Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-11-23

ТА Ч ГЭСЭН ТЭТГЭВЭРТ ГАРНА

Залуу халуун насандаа улс нийгмийнхээ төлөө сэтгэл зүрх, хүч чадлаараа үнэнч шударга хөдөлмөрлөж явсан 1940, 1950,1960-аад оны хүмүүс өнөөдөр тэтгэвэртээ сууж байна.

Тэтгэвэрт гарна гэдэг бол хүний амьдралын хамгийн эмзэг үе байдаг бөгөөд юун түрүүнд ажил хөдөлмөр хийж байх үедээ авч байсан цалингийнхаа 50 орчим хувьтай тэнцэх хэмжээний орлогоор амьдрах асуудалтай тулгардаг. Саяхан л сайхан хамт олны дунд байж, ажиллаж явсан ахмадууд маань энэ үеэс л эхэлж нийгмээс тусгаарлагдаж, ганцаардан өөрийг нь хэн ч тоохгүй болж байгааг мэдэрч эхэлдэг.

Бидний дэргэд байгаа үе тэнгийхэн минь: “Хөгшин гээд хүний тооноос хаслаа, нас ахих тусам найз нөхөд багасч, дотно яриа өрнүүлэх хүн бүр ч байхгүй болж байна аа” гэж амьдралын гашуун боловч үнэнийг ярьцгаадаг. Тэтгэвэрт гарсан ихэнх хүмүүсийн сэтгэл санаа хямарч, амьдрал нь доройтон улам хурдтай хөгширдөг гэсэн судалгаа ч байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дундаж наслалтыг гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 18-65 насыг залуучууд, 66-79 насыг дунд насныхан, 80-99 насыг өндөр настан /ахмад/, 100-аас дээш насыг урт насалж буй ахмад гэж ангилжээ. Энэ судалгаанаас харахад хүмүүс илүү урт насалдаг болж байгааг анзаарч болох бөгөөд насжилт нь хүний эрүүл мэндийн байдал, идэвхтэй амьдралын хэв маяг, тухайн улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, эрүүл мэндийн салбарын хөгжил, ахмад настнуудын талаар төр засгаас нь явуулж байгаа бодлого зэргээс хамааралтай байна. 

Өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн янз бүрийн хангамж тусалцаа элбэг, эрүүл мэндийн үйлчилгээ сайн учраас настайчууд нь санаа зовох зүйл багатай, өөрийн дуртай зүйлээ хийж, эрүүл саруул амьдрах бүрэн боломжтой байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл төрөөс иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тавих анхаарал халамж ямар байгаагаас хамаарч хүн амын насжилт тодорхойлогдож байна. Хүний насжилт уртасч байгаатай холбоотойгоор “Эрүүлээр хөгшрөхүй” гэх үзэгдэл дэлхий даяар эрчээ авч байгаа бөгөөд энэ нь улс орны төр засгаас ахмадууддаа зориулсан эрүүл мэнд болон нийгмийн тусгай цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч хүн хөгшрөх явцдаа сайн сайхан амьдарч өөрийн чадавх болоод нөөц бололцоог алдахгүй байхад тусалцаа үзүүлэх нь улс орнуудын гол зорилго гэж дүгнэсэн байна.  

Тэгвэл Монголд ийм байдлаар амьдрах бололцоогүй юу? Ажил хөдөлмөр эрхлэх чадалтай насандаа улс эх ороныхоо хөгжлийн төлөө хүчээ зориулсан ахмадууд маань тэтгэвэртээ гараад багахан хэмжээний мөнгөөр амьдралаа авч явах болж, улмаар нийгмийн хамгийн эмзэг, сул дорой, амьдралын баталгаагүй хүмүүс болон хувирч байна.

Ахмад настнуудынхаа эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, ажиллаж байсан байгууллагынх нь үүргийг тодорхой болгох чиглэлээр Монгол Улсын төрөөс анхаарч, 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталж, Засгийн газрын 197 дугаар тогтоол гаргасан байдаг. Энэхүү хууль, тогтоолоор төрөөс ахмад настнуудад үзүүлэх үйлчилгээний төрөл, арга хэлбэр, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны хөгжил оролцоог хангах, ахмадын сан байгуулж ажиллуулах, ахмад настан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэнд ахмадууд баяртай байдаг.

Засгийн газрын 197 дугаар тогтоолоор аж ахуйн нэгж байгууллага нь төсөв, болон үйл ажиллагааны орлогоосоо цалингийн сангийнхаа гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр ахмадын сан байгуулж, жил бүрийн цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан тэдэнд хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйл гардуулах, ахмадуудын дунд аялал, уралдаан тэмцээнийг зохион байгуулахад энэ сангаас дэмжлэг үзүүлнэ гэж заажээ.

Аж ахуйн нэгж байгууллагаас цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан ахмадууддаа үзүүлэх мөнгөн дэмжлэгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувиас багагүй байх журамтай. Энэ нь 2020 оны 1-р сарын 1-нээс мөрдөж байгаа ХХД  хэмжээ 420,000 төгрөгөөр тооцоход нэг ахмад настанд 84,0 мян. төгрөгийн мөнгөн дэмжлэг олгохоор байгаа юм.

Дээрх хууль, шийдвэрийн дагуу зарим нэг төсвийн байгууллага ахмадуудаа хүлээж аваад 50.0 мянган төрөгийн дэмжлэг гардуулсан байхад зарим байгууллага 5.0-10.0 мянган төгрөгт багтсан чихэр ундаа гэх мэтийг гардуулсан байна.

Ахмад настны тухай хуулийн 8,1,5 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 197 дугааар тогтоолоор батлагдсан журмаар ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино, ахмад настан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход зориулсан нийтийн тээврийн цахим картыг аймаг, нийслэл дүүргийн халамж үйлчилгээний байгууллага олгож байхаар шийдвэрлэжээ. Гэтэл орон нутгийн ахмадууд ач зээгээ харах, эмнэлэг сувилалд эмчлүүлэхээр УБ хотод тодорхой хугацаагаар явж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр явахад бэлэн мөнгө өгвөл жолоочид загнуулна, өгөхгүй болохоор үйлчлэхгүй байх нь элбэг.

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим картын талаар ахмадуудын төлөөлөл 2019 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд санал хүсэлт тавьсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд нь төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй, асуудал тавихаар энэ нөхөр тэтгэвэрт гарчихаад юу яриад явна гэсэн байдлаар ханддаг болжээ.

Ахмад настны тухай хуульд нутгийн захиргааны байгууллага нь ахмад настны дунд биеийн тамир, спорт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахад зориулалтын барилга байгууламжийг үнэ төлбөргүй ашиглуулах, тэдэнд зориулсан чөлөөт цагийн танхим, мэдээлэлийн төвийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх зэргээр ахмад настны хөгжил, оролцоог төрөөс дэмжихийг хуульчилсан байна. Гэтэл...

Архангайн ахмадууд бид өөрийн гэсэн зориулалтын байр танхим, өргөөтэй бил үү? Нэг байшин бий. Харин тэр нь хувийн орон сууцны зориулалттай, хэдэн онд барьсан нь мэдэгдэхгүй, өвөл зунгүй хөрсний ус оргилж байдаг, барилгын суурь хана нь цуурч хагарсан, хөгц мөөгөнцөр ургасан, хөгшин хүн байтугай хөл гар сайтай залуу хүн ч гарахад хэцүү эгц босоо шаттай, хүйтэн сэрүүнхэн гурван давхар “өргөө” юм.

Ахмадын байгууллагаас настангууддаа шинэ мэдээлэл хүргэхээс эхлээд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна гэхээр байр танхимын багтаамж гээд орчин нөхцөл нь нэг л болж өгөхгүй байна. Уг нь ахмадууд маань өөрийн гэсэн стандартын байр, өргөөтэй бол хэвлэл сониноо уншиж, үе тэнгийн нөхөдтэйгээ хуучлан чөлөөт цагаа өнгөрөөх, мөн төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, сэтгэн бодох бололцоогоо нээх, хамтдаа хийн болон аэробекийн дасгал, бясалгалын сургалт, нийтийн бүжиг явуулах зэрэг ажлыг хийж болохоор байна.

Аймгийн Ахмадын хороонд ашиглагдаж байгаа сандал ширээ, дасгал хөдөлгөөн хийх зориулалтай дугуй, гүйлтийн зам, теннисний ширээ зэрэг нь санаа зовж сэтгэл өвдмөөр эд хөрөнгө байдаг юм билээ. Энэ нь ахмадын өргөөг анх хандив тусламжийн хөрөнгөөр тохижуулсан, албан байгууллагын акталж хаягдсан эд зүйлийг цуглуулж авсан болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр...

Хүн бүр л өвөө эмээ, аав ээжийгээ урт насалж, удаан жаргаасай гэж хүсдэг. Гэтэл наанадаж л тэдний маань цугларч чөлөөт цагаа өнгөрөөх өргөөнд байгаа эд хогшил нь ч нүд хальтрам. Ахмадуудад дулаан тохьтой байр танхим, бүрэн бүтэн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байна. Цаашлаад хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ахмадуудынхаа эрүүл мэндийг хянаж зөвлөгөө өгдөг эмч, арга зүйч нар ч ажиллах хэрэгтэй санагддаг.

Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлж, одоогийн ахмадын өргөөг шинэчлэн сайжруулж өргөтгөх, ширээ сандал, компьютер зэргээр хангаж, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн удирдлага, хурлын төлөөлөгч нар маань сэтгэл гаргана гэдэгт ахмадууд итгэж, бас горьдлоготой л байна. 

Ахмадуудын төр болон нийгмээс халамж хайр хүртэх тухайд иймэрхүү нөхцөлтэй байна. Тэгвэл өөрсдөөс хамаарах асуудалдаа хэрхэн ханддаг, мөн хөдөлмөрийн чадавхаа ашиглах боломжийг эрэлхийлдэггүй тухайд өөр нөхцөл бас бий.

55, 60 нас хүрч байгаа иргэд маань тэтгэвэрт гарах сэтгэл зүйн бэлтгэлгүй, тэтгэвэрт гарсны дараа яаж амьдрах, ямар ажил хөдөлмөр эрхэлж болох талаар төлөвлөж боддогүй, ажилласан жил, авч байсан цалин, хэдэн төгрөгийн тэтгэвэртэй болохоо ч тооцож үздэгүй, нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтанд даатгаж орхидог. Хуулийн мэдлэг дутмаг, тэр дундаа өөрсдөд нь зориулсан Ахмад настны тухай хуулиа мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй, амьдрал ахуйд гарч байгаа зовлон бэрхшээл, сэтгэл санаа зовоож байгаа асуудал, санал хүсэлтээ төрийн байгууллага, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч, сум, багийн удирдлагадаа танилцуулж дэмжлэг тусалцаа авч чаддаггүй тал байна.

Ахмад настны тухай хуулийн 11.1 дэхь хэсэгт ”...өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ”, мөн МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хуулийн заалт, Засгийн газрын бодлогыг үндэслэн “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж 2020 оноос оноос хэрэгжүүлэхээр боллоо.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгтэйгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг бий болгоход чиглэгдсэн байна.

Энэхүү хөтөлбөрт ахмад ажилтныг сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн хувьд тэтгэвэрт гарахад бэлтгэх,  ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, ахмад настны эрүүл мэнд, насжилтыг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, ахмад настны амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр олон ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Уг нь бол ахмад настнууд маань амьдралын туршлагатай, хийж байсан ажлынхаа талаар мэдлэгтэй, мэргэшсэн, нийгмийн идэвхтэй нэгэн байдаг. Судалгаагаар 18-28 насны бүлэг сонгуульд хамгийн бага оролцдог байхад 50-иас дээш насныхны 97-98 хувь нь сонгуульд саналаа өгдөг байна. Иймд орон  нутгийн удирдлага, улс төрчид ахмад настандаа анхаарал халамж тавьж, эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмжих талаар илүү анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын зүгээс сумдын болон аж ахуйн нэгж байгууллагуудын Ахмадын зөвлөлийн дарга нарыг жилд 1-2 удаа хүлээн авч, мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилт, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, ахмадуудынхаа санал бодлыг сонсож, шаардлагатай дэмжлэг тусалцаг үзүүлж байх нь зүйтэй юм.

Ахмадууд маань сэтгэл санаа тайван, санаа зовох зүйл багатай, өвчин зовлонгүй, эрүүл энх байвал насныхаа намарт намбайж, дуртай зүйлээ хийж, өөрийгөө тойлж, хүүхэд залуучуудад зөвлөмж сургаалиа хэлж, орон нутгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, засаг төрөө шүүмжлэхгүй, эв нэгдэлтэй байхыг сургасан шигээ байхсан.    

Ахмад настаны тухай хуулиар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь ахмад настны амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настны хөгжил оролцоог дэмжих, ахмад настны талаарх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч аймгийн Халамж үйлчилгээний газраас энэ хууль тогтоомж, Засгийн газрыг шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, хуулийг хэрэгжүүлэх талаар ямар ч ажил хийхгүй байна. Түүнчлэн ахмад настнуудад чиглэсэн ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар ахмадуудад мэдээлэл өгдөггүй.

Дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэх үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэн бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх болжээ. Иймээс ч ажилтныг тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлэн үлдээхийг эрмэлздэг болж байна.

Ер нь бол ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц тэтгэврээ тогтоолгохыг шаардах, хамт олны дунд элдэв яриа шүүмжлэл үүсгэх, хууль дүрэм ярьж шууд ажлаас чөлөөлөх зэрэг дарамт шахалт нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд нь сөрөг нөлөөтэй байдаг тул “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй юм. Та ч гэсэн нэгэн цагт тэтгэвэрт гарах болно.  

                                 Ахмад настан А.БЯМБАЖАВ

/"Архангайн амьдрал" сонин№08/652/

357   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох