Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-07-28

Т.ИДЭРХАНГАЙ: ТУЛГАР ТӨРИЙНХӨӨ НИЙСЛЭЛИЙГ ОЛЛОО ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Архангай аймгийн Өлзийт сумаас Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь олдоод байна. Манай сайт малтлага судалгааны ажлын явцыг сурвалжиллаа. Судалгааны багийн ахлагчийн тайлбарласнаар уг малтлага нь түүхийн шинэ хуудсыг сөхсөн, дэлхийд чимээлэх өндөр ач холбогдолтой ажээ. Энэхүү хотыг Хүннү гүрний төв гэж үзэж байгаа юм.

Судалгааны багийн ахлагч, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Т.Идэрхангайгаас ярилцлага авлаа.

-Энэ газрыг ямар эх сурвалжаар олж тогтоосон бэ?

-Хүннүгийн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн Луут хотын малтлага судалгааны ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Энэ бол гэнэт энэ жил шинээр олж илрүүлээд малтаж байгаа юм биш. 10 гаруй жилийн судалгааны үр дүнгээр нотлогдсон ажил юм.

Анх 2010 оноос хойш Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг эхлүүлсэн. Энэ нь Хүннү нарын булшны тоо, тархалтаар нь яг хүннүгийн хүн ам хаана төвлөрч байсанд тулгуурлан Хүннү нарын улс төрийн төв нь байх ёстой гэсэн судалгаа юм. Тэр үндсэн дээр тухайн үед 2010 онд Төв азийн хэмжээнд 7000 мянга орчим булш байсан. Түүний 5000 орчим нь Монголын нутаг дэвсгэр дээр байсан. 5000 булшны 1500 орчим нь хаад язгууртны оршуулгын газарт байдаг. Тэгтэл 3500 орчим нь монгол нутаг дээрх жирийн иргэдийн булш. Тухайн үеийн судалгаагаар статистик тоо баримт мэдээллээр таарч байсан. Тэдгээр 3500 булшны тоо баримтыг газрын зураг дээр байршуулаад статистик тоог судлаад үзэхэд Архангай аймгийн нутаг хамгийн олон дурсгалтай нь анхаарлыг ихээр татсан. Улам нарийвчлаад судлахад яг Тамирын голын хөндий бол нийт булшны 90 гаруй хувийг эзэлж байсан нь ерөнхийдөө Тамирын гол, Орхон голын сав газар нь Хүннүгийн улс төрийн төв байна гэдэг анхны мэдээллийг өгч байсан. Үүнийг тодруулж судалсны үр дүнд 2017 онд энэхүү хотыг илрүүлсэн.

Хайгуул судалгааны ажлыг шууд л уул болгоны ам жалгаар яваад хийчихдэггүй. Эхлээд тандалт судалгааны ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл тусгай газрын зургийн програмуудыг ашиглаж, хайгуул хийгээд хаана булш, түүх соёлын дурсгалууд илүү тархалттай байна гэдгийг тодруулж байгаад явдаг. Ингэж Луут хотын хэрмийг газрын зургийн программ ашиглаж илрүүлсэн. Түүнээс хойш өнгөрсөн жил газар дээр нь ирж үзэхэд Хүннүгийн хот гэдэг нь тодорхой байсан. Учир нь энэ орчмын барилгын материал, ялангуяа дээврийн ваарнууд нь Хүннү гүрнийхтэй ижил төстэй байсан. Тэр дундаа ханзтай ваарнууд байсан. Түүнээс нь нэгийг нилээд хэсгийг нь түүвэрлэж аваачаад нийслэлд судалгаа хийхэд Шаньюй гэдэг бичигтэй ваар байсан нь Хүннүгийн үеийн хот байна гэдгийг илүү тодорхой болгосон. Тэрнээс хойш энэ жил малтлага судалгааны ажлыг эхлүүлээд явж байна.

-Малтлага хэзээ эхэлсэн бэ?

-Малтлага судалгааны ажлыг 7-р сарын 9-нд эхлүүлсэн. Одоо ажил ид явагдаж байна.

-Энэ хот түүхийн хэдий үед хамаарах вэ? Онцлог нь юу байна?

-Хүннүгийн өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр археологийн судалгаа явуулсны үндсэн дээр 20 орчим хотын үлдэгдлийг илрүүлэн судлаад байгаа. Тэдгээр хот бол Тамирын гол, Орхон гол, Хэрлэн голын сав газруудаар төвлөрч байрладаг. Энэхүү 20 орчим хотын судалгаанаас харахад Хүннүгийн, ялангуяа Тамирын голын хөндийд байгаа хотуудын барилгын материал гардаггүй. Гэтэл түүхэн сурвалж дээрээ бол Хүннүгийн Луут хот буюу Лүнчен гэдэг хот байдаг. Тэр хот бол ерөнхийдөө Хангайн нуруунд байна гэсэн ерөнхий баримжаа бий. Тэрийг ахмад археологич Пэрлэй гуайгаас авахуулаад судалсан. Пэрлэй гуай ч Хангайн нуруунд байна. Гэхдээ яг хаана гэдгийг тодорхойлох боломжгүй гэсэн. Тодорхой баримжаа байхгүй байсан.

Ерөнхийдөө Луут хот бол тухайн үеийн хаадын, ялангуяа хангайн нуруунд байсан төвийн хэсгийн Шаньюйгийн захиргаанд байсан Хааны ордон гэдэг нь тодорхой. Тэр сурвалжийн мэдээг бид энэ зуны малтлага судалгаагаар баталгаажуулж үзэж байна. Яагаад гэвэл Тэнгэрийн хүү Шаньюу гэдэг бүхэл бүтэн бичээс илэрч олдсон нь Шаньюйгийн ордон мөн гэдэг нь тодорхой байгаа юм.

Он цагийн хувьд урьдчилсан байдлаар хэлэхэд манай эрний өмнөх ерэн хэдэн оны үед л байсан хот юм шиг байгаа. Яагаад гэвэл сурвалжийн мэдээн дээр нилээд тодорхой баримтууд байдаг. МЭӨ 91 оны Хүннү, Хан улсын хоорондох дайны үед Луут хот руу дайрсан гэх зэрэг мэдээнүүд бий. Тэгэхэд энэ хот энд байсан. Тэр үед нь тухайн үеийн Хүлэгү Шаньюй гэдэг Шаньюй Хятадын Ли Гунь Ли гэдэг жанжны цэргийг тосож байлдсан түүхэн явдалтай холбогдох болов уу гэж урьдчилсан байдлаар таамаг дэвшүүлж байгаа. Тэр нэлээд үндэслэлтэй байна.

-Малтлагаар ямар эд өлгийн зүйлс гарч байна?

-Энэхүү хот дээр дурьдсанчлан Тамирын голын орчимд байгаа хотуудаасаа яалгагдах гол ялгаа нь барилгын материалтай. Тамирын голын сав газараар гурван их талын гурван хэрэм байна. Бор азаргын хэрэм, Зосын хэрэм, Халзан голын хэрмүүд бол үндсэн зохион байгуулалт ижилхэн. Тэдгээр хэрмүүд барилгын материал огт байдаггүй. Гэтэл энэ газрынх маш их барилын материалтай байсан нь тодорхой байна. Ер нь бол хотын зохион байгуулалт нь давхар хэрэмтэй, тэр нь 500х500 метрийн хэмжээтэй маш том хэрэмтэй, хэрэмний төв хэсэгт 250х250 харьцаатай бас нэг хэрэм гэхэд овгор дөрвөлжин хана байна. Гэхдээ малтлага судалгаа явуулаад үзэхээр хана байхгүй шувуун оройтой вааран дээвэртэй барилга байжээ. Тэр бол нэлээд тансаг, магадгүй хотын дундуур сүүдрэвчтэй, хааны зугаалдаг байсан маягтай, тиймэрхүү төсөөлөл малтлагын явцад харагдаж байна.

Энэ хотын дотор талбайн дөрөвний нэгд нь маш том усан санг байгуулсан нь бас дөрвөлжин хэлбэртэй харагддаг. Үүгээр нь нутгийнхан Дөрвөлжин гэж нэрлэсэн юм шиг байгаа юм. Энэ усан сан бол хойноосоо зориуд гараар усны эх үүсвэрийг авч байсан бололтой, усан хоолой, чулуун хоолой болон вааран хоолойнуудыг илрүүлж оллоо. Гараар хийж байсан худгийн эх үүсвэр юм шиг байна. Биднийг ирэхэд энэ усан сан үерийн усаар дүүрсэн, анхныхаа байдалтай их төстэй байдалтай хүлээж авсан.

Бидний эхний зорилго бол усан сангийн ёроолыг үзэх байлаа. Гэтэл битүү устай байсан учраас энэ жил амжсангүй. Яг л хүний гараар хийсэн бололтой, шал маягийн зүйл байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ бол маш тансаг Ордон байсан нь олон талаасаа харагдаж байна.

-Судалгаа хэдий хугацаагаар үргэлжлэх вэ?

-Энэ жилийн төсөв санхүүгийн бололцооноосоо хамаараад судалгааны ажил ер нь удахгүй, долоо хоногийн дараа дуусах төлөвлөгөөтэй байна. Бид энэ жилийнхээ зорилгодоо хүрсэн.

-Судалгааны ажлын ач холбогдлыг тоймловол?

-Монголын тулгар төрийн түүхэнд маш чухал ач холбогдолтой. Бид саяхан Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2229 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл бид тулгар төрийнхөө нийслэл, ялангуяа хааны орднуудыг олохгүй байсан. Тэгвэл тулгар төрийнхөө нийслэлийг оллоо гэж үзэж байна. Энэ бол Монголын түүхэнд маш их ач хобогдолтой, тэр дундаа Тулгар төр Хүннү гүрний нийслэлээ олсон нь мэдээж Монголын түүхэнд төдийгүй Дэлхийн түүхэнд нилээд шуугиан тарих ач хобогдолтой. Ер нь маш олон эрдэмтэн, судлаач нарын хүлээж байсан судалгааны үр дүнг гаргаж тавьснаараа их онцлог болж байна.

-Луут хоттой холбоотой хамгийн том баримтын талаар тодруулаач?

-Тэнгэрийн хүү Шаньюй гэдэг ваар анх удаа Монголоос олдож байна. Дэлхийд ч олдож байгаагүй олдвор учраас Хүннүгийн хааны ордон гэдгийг батлах том баримт нь юм. Энэ ваартай төстэй ваарууд бол Өвөрмонголын Бугат хотын нэлээд хэдэн булшнаас гарч байсан юм байна лээ. Гэхдээ тэр бол Хангийн талаас бичигдсэн ваар. Яагаад гэвэл тэдгээрт Кан, Шаньюй гэсэн ханзууд л байгаа. Гэхдээ манай зарим судлаач нар Өвөрмонголд төстэй бичээс байдаг. Тиймээс анх удаа биш юм байна гэдэг тиймэрхүү үгнүүдийг надад хэлсэн. Гэтэл нарийн судлаад үзэхэд Хан улсын талаасаа бичигдсэн тэр бол Шаньюйг тэнгэр номхотгов гэсэн тэс өөр талаас нь бичсэн. Яагаад гэвэл Хан улс тухайн үед Хүннү нартай эн зэрэгцэхүйц улс байсан. Тэр ч байтугай Хүннү нарыг дийлэхгүй байсан учраас ерөнхийдөө Тэнгэр Шаньюйг номохтголоо гэсэн талаас нь бичсэн.

Биднийх бол Хүннү нар өөрсдийнхөө талаас тэнгэрийн хүү Шаньюй энд байна гэсэн талаасаа бичсэн. Тэгэхээр бичиглэлийн хэлбэр хаанаас, хэнээс, аль талаасаа бичигдсэн гэдгээс утга агуулгын хувьд огт өөр юм. Тиймээс ч энэ бол Монголд төдийгүй Дэлхийд олдож байгаа маш чухал баримт гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.

-Та бүхэн ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-Энэ жилийн судалгааны ангийн бүрэлдэхүүнийг миний бие удирдаж, манай тэнхимийн багш С.Оргилбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд, Б.Батчимэг, мөн манай сургуулийн төгсөгч магиструуд, мөн оюутнууд гээд нийт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлаа явуулж байна.

-Судалгааны ажилд хамтран ажиллаж байгаа байгууллагууд бий юү?

-Археологийн судалгааны ажил явуулна гэдэг мөнгө санхүүтэй шууд холбоотой байдаг. Энэ жилийн судалгааны ажлыг манай Улаанбаатар их сургуулийн захирал доктор, профессор С.Байгальсайхан маш сайн дэмжиж байна. Судалгааны зардлыг сургуулиас гаргаж байгаа. Өнгөрсөн зун 7-р сард ирээд түүвэр байдлаар Шаньюй гэсэн бичигтэй ваар олоод түүнийгээ сургуулийнхаа удирдлагуудад танилцуулаад Монголоос илэрч олдож байгаагүй ийм баримт олдлоо гэдгийг хэлэхэд маш нааштай хүлээж авсан. Ингээд энэ жилийн санхүүжилтийг сургуулиасаа авсан.

Монгол Улсын хэмжээнд археологийн малтлага судалгаа явуулдаг цөөхөн байгууллага байдаг. Тэдгээрийн эрдмийн зэрэг цолтой хүмүүс тухайн хээрийн шинжилгээний ангийхнаа удирдаж ажилладаг.

Монгол Улсын хэмжээнд малтлага судалгааны ажлын зөвшөөрлийг олгодог БСШУЯ-ны мэргэжлийн зөвлөл Археологи, палентологийн зөвлөл гэж байдаг. 4-р сард тухайн зуны малтлага судалгаа явуулах байгууллагуудаас хаана, хэд хоногийн хугацаатай, ямар зорилгоор, юу, малтах вэ гэсэн хүсэлтээ зөвлөлд явуулж, түүнийг нь нарийн сайн шалгаж үзсэний үндсэн дээр мэргэжлийн зөвлөл нэг удаа хуралдаж зөвшөөрөл олгодог. Энэ зарчмаар манай судалгааны анги зөвшөөрлөө албан ёсоор авч ажиллаж байна.

-Энэ хотын туурийг хэрхэн хамгаалах вэ?

-Энэ хот цаашдаа түүхэн ач холбогдлынхоо хувьд маш өндөр байх болно. Тулгар төртэй холбоотой учраас дараагийн ажил бол хэрхэн хадгалж хамгаалах вэ гэдэг асуудал тулгарч байна. Мэдээж судалгааг нэлээд олон жил хийх нь тодорхой байна. Тиймээс сум орон нутгийн хүмүүстэй, ялангуяа ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдэд сайн захих хэрэгтэй. Мөн сумын Засаг даргын эрх үүргийн хүрээнд сумын Соёлын төвд бүртгүүлж, хамгаалуулах ажлуудыг давхар хариуцуулах нь чухал. Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нар нийлээд орон нутагтаа байгаа бүх түүх соёлын дурсгалуудыг харж хамгаалах үүрэгтэй. Ер нь малтлага дууссаны дараа яаж хамгаалах, дараа жилийн судалгаа болтол бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулахгүй байх, ашиг хонжоо хайсан хүмүүс ирээд янз бүр болгочихвий гэхчлэн маш их анхаарч ажиллаж байна. Бид нар энэ тал дээр сум орон нутгийн удирдлагуудтай ярьж, хамтран ажиллах гэрээг бэлтгэсэн.

Мэдээж чухал ач холбогдол нь ирээдүйд сум орон нутгийн хөгжилд, ялангуяа аялал жуулчлалд Монгол орныхоо бусад түүх соёлын дурсгалуудтай холбоод явах юм бол дэлхийн жуулчдад таниулах өргөн боломж нээлттэй байна.

Тиймээс сайтар хамгаалж, аялал жуулчлалын маршрутад оруулах зэрэг асуудал яригдах байх гэж бодож байгаа. Жишээлбэл манай Хэрлэнгийн хөдөө арал дээр Аварга орд гээд орд байдаг. Тэрийг маш том хашаагаар хашаалаад тэнд нь гэр музей байгуулаад жуулчид тасрахгүй ирдэг. Түүнтэй адилхан сум орон нутгийн удирдлагууд, цаашлаад Засгийн газар, Соёлын яам, холбогдох байгууллагууд өндөр ач хобогдол өгөх юм бол Монголын хөгжилд хүртэл чухал ач холбогдолтой судалгааны объект юм.

Архангай медиа групп

515   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох