Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-20

ХҮНИЙ СУРСАН ЭРДЭМ, ЧАДВАРЫГ ХЭН Ч БУЛААХГҮЙ

Төвшрүүлэхийнхэн Рина эгчийг андахгүй. Тэрээр, нийтийн ахуй үйлчилгээнд 20 настайдаа оёдолчноор орсноос хойш 53 жил өнгөрчээ.

Тэрээр: “Дөрөв тавхан настайдаа ээжээсээ өнчирсөн охинд зааж зурах хүн байгаагүй ч, даавуу хайчилж, утас зүү нийлүүлсээр нэг мэдэхэд л өөрийнхөө хувцас дээлийг оёод сурчихсан.  Сангийн аж ахуй тарснаас хойш, олон газар үүдээ хааж, ажилгүйчүүд олон болсны нэг нь би л дээ. Гэхдээ хөл машин худалдан авч, гэрээрээ оёдол эсгүүр хийж эхэлсэн. Нөхөр маань барилга ангийн даамлаар олон жил ажиллаж байгаад байгууллага нь хувьчлагдаж, бас л хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Хүүхдүүд бага, улс орон зах зээлд шилжээд юм юм л амаргүй байх тэр үед бид хамтраад л зүтгэдэг байв. Одоо хүүхдүүд тусдаа гарч, бүгдээрээ л хувиараа хөдөлмөр эрхэлж байна даа. Охидууд, бэрүүд бүгд л оёж хатгана. Нэг охин надтай хамт ажилладаг. Одоо бараа материал авахааар явчихсан байна. Бас нэг охин аймгийн төвд оёдлын газарт. Манай ач зээ нар дээл хавах, товч зангидах, эвхэх, индүүдэх гээд олон ажлыг нугална. Хүний сурсан эрдэм, чадварыг хэн ч булаахгүй, өнгөлж зүлгэж явах өв хөрөнгө гэдгийг тэд нартаа хэлдэг” хэмээн хуучиллаа.

-Тантай хамтарч ажилладаг хүн олон уу? Дээл эсгээд, юм индүүдээд байж таарах юм. Өнөөдөр л гэхэд Ш.Наранцэцэг эгч.

-Олон олон. Нараа бид хоёрын хувьд Дэлхийн Зөн ОУБ-ын шугамаар байгуулагдсан ”Уран шаглаа” бүлд 2005 оноос хойш есөн жил хамт ажиллаж байсан юм. Ер нь оёоны хүүхнүүд их эвсэг шүү. Захиалга ихтэй үед би дээлээ эсгээд, зохих хөлс мөнгийг нь өгөөд оёулна. Надад эчнээ шавь гэж болохоор охид бүсгүйчүүд бас бий. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үнэн шүү. Хэн хичээл зүтгэлтэй нь илүү юм сурч мэднэ.

-Таныг харахад ямар ч харааны шилгүй зүү сүвэлж, эсгүүр оёдлоо түүртэлгүй хийх юм. Хараа сайн байна аа? 

-Бурхнаас оёдолчин бол гээд “тусгай” нүд заяасан юм аа. /инээв /. Тэр нь ч юу юм. Гэхдээ эрүүл саруул, эрхтэн бүтэн хувь заяандаа талархаж явдаг. Бусдыг бол хүн өөрөө хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж байж л бий болгоно гэж аав маань захидагсан. Миний эцэг Рэнцэнсамбуу гэж олны төлөө буян үйл хийдэг лам хүн байлаа. Нутгийнхан бүгд андахгүй. Аавын минь ач буян биднийгээ ивээж явдаг гэдэгт итгэдэг шүү.

-Та өнгөрсөн жил Хөх хот явсан гэж дуулдсан. Тэр талаараа сонирхуулаач?

-Манай суманд хэрэгжиж байгаа ”Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил” ОУ-ын  төслийн шугамаар үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Хөх хотод болж, би 10 гаруй бүтээлээр оролцсон. Би чинь 73 настай, насаараа шахам юм оёсон хүн шүү дээ. Гэтэл надад суралцах зүйл их байлаа. Талархал их хүлээж, сэтгэл өөдрөг, эрч хүч дүүрэн  ирсэн дээ.

Түүний яриа агуулга сургамж, үлгэр дууриаллаар баян, чихнээ чимэгтэй байлаа. 

“Хүүхдүүд, ойр дотны хүмүүс маань одоо амар, хөлөө жийгээд суух нас чинь гэх нь бий. Би харин “Та нар надад хайртай л бол намайг битгий хорь” гэж хэлдэг. Одоо ч хүчлэхээ больсон шүү” гэх яриа нь түүнийг ясны хөдөлмөрч гэдгийг илтгэнэ.

Ар талд оёдлын машины шур шур хийх чимээ...”Сайн уу, Рина эгч ээ” гэх яриа хадсаар үлдлээ...

                                                                                                                                                                 Төвшрүүлэх суманд дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал 

                                                                                                                                                                                            /"Архангайн амьдрал" сонин. №17/661

1567   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох