Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2024-05-17

СУРГУУЛИЙН ЗАМ

Айлыг танья гэвэл хүүхдийг нь хар” гэдэг бас л сайхан үг. Өнөөгийн “настангууд” хүүхэд байхдаа ямар сайхан, айх аюулгүй амар тайван байснаа, “амь бөхтэй” байснаа, аав ээж, томчуудын нүднээс далд сахилгагүйхэн нэгэн байснаа дурсан инээлддэг. Тэр үед тоглоом ховор учраас чулуу модоор өөрсдөө зохион тоглодог, сайхан тоглоомтой нэг нь тоглоомоо барьж гарч ирээд найзынхаа атгаж ирсэн боорцгоор “түрээслэчихээд” хацраа бумбагануулж суудаг байв даа. Хүүхдийн нүдэнд “нийгмийн хир буртаг – төлөвлөгөөт эдийн засаг, төвлөрсөн удирдлага” зэрэг нь ямар харагдах ч биш. Нийгэм даяараа маргаашдаа итгэлтэй, ажиллах, авах өгөх нь тодорхой,  хүүхдийн нүдэнд тоглоом харагдаж, сэтгэлд нь тоглох найз нь эргэлдэх.

Тэр үеийн сургуульдаа явах замыг гэгээн сайхнаар дурсдаг нь олон байх аа. Осол эндэл байлгүй л яахав, гэхдээ цөөхөн. Манай ангийн Баярмаа, Алтай, Дархаа, Бумаа бид тав нэг гудамжинд. Урд гудамжинд Пүүжээ, Айнаа хоёрынх байна. Нэгдүгээр ангид байхад хичээл өдөр 12 цагт орно. Хичээл орохоос 30 минутын өмнөөс хамгийн дээд хашаанаас эхлээд нэг нэгийгээ дайрч авдаг байлаа. “Дайрч авна” гэдэг нь гарч ирэхийг нь хүлээж байгаад хамт явахыг хэлж байгаа хэрэг. Манай гудамжны тав шаагилдаад гараад ирэхэд урд гудамжны хоёр нэмэгдэнэ. Жаахан урагшлахад Гэрлээ, Ганхуяг гээд л хүүхдүүд нэмэгдэнэ. Шаагилдаж явсаар сургуулийн хашаанд цүнхээ овоолж тавиад тоглохоор гол руу гүйлдэнэ. Дулааны улиралд гол дээгүүр харайлдана. Хааяа хэн нэг нь унаад уйлах нь ч байх. Цүнхээ орхидог нь бас учиртай, нэг маань голоор харайж тоглож байгаад цүнхээ усанд унагаж, бүгдээрээ найзынхаа хамаг хичээлийг хуулж бичиж хаширсан удаатай. Хичээлдээ явахдаа гэрийнхнээ ярина, хичээл тараад явахдаа багшаа, хичээлээ, алс холын мөрөөдлөө ярина. Анги өсөхийн хэрээр охид хөвгүүдээрээ салж алхах болсон ч, хөвгүүд алсханаас охидоо бараадсаар, хэрэг гарвал хамгаалсаар алхдагсан.

Сургуулийн замд юу эсийг ярих вэ, энэ зам бидэнд амьдралыг таних, хүнийг таних, холыг хүсэх, холхийг мөрөөдөх эхлэлийг тавьсан. Цэцэрлэг хот маань жижигхээн суурин, сургуульдаа явах хүүхдийн чимээнээр амь орж, хөл хөдөлгөөн дуу шуугиан болоод явчихдагсан.

Хавар, намартаа оройд гадаа тоглох гэж бас нэг сайхан дурсамж. Тиймдээ ч манай гудамжны найз, манай байрны найз гэх эрхмээс эрхэм найзууд одоо ч инээд алдан уулздаг хэвээр биз. Бөмбөг, дээс, черта ...тоглож байсан хүүхдийн шуугиан гэнэт тасрах, анир чимээгүй ирэх нь оройны 8 цаг 45 минут. Монголын радиогоор үлгэрийн цаг эхлэх хөгжим дуугарахад хүүхдүүд гэр рүүгээ чавхддаг. Тоглоомноос сайхан юм үлгэрт байдгийнх байх. Тэгээд л “Боролдойн цаг”-аар жаргалтай нэгэн өдөр өнгөрч “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэх дуунаар баясан инээх хүүхэд нас... 

Өнөөгийн хүүхэд ч адилхан, хүүхдийн нүд тоглоом хараад гэрэлтдэг, тоглож хөөцөлдөх найзаа үзээд сэргэдэг. Бид өнөөдөр хүүхдээ харцан доороо хянаж байвал аюулгүй гэх үзлийн үүднээс хүүхэд наснаас нь хулгайлаагүй байгаа даа. Д витамин дутагдлаа гэхэд гадаа тоглуулахын оронд витаминдах, ангийнхантайгаа ч юм уу хэн нэгэнтэй муудлаа гэхэд шууд давхиж очоод өмөөрөх, манай хүүхэд зөвхөн үүнийг л  иддэг, ингэж тэгдэг хэмээн хайрцаглаад байвал хэрхэн амьдралыг таних вэ? Хүүхэд тань ээж, аав таны зохиосон хайрцагнаас гарч өтлөх гэж насаараа тийчилнэ бус уу?

Хүүхдэд өгөх хайр халамжийг хэтрүүлж болохгүй, мөн дутааж болохгүйг мэргэд гэлтгүй амьдрал нотолдог. Өнөөдөр миний, таны хайхрамжгүй харцаар ширвүүлэх нэгэн, халтар гээд ад үзэгдэх бяцхан зүрх ирээдүйд хамгаас хайрт үрийн минь хань байх ч билүү хэн мэдлээ. Хүүхдийг бага балчирт нь хамт тоглож, хамт суралцаж, хүний амьдралд дасгахад цаг анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин өсвөр насанд нь “үүрнээсээ нисэх” бэлтгэлийг хийнэ. Өсвөр насанд хамгийн чухал нь том болж буйгаа, бие даасан байдал, итгэл үнэмшилтэй болж буйгаа нотолж өөртөө итгэх юм. Тиймээс ч өсвөр насныханд найз нь хамгийн эрхэм нь билээ. Энэ амьдралын нууцыг тайлах, итгэлт найзаа олох нь сургуулийн замд ханьсах ч юм билүү. Багачуудынхаа хүүхэд насыг машиндаа чихэж давхилдаад, гэр байшиндаа хааж түгжээд байгаа юм биш байгаа даа.

Урин цагийн сайхан нь шувуудын жиргээ, хүүхдийн цангинах дуу билээ.

... Гэгээвчээр салхи сэвэлзээд

    Сэм сэмхэн сэтгэл хөвөлзөөд

    Хөөрхөн үр минь гадаа тоглоод

    Хавар болжээ хонгор минь

Аа тийм, гадаа нарлах хөгшин ээж маань харуулд гардаг байсан шиг байгаа юм.             

                                                                          Р.ОЮУНБИЛЭГ

292   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох