Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-17

ГАЛ, УСНЫ ЭЗЭН ЯВСАН САРАНХҮҮ

Хүний хорвоод ховорхон тохиох ихэр заяатай төрдөг нь содон. Түчингийн Одонхүү, Саранхүү гэх ихрүүд бар жилтэй, 60 насны босгоод алхаж яваа, айлын сайхан аав, олон зээгийн өвөө нь. Хүн болгон л тэднийг Одон, Саран гэж хослуулж дуудна. Яаж мэдэхэв, зарим нь андуурдаг байж ч мэднэ.

Бага наснаасаа борог амьдралд өсч хар бор ажилд нухлагдаж сурсан болохоор тун ч хөдөлмөрч, хариуцсан ажилдаа нямбай чамбай, аж ахуйч гэдгийг нь нутгийн зон олон бүгд л мэдэх. ЗДТГ-ын жолооч Саранхүүг “Увс явах гэж байна” хэмээн даргыгаа хүлээх зуур хэдэн үг хөөрөлдөв. Уг нь холын хүнээс, хол яваад ирсэн хүнээс үг сонс гэдэг. Яагаад ч юм бэ би хол явах гэж байгаа гэдгийг нь сонсоод ярилцмаар санагдав.

Тэрээр 1978 онд Тариат сумын 10 жилийн дунд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн ойн ТМС авсан боловч хамаатны ахаа дагаад Дорноговийн Геологийн ангид өрмийн ажилчин болсон байна. 1980-1983 онд Ардын армийн 144-р ангид цэргийн алба хааж, авто засварчин хийхийн зэрэгцээ Монголын олон зуун жолоочийг бэлтгэсэн 107-р ангид жолооч болсноо яриад “миний алба хаасан Лүнгийн цэргийн анги маань хожим нь нохойн сургуулийн анги болсон” гээд л гурван жилийн цэргийн амьдрал, түүх нь цээжиндээ багтаж ядан нүд нь сэргээд л ярих шинжтэй...Ахлах цолтой жолооч байлаа гэж хэлүүлээд жолоог нь татуулав.

Сумандаа 1984 онд ирж, нийтийн ахуй үйлчилгээнд 11 жил ажиллахдаа уурын зуухны слесарь, авто мухлагийн 53-ын жолооч, 1986 оноос “Зил130” машины сумын төвийн усан хангамжийн жолооч хийж байгаад 1994 онд машинтайгаа ЗДТГ-т ирж, тэвш тавиулаад албан газрын модонд ёстой машинаа элэгдэж дуустал, өөрийнхөө хүч бярыг нойр хоолыг шавхан явсан даа.

Хойч үеэсээ уучлал гуйгаад гуйгаад баршгүй дэгээ. Аргал түүлгэж байхгүй яаваа ч гэж бодогддог. 

“Гал усны эзэн гэх гавьяатай явсан ч нэг талдаа одоо харамсаж явах юм. Тэр үеийн албан байгууллагууд дулаан өвөлжихийн эрхэнд л тэр их модыг татаж байж. Одоо харахад Цагааннуурын нутаг Нарийн, Өлийн даваа, Сөрт, Хорго багийн Хөх даваа, Гичгэнийн тогоо, Өл, Бөөрөлжүүт багийн дээд, доод Бөөрөлжүүт, Дэлийн ар, Мөрөнгийн Хүүхдийн мухар гээд л нээрэн дуусгасан байна шүү! Хойч үеэсээ уучлал гуйгаад гуйгаад баршгүй дэгээ. Аргал түүлгэж байхгүй яаваа ч гэж бодогддог.  Төрийн төлөө огтоно гэж бодсон ч нээрээ харамсдаг юм шүү! Гэхдээ өвөл халуу оргисон хүмүүс баярлаж суудаг байсан байх даа” гэх зуур эргэлзээ харуусал нүүрэнд нь тодорч байлаа.

Ийнхүү харамсангуй байх нь арга ч үгүй юм даа. Жилд сургууль 120 машин, эмнэлэг 60, соёлын төв, цаг уур, холбоо гээд жижиг байгууллагууд 15 машин, захиргаа 30 машин, Цагааннуур, Мөрөнгийн сургууль 40-45 машин гээд л дээр нь айл өрхүүд гэхээр үнэхээр модоо шудаж байсан байгаа биз.

“Модонд 10 сараас эхлээд л өвөлжингөө явна. Хавар 30-40%-ийг нь намар өвөл 60-70%-ийг нь татна шүү дээ. Өдрийн богинод сайн бол гурав явна. Өглөө 6 цагаас үдэш 24 цаг хүртэл. Модонд эртэй бяртай сайхан галч нар байлаа. Сургуулийн галч нар сайн шүү, арслан Батгаа, Амгалан, Доржготов, Энхтайван гээд...

Албан газрын модыг ганцаараа зөөж байсны учир нь гадны тэрэг авахаар төсвийн газруудад өртөг зардал нь их, өртэй гардаг. Ингээд л миний муу цэнхэр тэргийг л зүтгүүлнэ ш дээ. Орлогынхоо 60%-аар нь машиндаа сэлбэг, үйлчилгээ масло гээд 40%-аар нь цалинждаг байлаа. Муу “Зил130”-аа 20 жил зүтгүүлээд л актлуулсан. Цагийн аясаар 30 машин алга болох шив дээ.

За ингээд 2004 оноос даргын жолооч, нярав болох нь тэр. “УАЗ-469” бор ногоон, цагааныг уналаа. 2018 онд Тамгын газар өөрийн давсан орлогоороо “Prius10” машин авсан. Даргын дөрөв дэх машинаа унаж байна даа. Сумынхаа захиргааны албыг залгуулах ганц унаа нь. Аймаг, сум, баг, бригадад  тасралтгүй явна. Даргын тэрэг нэртэй боловч ЗДТГ-ын ажил албатай хэн бүхний л ажил үйлчилгээнд явна. Унах эзэн явах газар олон. Нэг үе бол их явдаг байжээ. Түргэний тэрэг байхгүй үед түргэн тусламжийн дуудлаганд ч явна.

Одоо манай дарга, албаныхан хувийн тэрэг унаатай болоод ойрын явдал бага болж байна. Аж ахуйн ажил ихтэй шүү. Тамгын газрын гадна дотны аж ахуйн ажлаас гадна, сум багийн баяр наадам аливаа баяр ёслол, уул овоо тахилга, хог цэвэрлэгээ гээд хөөцөлдөх хийх ажлууд ундарсаар л байх.

Төр, түмнийхээ төлөөх үйлчилгээний ажилд ийнхүү хоёргүй сэтгэлээр зүтгэж 42 жилийн нүүр үзсэн хэн бүхэнд Саран “ах” гэж хүндлэгдэх Саранхүү маань сум байгууллагынхаа аварга, шилдгээр удаа дараа шалгарсны зэрэгцээ осолгүй манлай, онц тээвэрчин цол шагнал гээд жолооч мэргэжлээрээ бахархаж явдгаа ч хэллээ.

Ажилласан жил хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг үнэлэх нь дамжиггүй гэдэгт эргэлзэхгүй байна. Саранхүү төр түмний албанд зүтгэсээр л. Энэхүү “УАЗ-Хантер” машиныг сумын баяр наадмаар авсан.

Одоо Увсын цэнхэр тал руу гарлаа гээд л машиндаа суух нь цаанаа л нэг бахдалтай. Саранхүү маань ажил төрлийн болон аян замын их сонинтой ирэх нь ойлгомжтой. Харин Одонхүүг олж уулзахгүй бол ихэр заяа гомдоно байх даа.

Тариат суман дахь сурвалжлагч В.ХАСБААТАР

/"Архангайн амьдрал" сонин №34/678/

1793   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох