Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-11-18

ТАЙХАР ЧУЛУУ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЭРТНИЙ СУДАР БИЧИГ

Танин мэдэхүй:

Дэлхийд ганцхан Тайгүрү минь

Архангай аймгийн төвөөс баруун хойш 22 км зайд хойд Тамирын голын урд хөвөөнд Тайхир (Тайхар) чулуу нэртэй олноо алдаршсан, 16м өндөртэй өнчин цохио байх бөгөөд байгалийн болон түүхийн хосгүй ховор чандмань эрдэнийн дурсгал учраас Монгол улс төдийгүй Дэлхийн дахины түүх дурсгалын чухал ач холбогдолтой.

- Тайхир чулуун дээр чулуун зэвсгийн үед /МЭӨ 6000-3000/ бүтээгдсэн хурц зүйлээр зурж сийлсэн Монголын түүхэнд хамаарах элдэв дүрс, хөрөг, тамга, тэмдэг байхын зэрэгцээ хар бэх, улаан зосоор бичсэн 7-8-р зууны үеийн Түрэг бичиг, 10-р зууны үеийн Уйгар бичиг, 13-р зууны үеийн Монгол бичиг, 16-17-р зууны үеийн Монгол бичиг, мөн Монголын үеийн тод үсгийн бичиг, Манж, Түвд, Хятад Түрэгийн үеийн Орхон- Енисейн рун бичиг болон согд, уйгар, кидан зэрэг 150 гаруй бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн. Тиймээс дэлхийн хамгийн том судар бичиг юм. Эдгээр бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, залбирал, бэлэгдлийн утга санаа бүхий бичиг голлохын сацуу Монголын түүхэнд нэр алдраа мөнхлөн үлдээсэн эртний Түрэгийн төрийн зүтгэлтэн Кули-чур, Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт Хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурдагддаг байна.           

- 17-р зууны үед Нанжун ноён гэгч << Тэнгэрийн заяагаар ургасан Тайгүрү дор очиж мөргөе...>> гэж бичсэн үг Тайхир чулуунд байхыг судалжээ. Нангиадаар <Сахиусан хад> гэсэн ажээ. Тайгүрү гэдэг үг бол их багш гэсэн Монголын хуучирсан зээлмэл үг. Тай гэдэг нь их гэсэн нангиад үг, гүрү гэсэн нь багш гэсэн Энэтхэг үг, дээрх бичээсээс үзэхэд Тайхир биш Тайгүрү гэдэг байсан бололтой.

- Монголчууд онцгой ганц мод, бут, цохио чулууны орчмын газраас ан агнах мод, чулуу авахыг цээрлэж, үүнийгээ тэнгэрийн элч, газар лусын савдагтай гэж үздэг байжээ.

- Голын уудам хөндийн тэгш намхан зүлгэн дээр онцгой ганцаараа тогтсон сонирхолтой энэхүү чулуу эрт дээр үеэс анхаарал татсаар ирсэн бөгөөд эртний нүүдэлчин овог аймгийн үед бөөгийн мөргөл тахилгын онгон сүлд болгон тахиж байжээ. Тахилга нь зүгээр нэг байгальд хүндэтгэл үзүүлсэн ёслол төдий зүйл бус. Энэ нь уул, усныхаа амин чанар болох лус савдгийг аргадаж, тэдэнтэй оюун санааныхаа хүчин чадлаар холбогдон харилцаж, хүн-байгалийн хүйн холбоо хэлхээг бататган дээдэлсэн оюуны соёлын нандин өв мөн.

- Хосгүй ховор чандмань эрдэнэ гэдэг бэлгэдэл нь  гадаад их далайгаас залж авчирсан гайхамшигт ид шидтэй, хүн бүгдийн хүслийг хангадаг норов эрдэнийг хэлдэг байна. Тиймээс чандмань эрдэнэ гурван дүрсээс, норов эрдэнэ нь таван дүрсээс бүтдэг. Гурван дүрс нь бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах, таван дүрс нь тэгш 5 хүсэл буюу таван мэдрэхүйн баясгалан /харах, амтлах, үнэртэх, сонсох, хүртэхийн цэнгэл/-ийг хангана гэсэн утгатай болно. Энэ учраас чандмань, норов эрдэнэ зэрэг үг нь монгол хэлнээ ихэд хүндтэй ховор нандин эрдэнийг төлөөлсөн утгатай ажээ.

САХИУСАН ХАД

Тэнгэрийн заяагаар ургасан

Тайгүрү дор очиж мөргөмүй ....

Тамирын голын уудам хөндийн

Тэгш намхан зүлгэн дээр

Онцгой ганцаараа тогтсон

Онгон дагшин шүтээн минь

    Эртний нүүдэлчин овог аймгийн

    Бөөгийн  мөргөлийн тахилгатай

    Олон мянган жил онголон дурсагдсан

    Орчлонд хосгүй норов эрдэнэ минь 

Монголын түүхийн соёлыг шингээсэн

Түрэг, Уйгарын бичээсүүдтэй

Дэлхий дахины түүхийн дурсгал

Тэнгэрийн элч сахиусан хад минь

Гадаад их далайгаас залж авчирсан мэт

Гайхамшигт ид шидтэй Тайгүрү минь

      Зон олны хүслийг биелүүлэгч

      Заяагаараа бүтээгдсэн чандмань эрдэнэ минь                                                                                                                    Арын сайхан хангай нутгийн

     “Тайхир чулуу” гэж олноо алдаршсан

      Тэнгэрийн заяагаар ургасан

      Тайгүрү дор очиж мөргөмүй....

“Сахиусан хад” шүлгийг Монголын эртний нүүдэлчдийн уламжлалт ёс заншил, байгалийн болон түүхийн соёлын өвүүдийг судалсан шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлан бичсэн болно.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч,

Нүүдлийн өв соёлыг хамгаалах холбоо”-ны тэргүүн Ч.Отгонжаргал

/"Архангайн амьдрал" сонин №17/661/

213   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох