Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2023-05-01

АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАРИЛГАД СУРАГЧДЫГ АМЬДРУУЛСААР БАЙНА

21-р зууны хөдөөгийн нэгэн сумын малчдын хүүхдүүд эцээхэн жүчээнээс дор байшинд амьдарч байгаа нь эдгээр зургуудаас илт харагдана. Хүүхдүүд хулганатай хамт, жавар салхинд тэсэн, шалан дээгүүр сэмхэн алхаж, хана таазнаас хэзээ шавар нурах бол гэсэн айдастай аж төрж байна гээд төсөөл дөө.

Энэ бол Архангай аймгийн Өгийнуур сумын сургуулийн 48 жил болж байгаа дотуур байрны нөхцөл. Ашиглалтад орсноос хойш 44 жилийн дараа буюу дөнгөж дөрвөн жилийн өмнө л ашиглаж болохгүй гэдэг дүгнэлт гарсан. Гэвч одоогоос 20-иод жилийн өмнө буюу аль 2000 оны үед ийм л байжээ.

Хүүхдүүд бие, сэтгэлээрээ хохирч, эрх нь зөрчигдөж байна. Юун сурлага, юун боловсрол, юун эрүүл аюулгүй орчин...

Энэхүү дотуур байранд 6-17 насны 44 эрэгтэй, 32 эмэгтэй, нийт 76 хүүхэд амьдарч байна. Тэдний төлөөлөл ингэж ярилаа.

ХҮҮХДҮҮД: МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН 76 ХҮҮХДЭД АНХААРАЛ ХАНДУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

Ө.БАЯРМАГНАЙ /Өгийнуур сумын 11-р ангийн сурагч/: Дотуур байранд амьдраад 3 жил болж байна. 2 дүүтэйгээ хамт байдаг. Засвар орж байгаагүй байх. Өвөл хүйтэн, цонх нь завсартай болохоор сийгдэг. Шал нь цөмөрчихдөг. Хана, тааз нь нурсан тасгуудыг энэ жил хаагаад үлдсэн тасгуудад 4-5, тэрнээс дээш хүүхэд амьдардаг.

Манай байр баригдаад 40 гаруй жил болж байгаа гэсэн. Сургуулийн зүгээс засах хэцүү. 2019 онд шинэ байрны шав тавигдсан. Барилга нь одоо хүртэл ахиц дэвшил байхгүй. Чанаргүй гээд зогсоосон гэсэн. 4 жилийн хугацаанд хараад байхад хандаж байгаа хүмүүс нь сумын Засаг дарга, захирал л байдаг. УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга, хурлын төлөөлөгч нар анхаардаггүй.

Би СӨУЗ-ийн тэргүүнээр сонгогдсон. Аймагт 11 сард болсон Хүүхдийн чуулган дээр хэлсэн. Сүүлд асуудал шийдэгдэж байгаа, баригдах гэж байгаа гэсэн. Гэвч тийм зүйл алга. Хүүхдийн эрхийн конвенцын 27-р зүйлийг зөрчиж байгаа гэж харж байна. Өдий 4 жилийн хугацаанд юу ч хийгээгүй юм чинь энэ 9 сард орно гэж байхгүй. Хэдийгээр 76 хүүхэд ч гэлээ Монгол Улсын ирээдүй болсон хүч учраас анхаарал хандуулаасай. Эрүүл орчинд амьдраасай гэж хүсч байна.

Хана нураад, шал цөмрөх эрсдэл ихтэй ч гэсэн 76 хүүхэд, 4 жижүүр, багш, эцэг эхчүүдтэйгээ нийлээд жилээс жилд муу ч гэсэн тасаг байрандаа цэвэрхэн тав тухтай амьдрахыг хичээдэг. Гэвч бид таазыг яаж ч чадахгүй. Олон өрөөг эцэг эхчүүд мөнгөө нийлүүлээд засна гэж байхгүй. Ийм учраас Архангай аймгааас сонгогдсон 3 гишүүн, Засаг дарга, нөлөө бүхий хүмүүст зориулж хэлэхэд сурагчид бид шинэ байранд орох хүсэлтэй байна.

БИД МАШ ХЭЦҮҮ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА, ӨРӨӨГӨӨР ХУЛГАНА ГҮЙДЭГ...

А.НАМУУНАА /Өгийнуур сумын 11А ангийн сурагч/: Энэ байранд зургаа долоон жил амьдарч байна. Хүйтэн, ихэнх тасгууд нурсан. Намар дусаал гоождог. Цонхноос сэнгэнэдэг, даардаг. Бид маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа. Өрөөгөөр хулгана гүйдэг. Ийм нөхцөлд амьдрахад хичээл сурлагад ч нөлөөлж байгаа. Шинэ байр баригдана гээд дөрөв таван жил болж байгаа. Хурдан ашиглалтад ороосой.

Манай байр нойл байдаггүй. Сургуулийн нойлд бөөнөөрөө ордог. Эрэгтэй, эмэгтэй 00 байсан. Эрэгтэй нь нурсан. Эмэгтэй нойлд холилдоод ордог. Охидуудад маш хэцүү. Усанд орохоос эхлээд асуудалтай. Шинэ байр баригдвал дотроо 00-той, усанд орох өрөөтэй болох байх. Охидуудаа төлөөлөөд хүсэлтийг нь уламжилж байна.

Хүүхдийн эрхийн конвенцын 27-р зүйлд:

-Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

-Оролцогч улсууд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд үндэсний нөхцөл, хөрөнгө бололцоондоо нийцүүлэн эцэг эх, хүүхдийн төлөө хариуцлага хүлээж буй бусад хүнд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд материаллаг тусламж, ялангуяа хувцас, орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ӨГИЙНУУР СУМЫН СУРГУУЛИЙН 120 ОРТОЙ ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Захиалагч: Архангай аймгийн ЗДТГ, ГХБХБГ

Гүйцэтгэгч: “Хатант констракшн” ХХК

Зохиогч: “Криетив монголиа” ХХК

Эхлэх хугацаа: 2019.12.13, Дуусах хугацаа: 2020.11.30

Улсын төсвийн дүн: 1,500,0 сая буюу 1,5 тэрбум төгрөг

Санхүүжилт: 2020 онд 800,0 сая /60%/

Нэмэлт мэдээлэл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд мэдээлснээр энэ дотуур байрны барилгад 2023 онд 169,1 сая төгрөг тавигдсанаар нийт төсөвт өртөг нь 1,669,1 сая буюу 1,7 орчим тэрбум төгрөг болжээ.

ӨГИЙНУУР СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Э.ДОРЖХАНД:  ХУУЧИН БАЙРЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТТЭЙ УЧРААС ЗАСВАР ХИЙЖ БОЛОХГҮЙ БАЙГАА

-Шинээр баригдаж буй дотуур байрны барилга яагаад зогссон бэ?

отуур байрны тендерийг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар 2019 оны 12-р сарын 13-ны өдөр зарлаж“Хатант констракшн” ХХК нь шалгарсан. Энэхүү компани нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр БСШУС-ын яамтай гэрээ хийж санхүүжилт нь орсон боловч оны сүүлч байсан барилгын ажил хийгдээгүй гэсэн шалтгаанаар хуваарилагдсан мөнгөн дүнгээ татуулсан. 2020 оны санхүүжилтээр дотуур байрны барилгыг 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй бариад орхисон. Үлдэгдэл санхүүжилт нь 2022 оны төсөвт суугдажбарилгын ажил үргэлжлэх байсан боловч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй, 2023 онтой золгоод байна. Мөн барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай сумын Засаг дарга Ш.Үүрцайх танилцаад барилгын чанарыг шалгаж үзэж өгөхийг амаар аймгийн ГХБХБГ-т хандсан байдаг. Үүний дараа Аймгийн ГХБХБГ сумдаар ажиллах явцдаа барилгын гүйцэтгэлтэй танилцаад бетоны МАК хүрэх түвшиндөө хүрэхгүй байна гэж үзэн холбогдох газарт хандаждүгнэлт гаргуулахад “Барилга шууд үргэлжлэх боломжгүй. Хүчитгэн үргэлжилнэ” гэсэн дүгнэлт гарсан.

-Сурагчдыг эрсдэлтэй орчинд амьдруулж, сурч хөгжих боломжоор хангах эрхийг нь зөрчиж буйг та юу гэж бодож байна вэ?

-Одоо ашиглаж буй дотуур байрны барилга маань 1975 онд анх ашиглалтад орсонөндөр насжилттайМэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 03-07-022\10 дугаартай албан дүгнэлтээр цаашид ажиллуулж, ашиглах боломжгүй акт тавигдсан боловч одоогоор малчдын хүүхдүүдийн сурах хөгжих эрхийг хангах үүднээс 2022-2023 оны хичээлийн жилд сурагчдаа хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна.

2023 оны 8 сард аймгийн ГХБХБГ, Сангийн яам, БШУЯ, Барилгын хөгжлийн төв болон аймгийн хэмжээнд шинээр баригдаж байгаад зогссон сургууль цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч нарын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Тус хэлэлцүүлэгт Засаг дарга Ш.Үүрцайх ирэх хичээлийн жил дотуур байрны барилгын ажил дуусахааргүй нөхцөл байдал үүссэн тул хуучин дотуур байрныхаа 10 тасагт засвар хийх асуудлыг буруутай тал хариуцан шийдэж өгөхийг хүссэн. Гэвч МХГ-аас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир засвар хийх боломжгүй гэсэн шийд өгсөн байна. Засаг даргатай энэ асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах талаар санал солилцоход одоо ХЭҮК-т хандаж байгаа тухай хариу өгсөн.

-Дотуур байрны барилгыг эхлүүлэх, энэ ондоо бариулах талаар ямар санал санаачилага гарган ажиллаж байна вэ?

-2023 оны 02 сарын 01-ний өдрөөс тус сургуулийн захирлын үүрэгт ажлыг хүлээн авсан. Дотуур байрны сурагчидтай уулзалт хийж, тулгамдсан асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсан. Улмаар 2023 оны 03 сарын 15-ны өдөр Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид, БШУГ-ын дарга Ц.Мөнхбат нарт:   -Сургуулийнхаа дотуур байрны барилгын нөхцөл байдлын тухай, -2023-2024 оны хичээлийн жилд сурагчдыг хүлээн авах боломжгүй тухай, -Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа тухай, -Шинээр баригдах дотуур байрыг энэ ондоо багтаан бариулах тал дээр дэмжлэг үзүүлэх тухай албан тоот бичгүүдийг хүргүүлсэн.

Дотуур байрны барилгын гүйцэтгэгч компанитай барилгын ажлыг хэзээ эхлүүлэх хийгээд сургуулийн захирлын зүгээс шаардлагатай зүйл юу байгаа, барилга хэзээ баригдаж эхлэх талаар тогтмол мэдээлэл авч ажиллаж байна. 5 сарын сүүлээр барилгын ажил хийгдэж эхэлнэ гэсэн хариу тайлбар өгсөн.

-Тасагтаа 6-7-гоороо хамт амьдарч байгаа талаар ямар байр суурьтай байна вэ?

-Нийт 25 тасгаас 12, нэмэлтээр жижүүрийн өрөө болон складны өрөөг ашиглан 14 тасагт 76 сурагчийг хүлээн авч байгаа. Эцэг эх болон сумын Засаг дарга, сургуулийн захиргааны зүгээс нөөц боломжоороо засвар хийе гэсэн асуудлыг тавьсан боловч актлагдсанашиглах боломжгүй барилгад засвар, үйлчилгээ хийж болохгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гаргасан. Одоо ашиглаж буй тасгуудыг эцэг эхчүүд, сурагчид өөрсдийн нөөц боломжоор тохижуулан амьдарч байна. Цаашид энэ байдлаараа явсаар байвал сурагчдын эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл үүсэх нөхцөл байдалтай байна гэж үзэжшинээр баригдах дотуур байраа яаралтай бариулах шаардлагатай байна.

ӨГИЙНУУР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ш.ҮҮРЦАЙХ: ОДООГООС 20 ЖИЛИЙН ӨМНӨ НАМАЙГ СУРАГЧ БАЙХАД Л ИЙМ БАЙСАН

Энэ байрны асуудал аль 2000 онд л ийм байсан. Би тэр үед сургуулийн сурагчдотуур байранд амьдардаг байсан. Хүүхдүүд маш хэцүү орчинд байгааг мэднэ. Шинэ барилгын хувьд 2019 онд хөрөнгө оруулалтын 50 хувь нь тавигдаж, 2020 онд эхэлсэн. Тэр ондоо зогссон. Зогссон шалтгаан нь барилга угсралтын ажил чанаргүй баригдаж байсан учраас мэргэжлийн байгууллагад хандажхяналт хийлгэх хүсэлт гаргасан. Энэ дагуу барилгын ажлыг зогсоосон. 2021 онд үлдэгдэл 700 сая төгрөг тавигдсан боловч татагдсан. Одоо хүүхдүүдийн байрлаж байгаа энэ барилга ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Гараараа эмрээд үзтэл шавар нь унаж байсан. Чанарын шаардлага хангаагүй энэ байдлыг би эсэргүүцээд ГХБХБГ-т хүсэлт тавьж үзүүлтэл шаардлага хангаагүй гэсэн. Барилгын хэлээр бол рентген тавиулсан. Тэгээд хүчитгэлийн аргаар сэргээн барьж болно гэсэн зөвлөмж өгсөн. Ингээд чанаргүй гэдэг байдлаар барилгыг зогсоосон. Хүчитгэл хийх ажлын зураг төсөв нь гарсан. Гүйцэтгэгч компани нь өөрөө хийлгэсэн. 2022 онд БСШУЯ, Сангийн яам, БХТ , ГХБХБГ, сумын Засаг дарга оролцсон царцсан барилгуудын талаар хэлэлцүүлэг хийхэд хэлсэн. Анхаарал хандуулна гэсэн. Ингээд чимээгүй байгаа.

Сумын Засаг даргаас мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт байна уу гэхэд “Надад ирээгүй” гэсэн бөгөөд утсаар аймгийн ГХБХБГ-ын даргатай ярив. Дүгнэлтийг авч өгөхөөр болов.

МӨНГӨӨ АВСАН КОМПАНИД АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГЫГ УДАА ДАРАА ТАВЬЖЭЭ

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээлэл: Барилгын ажлын явцын үнэлгээ, албан шаардлагууд

2020 онд барилгын 1,2-р давхрын карказ угсралтын ажил хийгдэж дууссан боловч барилгын 1-р давхрын багана, дам нуруу, хучилтын бетоны марк төслийн бат бэхийг хангаагүй. ШУТИС-БАС-ын Оношилгоо, зураг төсөл, судалгааны Я.Дүйнхэржаваар ахлуулсан “Реконстракшн” төвөөр хэмжилтийн дүгнэлт гаргуулсан. 2021 онд улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй тул барилга угсралтын ажил хийгдээгүй. 2022 онд 700 сая төгрөг улсын төсөвт тусгагдсан боловч гүйцэтгэгч байгууллага ажлыг эхлүүлээгүй тул буцаан татагдсан. 2023 онд материалын үнийн зөрүүнд 169,1 сая төгрөг суусан. Гүйцэтгэгч нь хүчитгэлийн зураг төсвийг “Бүрэн трейд” ХХК болон зураг төсөл зохиогч байгууллагаар хийлгүүлж байна. Зургийн үйл явц магадлал хийгдэх шатандаа явж байна.

2021.07.22-ны мэдээлэл: 2021.07.21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, тус газрын дарга инженерүүд, орон нутгийн удирдлагуудын хамт газар дээр нь үзэхэд 1,2-р давхрын хучилтаас борооны ус гоожсон байдалтай, цутгамал төмөр бетон багана болон хөмсөгний бетон цутгалтын ажил чанаргүй болсон байна.

2021.07.24-нд МХГ болон бусад газруудын хамтарсан үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах мэдэгдэл өгчээ.

2022.06.28-нд Барилгын ажил 2019 оноос хойш 50 хувьтаай зогссон байна. 2021 онд МХГ-ын үзлэг шалгалт хийхэд цутгалтын ажил чанаргүй болсон нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон тул өөрийн хөрөнгөөр хүчитгэх арга хэмжээ авч ажиллах талаар захиалагч байгууллагаас удаа дараа шаардаж мэдэгдсэн. Иймд барилга угсралтын гэрээний үүрэг хариуцлагын дагуу барилгын үлдэгдэл санхүүжилт болох 2022 оны улсын төсөвт 800,0 сая төгрөгөөр барилга угсралтын ажлыг дуусгаж, 2022 оны 8-р сарын 25-ны өдрийн дотор байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг мэдэгджээ.

2023.03.17-нд Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан 2023 оны 3-р сарын 25-ны өдрийн дотор ажлаа үргэлжлүүлэхийг мэдэгджээ.

БШУГ-ын дарга Ц.Мөнхбатаас утсаар тодруулахад: Баригдаж байгаа барилгын нэг давхрынх нь бетоны даац стандартдаа хүрэхгүй гээд зогсоочихсон юм билээ. Гүйцэтгэгч компани энэ жилдээ багтаагаад оруулна гэсэн. Төсөв нь бол тавигдсан учраас олгогдоно гэсэн үг. Хүчитгэл хийх мөнгийг гүйцэтгэгч нь өөрсдөө гаргана. Энэ асуудлаар БШУЯ болон Барилгын хөгжлийн төвд хандаж уулзах гэж байна. Нэмэлт мэдээлэл авбал өгнө гэлээ.

 

ХҮҮХДҮҮДИЙН ХОХИРЛЫГ ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАСАН “ХАТАНТ КОНСТРАКШН”

“Хатант констракшн” ХХК нь 2019 онд Хотонт суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг барьж байжээ. Архангай аймагт тендерт орж, ажил гүйцэтгэж байсан түүх байгаа эсэх талаар Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуягаас тодруулахад Хотонтын Соёлын төвөөс өөр байхгүй гэж хариулав.

“Хатант констракшн” ХХК-ий захирал П.Батсайхан: 2019 онд төсөв тавигдаад барилга эхлээгүй тул татагдаад 2020 онд дахин тавигдаад барилгын ажил хавраас эхэлсэн. Сууриа тавиад, ханаа босгоод, цутгалтаа хийгээд 56 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. 2021 онд үлдэгдэл 700 гаруй сая төгрөг тавигдсан байсан. Үргэлжлүүлээд ажлаа хийх гэж байтал сум, сургуулийн удирдлагууд чанаргүй баригдаж байна гээд зогсоолгосон. Төсөв нь буцаад татагдсан. ГХБХБГ-ын мэргэжилтний үгээр барилгын явц муу байна гэж харагдах байдлаар зогсоосон. Өөрөө мэргэжлийн хүн авчруулаад, сумын Засаг даргыг дагуулж яваад үзсэн. Айхтар буруу зөрүү юм байгаагүй. Хүчитгээд барихад болно гэсэн. Ингээд 2020 онд зогсоосон учраас санхүүжилт татагдсан. 2023 онд ашиглалтад өгөх барилга байтал одоо ийм байгаа болохоор ашиглалтад оруулж амжихгүй. Надад албан ёсны дүгнэлт ирээгүй гэв.

Тэрээр БШУЯ-наас 2023 оны төсөвт 169,1 сая төгрөг тавигдсан байгаа гэдгийг мэдэхгүй байв.

 

Өгийнуур сумын Өгий багийн иргэн Ш.Отгончимэг: Дотуур байранд манай хоёр хүүхэд амьдарч байна. Асуудал үнэхээр хүнд. Манай хүүхдүүд тасагтаа тавуулаа амьдардаг. Намар будаг, шохой түрхээд оруулсан, нэмэргүй юм билээ. Хулганатай, хүйтэн. Цав гарчихсан таазтай өрөөнүүдэд хүүхдүүд одоо ч амьдарч байгаа. Ангайж ангайж байгаад нурсан гэж ярьдаг. Тааз нь нурангуут нь өөр тасаг руу оруулаад, бараг эрэгтэй эмэгтэйгээрээ холилдоод амьдарч байна. 2023 оны 10 сар гэхэд чанарын шаардлага хангасан байрыг бариулж оруулах хэрэгтэй байна. Бид яриад явахад бэлэн байна. Санаа тавьж хөөцөлдөхгүй байгаа сум, сургуулийн удирдлагуудад харамсаж байна. Эцэг эхчүүд бидэнд ч тодорхой мэдээлэл өгөхгүй. Хаанаа хэн нь буруутай, нэг тал нь муу гээд зогсоосон гэх маргаантай байдал, улсын төсвөөс мөнгийг нь өгөөд байдаг гэсэн, буцааж татуулаад байдаг гээд ойлгомжгүй юмнууд байна. Урагшгүй удирдлагуудаас ч хамаарч байна гэж үзэж байна гэлээ.

ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ЭНЭ НАМАР Ч БАРИЛГАГҮЙ БАЙЦГААХ ВИЙ

2022 онд Өгийнуур сум болон сургуулийн 70 жилийн ой нь тохиож тэмдэглэсэн. Ой болохоор хандив тусламжийн гараа малчдаас эхлээд бизнесмэнүүд, төгсөгчид, төлөөлөгч, гишүүд, “томчууд” ямар уриалгахан сунгадаг билээ. Харин барилгын “араг яс”-ыг харж гомдол, горьдлого тээсэн дотуур байрны хүүхдүүдэд гэр ч болтугай бариад өгчих нинжин сэтгэл дээр нэгдэж нийлж болсонгүй гэж үү?

Хараажийн мод чулуухнаар баригдсан 50-иад жилийн өмнө барилгыг 44 жилийн дараа л солихоор шийдсэн энэ байдалд үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг, сум, сургуулийн удирдлагууд бүгд буруутай. Тэрчлэн эцэг эхчүүдийн дуу хоолой, хайхрамж, тэмцэл ч дутжээ гэж ойлгогдож байна.

2019 онд барилгын шав тавихад тууз хайчилж сүржигнээгүй л байгаасай. Хойтон өвөл халуу дүүгсэн шинэ байранд орж, хөвгүүд охид тусдаа жорлонтой, усанд ордог газартай болно гэж хүүхдүүд өнөөх л зутруу бүхнээ яасан их тэвчсэн бол.

2020 онд дуусна гэж төлөвлөсөн барилгын хэрзийсэн байгууламж Есөн сарын нэгэнд бахь байдгаараа угтахад хүүхдүүдийн хичээл сурлагын хамаг хүсэл нь унтарч, сэтгэл нь хүйт даасан байх даа...

Сургуулийн солигдсон өмнөх, хойдох захирлууд, сумын Засаг дарга, мэргэжлийн байгууллагууд ЗОГСООЛОО гэж сүржигнэхээс илүү ямар гавьяатай вэ? БШУЯ, аймгийн удирдлагууд, БШУГ нь ямаршуу хүч, нөлөөтэй вэ? Тендер авсан компаний хариуцлага, хүчин чадал ямар вэ? гээд олон асуулт ургахаар байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан гээд байгаа ч сум, сургууль, компаний удирдлагууд гар дээрээ аваагүй гэхчлэн сүржин мөртлөө даржин үр дүн анзаарагдаж байна. Эцсийн дүнд бурууг илрүүлсэн баатрууд юуг ч өөрчилсөнгүй...

Энэ намар эдгээр хүүхдийг ийм муухай байшинд хүчээр амьдруулахгүйн төлөө бүх шатны шийдвэр гаргагч нар шийдлээ олоосой.

О.АМАРЗАЯА,

Архангай медиа группийн Өгийнуур сум дахь

сурвалжлагч Д.ГАНЧИМЭГ

933   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох