэлхийд байгаа мэдлэгийг олж аван, ажил амьдралдаа түргэн нэвтрүүлэх нь биднийг өрсөлдөх чадвартай болгоно. Үйлдвэрлэгчдийг дэмжих, шинэ үйлдвэр нээх, шинэ санаачилга хөгжүүлэхэд өөрийн мэдлэг туршлагаас харамгүй түгээх, шаардагдах мэдлэг чадварыг урьж ирүүлэн хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хамгийн сайн мэргэжилтэнтэй холбон зуучлах зэргээр хамтран ажиллахад бэлэн байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Б.МАНДУУЛ