Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2020-10-13

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2019 ОНЫ ЗАРЦУУЛАЛТАД МОНИТОРИНГ ХИЙЖЭЭ

“Даацтай хөгжлийн ирээдүй” төрийн бус байгууллагаас орон нутгийн төсвийн зарцуулалтыг нээлттэй болгох зорилгоор Архангай аймгийн бүх сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны зарцуулалтад дүн шинжилгээ /мониторинг/ хийжээ. 

Төсвийн мэдээлэл бүрэн нээлттэй байдаггүй. Ялангуяа сумдад төсвийн ил тод байдал хууль журмын хүрээнд хангагддаггүй, иргэдэд нээлттэй бус байдаг. Тэрчлэн иргэд төсвийн ил тод байдлыг хэрхэн шаардахаа тэр бүр мэддэггүй буюу тэднийг мэдээллээр хангадаггүй асуудал бий. Тиймээс төсөв хэний мөнгө, хэрхэн зарцуулах, яаж хяналт тавих зэрэг харилцан уялдаатай ажлууд зохих журмын дагуу явагдахгүйн улмаас төсвийн зарцуулалтад “хий” ордог гэсэн хардлага байдаг.

Орон нутгийн хөгжлийн сан бол тухайн аймаг, сумын иргэдийн “мэдлийн” төсөв юм. Харин үүнийг иргэдээс асуулгүй, нэн хэрэгцээт асуудлыг тодорхойлолгүйгээр зарцуулдаг. Мөн хэрхэн зарцуулснаа тайлагнадаггүй байдал ч бий. Тэгвэл энэ байдлыг засч залруулахад мэдээлэлтэй иргэд, төрийн бус байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн оролцоо нэн чухал юм.

Энэ зорилго, чиглэлийн хүрээнд “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран дээрх төслийг хэрэгжүүлжээ. 

Энэхүү төслийг Нээлттэй нийгэм форум санхүүжүүлсэн байна.

ТАНИЛЦ: ОНХС - Мониторинг

ТАНИЛЦ: ОНХС - ХАМГИЙН ХАМГИЙН....

ТАНИЛЦ: ОНХС - 19 суманд /2019 он/

                                                                               /Эх сурвалж: "Даацтай хөгжлийн ирээдүй" ТББ/

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ВЭ?

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд  2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон.
ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. 

      Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан ОНХНС болон ОНХС -аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлалын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. ОНХНС-д 2013-2020 онд нийт 1 их наяд 137 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилсан.

 ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг бөгөөд энэ үйл явцад баг, хорооны Засаг даргаас эхлээд баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал хүртэлх бүх шатны байгууллагууд оролцон хамтын шийдвэр гаргадаг. 
ОНХС-ийн үйл ажиллагааг Засаг, захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулдаг. 

Тус сангийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ

Төлөвлөлтийн үе шат: 

1. Баг/хорооны Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-5 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр)
2. Иргэдийн нийтийн хурал (5-р сарын 31-ээс өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.)

3. Сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Баг/хорооны ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сум/дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана)
4.
Сум/дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
5.
Сум/дүүргийн Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сум/дүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.
6.
Сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. 

Гүйцэтгэлийн үе шат: 

1. Тухайн шатны ИТХ-аар баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэнэ. 

Тайлагналын үе шат: 

1. Баг/хорооны Засаг дарга нь сум/дүүргийн ЗДТГ-тай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг дараагийн төсвийн жилийн аймаг, нийслэл, сум дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэжмээний танилцуулгын хамт бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна.

2. Сум/дүүргийн Засаг дарга нь ИТХ-аар батлагдсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад иргэдийн өгсөн санал багтсан болон багтаагүй шалтгааныг тухайн саналыг ирүүлсэн баг/хорооны Засаг даргаар дамжуулан иргэдэд заавал мэдээлнэ. 

Эх сурвалж: //tusuv-oronnutag.mof.gov.mn/

 

245   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох