Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2024-04-05

ДАБЛ СТАНДАРТ БУЮУ ДАВХАР “ТАРХИ УГААЛТ”

   Төрийн алба улс төрөөс ангид байх ёстой, байлгаж байгаа…гэж худал ярьж, хуулиар халхавчилсаар 2024 оны сонгууль ч тулж ирэв.

   Төр захиргааны ажил алба улс төрөөс хэзээ ч ангид байгаагүй, байх ч үгүй буюу улам гаарч байгааг Архангай аймгийн сүүлийн дөрвөн жилийн улс төрийн нөхцөл байдал хэлээд өгнө. Оршлыг энд хүргээд цэглэе.

   Төр гэсэн нэрээр түрий барьж, улс төрийн ажлыг алсуураа хийсээр ирсэн нэгж бол Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч. Энэ орон тоо багагүй эрх мэдэлтэй, бас будлиан хутгадаг, улс төрийн өнгө аястай нь илэрхий. Тэр хүний амжуулдаг ажил бол сошиалд Засаг даргыг магтан дуулж, зургийг нь залхтал оруулах, аль болох өргөн хүрээнд баруун солгойгүй мэдээлэл түгээх. Өөр намын хэн нэгэн тухайн арга хэмжээнд хамааралтай байсан ч зургийг хасна. 

   Аль ч намын, хэн ч даргын хэвлэлийн төлөөлөгч гэх этгээд ийм л үүрэгтэй аж.

   Сүүлийн үед буюу сонгууль дөхөх тусам одоогийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн үйлдэл илт “давруу” болж, Архангай даяар сошиал сүлжээг базна гэсэн улайралттай байгааг дараах баримтуудаар өгүүлье.

   2020 оны 11 сарын 23-нд анхны мэдээлэл нь үүссэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн нэртэй пэйж хуудас саяхнаас “зүсээ хувирган” Архангайн мэдээ нэртэй болов. Аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч залуугийн “эзэмшлийнх” болсон дог. Энэ хуудаснаас улбаалаад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн нэртэй өмнөх урдах фэйсбүүк хуудаснууд яаж үүсээд ямар замаар замхарч, бас хувирч ирснийг жагсаая.

-2012-2016 оны Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн хөтөлж байсан групп Засаг солигдоход тэгэсгээд алга болсон.

-2016-2020 оны хэвлэлийн төлөөлөгч мөн л ЗДТГ нэрээр шинэ групп үүсгэж хөтөлж байснаа ажлаас буухдаа түүнийгээ аваад одоо Олон нийтэд хэрэгтэй мэдээллийн групп гэсэн нэр өгөөд ажиллуулж байгаа. 

-2020-2021 онд мөн шинэ Засгийн төлөөлөгч шинэ пэйж хуудсыг Тамгын газрын нэрээр нээж, ажлаас гарахдаа аваад гарсан, нэрийг нь өөрчлөхгүй байсаар байв.

-2021-2022 онд Засаг солигдоход ирсэн хэвлэлийн төлөөлөгч дахиад л шинэ пэйж хуудас нээсэн.

-2022 оноос хойш буюу одоогийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч өмнөхөөсөө хүлээн авсан пэйжийн нэрийг Архангай 100 жил хэмээн сольсон. Үүний зэрэгцээ дахин гарч ирсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газар гэгч пэйж хуудас нь 2017 онд үүссэн буюу ямар нэгэн нэртэй байжээ. Өөрөөр хэлбэл өөр пэйжийн нэрийг өөрчилж, ЗДТГ-ынх болгосон гэсэн үг. Энэ бол хэвлэлийн төлөөлөгчийн шийдэл...

   

Ингэж төрийн байгууллагын нэртэй, тэр тусмаа аймгийн засаг захиргааны төв нэгжийн мэдээллийн хуудас гараас гарт дамжиж байгаа нь зарчимгүй жишиг юм. 

   Аль ч намын Засаг дарга бол нүүдлийн шувуу шиг одох ба дөрөв дөрвөн жилээр улс төрөө л хийнэ. Гэтэл түүнийг сурталчлан ажилладаг хэвлэлийн төлөөлөгчийн мэдэлд төрийн төв байгууллагын хаягтай мэдээллийн бааз суурийг өгөөд хяналтгүй орхичихдог нь аймгийн ЗДТГ-ын анзааргагүй, хайхрамжгүйнх юм. Зүй нь төрийн мэдлийн эд хөрөнгийн бүртгэл шигээ хандаж, хүлээлцдэг, хянадаг баймаарсан.

   Засаг даргын Тамгын Газар бол улс төрийн статус бус төрийн жинхэнэ алба. Тиймээс нэрийг нь барьсан сошиал хуудсаа ч цэгцтэй байлгах учиртай. Архангайн мэдээ буюу дээр дурьдсанчлан 2020 онд АН-ын Засаг даргын үед үүссэн хуудас өнөөдөр МАН-ын Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчид шилжсэнээр гол чухал мэдээ мэдээллийг эндээ оруулж, цааш нь ЗДТГ-ын хуудас руу түгээж буй нь анзаарагдана.

   Хэдийгээр энэ мэт сошиал хуудсууд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш ч гэсэн олон нийт засаг захиргааны мэдээллийн эх сурвалж гэж ойлгож ханддагийг далимдуулж буй нь ойлгомжтой. Зүгээр ч нэг зүс хувиргалт бус улс төрийн зорилготой гэсэн үг.

   Байдаг л нэг фэйсбүүк хуудасны тухай боловч цаад утгаараа төрийн нэрээр юуг ч яаж ч хувиргаж, ашиглаж болдгийн жишээ. 

   Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч гэх албан тушаал, орон тоог бий болгоод, тэр нь дураараа авирлан хэдэн ч сувагтай байж болдог дараагийн жишээ нь аймгийн бүх суманд “….толь” гэсэн хуудсыг одоогийн хэвлэлийн төлөөлөгч мөн хөгжүүлж байна. Тариатын толь, Булганы толь, Жаргалантын толь…гэх мэт.

   Эцэст нь хэлэхэд сонгогчид хэрсүү байж, ямар сувгаар хэн, юу давамгайлан явуулж байна гэдгийг анзаарч, тархи угаалтад өртөх эсэхээ мэддэг байх хэрэгтэй юм.

   Үндсэндээ Архангай аймгийн ЗДТГ нэг л сошиал хуудастай байгаад тэр нь аль ч даргын үед үргэлжилдэг байвал, нэг талаар архив болох юм. Гэхдээ хэрвээ фэйсбүүк уствал юу ч үлдэхгүй гэсэн үг. 

   Уг нь хууль журмаараа бол аймгийн албан ёсны Arkhangai.gov.mn сайтаа л хөтөлж хөгжүүлдэг баймаар. Гэтэл тэнд олигтой мэдээлэл ч байхгүй, шинэчлэгддэг ч үгүй талбар. Хэвлэлийн төлөөлөгч энэ сайтад анхаарч ажиллахын оронд өөрийн сувгаа идэвхтэй хөгжүүлж байгаа нь яалт ч үгүй улс төр, сонгуультай л холбогдоно. 

   Сонгуулиар албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэй сувгууд л ажиллах зохицуулалт хуулинд бий. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол хэлж яриад зогсоох боломж ч бас байгаа юм билээ.

   Хэн дуртай нь медиа, мэдээлэл гэсэн нэр зүүгээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллаж байгааг зааглаж ойлгох нь олон нийтийн ухамсрын л асуудал.

   Аймгуудад Засаг дарга, Тамгын Газрын дэргэд Хэвлэлийн алба байгуулагдаж, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хууль бус үйлдлүүд газар авсаар байна. Архангайд ийм байлгахгүйн төлөө үе үеийн Засаг дарга нарт хэлж сануулсны хүчинд хэвлэлийн төлөөлөгч гэх ганц нэг хүн ажиллаж ирсэн. Гэвч далдуур баг үүсгэж, алба ажиллуулж, төсвийн мөнгөөр санхүүжүүлж байхыг ч үгүйсгэхгүй.  

   Хэвлэлийн төлөөлөгч гэх ажилтан төрийн албанд харьяалагдаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бол дураараа дургих эрхгүй. Тэрээр Засаг даргын үндсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах, магадгүй өмнөөс нь мэдээлэл өгөх хэмжээний чадамжтай албан хаагч байх ёстой болов уу.

О.АМАРЗАЯА

555   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох