Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2019-05-30

АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ

ХОРГО – ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Хоргын тогоо уул нь 8000 орчим жилийн өмнө үүссэн, маш сайн хадгалагдсан галт уулын тогоо юм. Тариатын төвийн хойхно N 48° 11’ 11” , W 99° 51’24” байрлалд  оршдог. Тогооны диаметр 500 метр, өндөр нь 100 метр, хажуугийн налуу нь 45 градус орчим. Галт уулаас оргилсон хүрмэн чулууны урсгал Тэрхийн голын урсацыг хааснаар Тэрхийн цагаан нуурыг үүсгэсэн. Царцаст хүрмэн чулууны дундуур Суман гол зүсч урссан ба 20-30 метр өндөр хавцлыг бий болгожээ. Хүрмэн чулууны урсгал царцах үед янз бүрийн тогтцуудыг  үүсгэдэг. Эдгээрийг нутгийн иргэд шар нохойн там, чулуун гэр, мөсөн хонгил, ганц хүний агуй гэх зэргээр нэрлэсэн байдаг. Хорго уул, түүний орчим хүрмэн хаданд битүү ургасан ой модонд олон төрлийн ховор ургамал ургана. Тэрхийн цагаан нуур нь 16 км урт, хамгийн өргөн газраа 6 км, гүн нь 20м метр орчим, нийт 61,1 кв км талбайтай, далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт орших урсгал нуур юм. Нуурын захаар орших өвгөн хадны орчимд наран шарлагын талбай байдаг. Нуурын дунд орших Чандмань хэмээх толгойд Санхам гэдэг сайхан үнэрт ургамал ургадаг бөгөөд дулааны улиралд энд олон төрлийн шувууд цугларч чуулдаг. Тэрхийн цагаан нуур, Чандмань толгойн тухай сонин домгуудын нутгийнхан ярьдаг.

Домог 1: Худгийн амыг таглахаа мартсанаас болж, ус оргилон орчмын газар усанд автагдах үед Бөх мэргэн гэдэг хүчтэн Уран мандал уулын оройг тасдан авчирч, худгийн амыг тагласан нь эдүгээгийн Чандмань толгой ажээ. Хорго-Тэрхийн цагаан нуурын орчимд Алаг-Уул , Цагаан уул, Өл, Шүүт, Залаа, Босго, Гуа, Шаварын царам зэрэг унтарсан галт уулс байдаг. Шаварын цармаас анар, новдолж, саран чулуу зэрэг эрдэнийн чулуу олджээ.

Домог 2: Өөлдийн шар баатар дайаар мордон ирж явахдаа өндөр уулан дээрээс Хоргын ой шугуй , Тэрхийн цагаан нуурыг хараад үй түмэн цэрэг байрлаж их утаа май тавьсан байна гэж андуурчээ. Тэрээр дөхөн ирээд  “ Тэр их уыг хараач “ хэмээн хэлснээс “ Тэрхийн цагаан нуур”-ын нэр үүсчээ.

Домог 3: Тэрхийн цагаан нууранд амьдардаг сарлагийн бух буй. Нуураас гарч ирээд үнээг нь дагавал үхэр сүрэг нь үржиж баяждаг гэнэ.

ХОРГО – Тэрхийн цагаан нуурын энэхүү үзэсгэлэнт нутгийг АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны 17-р зарлигаар дархалсан бөгөөд 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор 77267 га талбайг тусгай хамгаалалттай газар нутагт хамруулжээ

ТАЙХАР ЧУЛУУ, ТҮҮНИЙ ДОМОГТОЙ ХОЛБОГДОХ ХОЙД ТАМИРЫН ХӨНДИЙН ГАЗРУУД

Тайхар чулуу нь Ихтамир сумын нутагт, хойд Тамирын голын урд хөвөөнд оршдог, ухаа цайвар боржингоос тогтсон 20 метр өндөр хадан цохио юм. GPS-ийн байрлал И 47° 36’ 00”, E101° 15’11”,  ALT 1615 м. Энэхүү цохионд олон мянган жилийн турш эртний хүмүүс өөрсдийн овог аймгийн тамга, сүг, зураг, олон төрлийн бичээс зэрэг олон зуун дурсгалыг үлдээжээ. Олон хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдгаас хамгийн эртнийх нь VI-VIII зууны  Түрэгийн хаант улсын үеийн руни бичиг болно. Тайхар чулууны тухай хувилбар домгууд байдаг.

Домог 1: Аварга могой газраа цухуйн гарч ирж гай гамшиг тарьж эхэлсэн гэнэ. Бөхбилэгт гэдэг үлэмж хүчтэн эр булган уулаас том чулуу авч үүрээд аварга могойн толгойн дээр тавьж даржээ. Бөхбилэгт чулуу үүрч явах замдаа нэгэн уулан дээр сууж амарсан тул Алтан сандал уул хэмээжээ. Амарч суугаад босохдоо тулсан газрынх нь хурууны мөрөөр “ Таван тээг” уул үүсчээ.

Домог 2: Нэг удаа Тамирын гол их үерлэж  Улаантолгойн хадат үзүүрийг таслан холдуулж Тайхар чулуу болгон үлдээжээ.

Домог 3: Эрт цагт Тамир гэдэг нэртэй үзэсгэлэн төгс бүсгүй байжээ. Тэрээр хөгшин баяны санаархлаас зугтан цээлийн усанд орж мөнхөрчээ. Тамир бүсгүйд сэтгэлээ өгсөн Тайхар хэмээх сайхан залуу дурлалт хүүхнээ хүлээж болзоот газраа хонон өнжин суусаар чулуу болсон юм гэнэ билээ.

ТӨРИЙН ТАХИЛГАТ СУВАРГА ХАЙРХАН УУЛ

Суварга хайрхан уул нь Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далан түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, хангайн уулархаг нутгийн ой савд багтах, галт уулын гаралтай сүрлэг сайхан уул юм. Газарзүйн байршил нь N 101° 25’ , W 47° 03’. Уулын хормой бие модоор хучигдсан , энгэр талдаа галт уулын тогоо болох хүнхэрт тогтсон уулын тунгалаг нууртай. Хайрханы өвөр талаас нь Орхон араас нь Урд тамир зүүн талаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, хангайн нуррууны усны гол хагалбар билээ. Суварга хайрхан уулыг эрт үеэс тахин шүтэж ирсэн.

Уулын тахилгыг эдүгэгийн Цэцэрлэг багийн нутагт Давцан цэнхэр багийн нутаг Тахидаг дэл, Орхон багийн нутаг тахидаг овоо гэсэн гурван өндөрлөгөөс хийдэг байжээ. Суварга хайрхан уулын сан болох “Их цагаан уулын сан оршвой” хэмээх судар байдаг. Суварга хайрхан уулын тухай дуу, ерөөл, магтаал, домог, нэлээд бий. Орчин үед ч шүлэг дуу зохиогдсоор байна. Тухайлбал: “Суварга хайрханы магтуу” (Л.Хуушаан, Н.Чулуунхүү) “Тэнгэрийн Суварга хайрхан” (Д.Дашбадрах, М.Булган) “Суварга хайрхан сүлд уул” (Г.Жамц, Ч. Төгсбаяр) “Суварга хайрхан уул минь” (Д.Цогзолмаа, Д.Баттөмөр) зэргийг дурдаж болно.

Уулын зүүн талд нь орших Жаран цөнрөг уулын оронд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд энэхүү овоог Чингис хааны их цэрэг баруун зүгт дайлаар явахдаа Суварга хайрхан уулыг биширч босгосон түүхтэй. Суварга хайрхан уул нь ар талд Гятрууны нуруунаас эх авч 6-9 м өндөр, гурван үе хүрхрээ үүсгэн хадан  хавцал дундуур урсан Орхон голын эх рүү нийлэх Хошготын гол байдаг.

Суварга хайрхан уулыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 7 сарын 26-ны өдрийн 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай болжээ. 2009 оноос Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдэх болсон.

БУЛГАН УУЛ

Булган уул нь Хангайн гол нуруунаас хойш Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын  хойд талд нөмөрлөн оршдог бөгөөд үнэмлэхүй өндөр 1980 м, харьцах өндөр 280 м юм. БНМАУ-ын  АИХ-н тэргүүлэгчдийн 17-р зарлигаар 1965 онд дархан цаазтай болгож, улмаар 1995 онд дурсгалт газраар бүртгэжээ. Булган уулын газрын урт нь 4 км, өргөн 8 км бүгд 32 кв,м талбайтай.өмнөд, дунд, хойд гэсэн 3 сундлаа эгц цавчим хадан уул юм. Боржин, асмалжин, толболжин, хорголжин гэх мэт гүний чулуулгаас тогтсон. Булган уулын хилийн дотор Арслан Цохио, Таван Цохио, Таван хушт,Цагдуулт, Тоомын таг зэрэг үзэсгэлэнт сайхан уулс, хад, цохио бий. Ан амьтан, ой мод, жимс жимсгэнэ,  эмийн ургамлаар баялаг. Ан амьтан, ой мод, жимс жимгэнэ, эмийн ургамлаар баялаг. Булган уулын өвөрт нь Заяын гэгээний хийд 18-р зуунаас байгуулагдсан. Өвөрмөц тогтоцтой соёл, соёл түүхийн дурсгалтай энэ уулыг нутгийнхан шүтэн тахиж иржээ. Тахилгыг Булган уулын зүүн урд талд орших Бортолгой болон Сангийн толгойн тэндээс үйлддэг ба тахилгын үед Булган уулын сан оршвой” нэрт судар уншдаг байна. Булган уулыг их догшин уул гэх тул хэн дурын хүн тахилгыг үйлддэгггүй, ойр орчмыг бохирдуулах, мод бут огтлохыг цээрлэдэг. Нутгийн ард олны дунд  Булган уулын тухай домог яриа, ерөөл магтаал, дуу шүлэг нилээд байдаг.

Домог 1: Дээр үед Булган уулыг Цэцэн Чин вангийн хошуу, Зая бандидын шавь  булаалцалдаж маргасаар иржээ.Зая гэгээн Булган уулыг хэзээний миний шавийн нутаг хэмжжэ бардамнаж, энэ уулын энгэрт хүрээгээ байгуулж, элгэн хаданд нь Богд Зонховын хөргийг зуруулжээ. Гэтэл  Цэцэн Чин Ван нь манай хошуу нутаг гээд Булган уулын элгэн энгэрт Галданзуу гэдэг сүм байгуулчихсан гэдэг.

Домог 2: Занабазар, Манзшир, Зая бандид гэгээнтнүүд хүрээ хийдээ бариулах газраа сонгон олохоор явж байгаад  Булган уулнаа ирж хоноглохдоо хэнийх нь хөмөрч тавьсан аяган дотор цэцэг ургасан байх нь вэ? Тэр хүн энд үлдэж хийдээ барья гэж тохиролцжээ. Зая гэгээн өглөө эрт сэрж аягыг сөхөж үзвэл Өндөр гэгээний аяган дотор цэцэг ургасан байж. Зая гэгээн аягаа сэмхэн сольж, цэцгэн дээр тавьчихаад унтсан дүртэй хэвтэв. Өглөө болж гурвуул босон аягаа сөхөн үзэж, Өндөр гэгээн энэ газар зая бандидын нутаг боллоо гэж ерөөл хэлээд мөрдөж явахынхаа өмнө чихэнд нь “Шавь нар чинь гар урт байж болзошгүй. Санаж яваарай.” хэмээн өгүүлсэн гэдэг.

ЧУЛУУТ ГОЛ, ХАНГАЙН ГОЛЫН ХАВЦАЛ, СУМАН ЧУЛУУНЫ ГОЛЫН БЭЛЧИР

Чулуут гол хангайн гол нурууны ар хажуугаас эх авч 415 км урсахдаа Тээл, Суман, Арцай, Идэр, Дэлгэрмөрөн зэрэг 50 гаруй гол горхитой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ай савын талбай 107,50 кв км. Өндөр-Улаан, Тариат сумын нутгийн зааг Халзан бүргэдэй уулын орчмоос эхлэн 20 метр хүртэл өндөр хүрмэн чулуун хавцал дундуур урсана. Халзан бүргэдэй уулын бэлийн бүх модод олон салаалан ургах бөгөөд энд алдарт “100 салаа мод” болон нутгийнхны шинээр залсан “Ноён мод” байдаг. Чулуут голыг даган уруудаж Суман голын гүүрэн дээрээс “Улаан давааны боргио”–г харж цааш уруудан явж, Чулуут, Суман голын бэлчир, голын үзэсгэлэнт булангууд болох Батбулаг, анагаах увидастай Равдангийн булаг болон Чойдогийн боргиотой баруун хойш 10 гаруй км зайд Сэнтийн хад сүндэрлэн харагдана.

Домог 1. Далай Чойнхор вангийн хошууны Үйзэн тайжийн нутгийн албат ардуудын нэгээхэн хэсэг нь Суман Чулуут голоор нутаглаж  загас агнан амьдарч байсан учир “Тулын багийнхан” нэртэй байжээ. Чулуут голын Цагаан боргионы доорхи өргөн их Цээлэнд дэгээ шидэж тул загас агнадаг байсан  загасчин Чойдогийн нэрээр энэхүү боргиог Чойдогийн боргио хэмээн нэрлэсэн домогтой.

Домог 2. Тариат сумын Мөрөн багийн нутагт байдаг Тахилтын булуу хэмээх дээрээ долоон жижиг нууртай, өндөр уулан дээрээс  Бүүвэй баатрын харвасан сум нь замдаа өндөр хяр дээр байсан том хадан цохиог нэвт цоолон Хануйн хөндийд байгаа “Тэмээн цохио”-г сэт цохижээ. Тэр цагаас хойш уулын хяр дээрх  Цоорхой хадыг Сэнжин цохио, тэр уулыг нь Сэнжийн хяр гэж нэрлэдэг болсон гэнэ.

НОЁН, ХАТАН ХАНГАЙ, ДАШДАГВА УУЛС

Хангай сумын нутагт орших Ноён хангай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, нутгийн ард олон эрт дээр үеэс шүтэж тахиж ирсэн уламжлалтай. Хангайн нурууны салбар уулсын нэг юм. Ноён хангай уул зүүн талдаа Хатан уултайгаа хаяа зэрэгцэх бөгөөд ойрхон зайтай Түмэн наст, Дашдагва уулс оршино. Эндэхийн сүрлэг өндөр хадан цохио, эртний мөсдөлтийн хунх, гүн гүнзгий ганга, хавцал, боржин цохионууд сүртэй харагддаг. Ноён хангайн уулс нь өндөр уулын ховор амьтан ургамалтай. Энд 20 гаруй зүйл модлог, 30 гаруй зүйл өвслөг ургамлаас гадна вансэмбэрүү, өлчир дэгд, эрээн гомбо, цагаан түрүү, алтан гагнуур, арц, даль зэрэг эмийн ховор ургамал ихтэйн зэрэгцээ тошлой, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу, зэрлэг сонгиноор баялаг. Амьтдаас зэрлэг гахай, халиун буга, бор гөрөөс байхаас гадна аргаль, янгир, ёл, хойлог ховордуу тааралдана. УИХ-ын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангайн байгалийн цогцолборт газар” болгож хамгаалаалтад авсан. Энд гидрокарбонат натри болон сульфат, хлори, кальци, магни, цахиур, борын хүчил, хүхэр устөрөгчийн найрлагатай 37-38 градус халуун цацраг идэвхт чанартай рашаан байх бөгөөд хүмүүс тус рашаанд  орох, уух аль ч хэлбэрээр эмчлүүлэн сувилуулдаг .

Дөрвөн уулын домог:  Эрт дээр үед Тэрхийн голоор нутагладаг ноёных Дашдагва гэдэг хүүтэй байжээ. Хүү нь эрийн цээнд хүрч ядуу айлын үзэсгэлэнт охин Түмэннастад сэтгэлтэй болсонд ноён дургүйцэж хүүгээ хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Түмэннаст охин сэтгэлээр унаснаас болж ухаан санаа нь муудаж тэнэж яваад уулын царманд амиа алджээ. Дашдагва хүү нутагтаа эргэн ирж гунигт мэдээг сонсож харамсахдаа цавчим хаднаас нисэн хальжээ. Ийнхүү Түмэннаст охины амь эрсэдсэн уулыг Түмэннаст, Дашдагва хүүгийн хальсан уулыг Дашдагва гэдэг болсон гэнэ. Ноён хатан 2 буруугаа ойлгон гэмшиж уй гашуу болсоор насан өөд болоход нь нутгийн ардууд хос хоёр уулыг түшиглүүлэн нутаглуулснаар  Ноёнхангай, Хатанхангай хэмээн нэрлэх болжээ.

ХӨХ НУУР

Их тамир сумын  нутагт хойд тамирын голын эхэнд 2668м өндөрт байдаг, хангайн нурууны саваар Харлагтайн гурван битүү уулсын тавцанд тогтсон тагийн нуур. 6.7 км2 талбайтай 4,7км урт, 2,4 км өргөн, эргийн шугамын урт  12,6 км. Хөх нуур нь хур бороо , гадаргын болон гүний усаар сэлбэгддэг, цэнгэг устай нуур бөгөөд хойш Тамир голд эх урсан гардаг. Ихтамир сумын төвөөс баруун тийш явж Хан-Өндөр , Хөх нуур багийн төвийг дайрч 100 орчим км явж нууранд хүрнэ. Хөх нуур усаа зөвхөн Тамир гол руу хайрладаг учир арын хангайнхан сүү цагаан идээгээр үеийн үед элбэг дэлбэг байх учиртай гэсэн домогтой.

ӨГИЙ НУУР

Өгийнуур нь Өгийнуур сумын нутагт орших Хойд мөсөн далайн ай савд хамаарагдах Орхон голын сав газрын цэнгэг устай  томоохон нуур бөгөөд нуурын ус намгархаг газар 2570 га талбайтай, эргийн шугамын урт 24,7 км хамгийн гүн хэсэгтээ 15,3 м, 171 сая куб.м эзэлхүүнтэй.Өгийнуур орчимд явуулсан судалгаагаар 266 зүйл ургамал,20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл  усны шавьж бүртгэгдсэн. Өгийнуурыг 18-р зууны Халх журам хуулиар хамгаалж ирсэн бөгөөд, 2006 оноос орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Олон улсад чухал ач холбогдолтой ус намгархаг газар болон түүнд амьдарч буй биологийн төрөд зүйлийг хамгаалж зохистой ашиглах зорилготой.Рамсарын конвенцид 1998 онд ,зүүн хойд Азийн галуу нугасны овгийн шувуудыг хамгаалах сүлжээнд 1999 онд,  “Өгийнуурын эко системийг хамгаалах” сэдэвт Монгол Японы хамтарсан төсөлд 2009 онд нэгдэн нуурыг хамгаалах талаар хамтран ажиллаж байна.

БУХ ЧУЛУУ, ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИР

Бух чулуу нь Цэцээрлэг сумын Чулуут багийн нутагт оршино. Эрт дээр үед энэ нутагт уул толгодын хоорондох тэнүүн талаар 60 бух бэлчээрлэдэг байж. Нэгэн удаа аюулт аварга могой гарч ирэн  хавь орчны хүн амьтанд гай гамшиг учруулах болсон бөгөөд бэлчиж явсан бухнууд нөгөө могойтой тэмцэлдснээр хамгийн сүүлийн бух аймшигт могойг даран хэвтэж нутаг орноо амирлуулаад өөрөө чулуу болон мөнхөрсөн домогтой. Байгалийн уран тогтоцтой “Бух” чулууг  нутгийн олон “Бух Хайрхан” хэмээн шүтэн тахисаар ирсэн түүхтэй. Чулуун бух нь хойд зүг рүү харж, хэвтсэн мэт тогтоцтой болохоор Хөвсгөл нутгийн үхэр сүрэг их өсдөг хэмээн бэлэгшээдэг гэнэ.

Жаран бухын бэлчиж явсан тэр тал дундуур урссан голыг “Бухын гол” гэнэ. Энд байгуулсан хүрээ хийдийг Бухын хүрээ гэж нэрлэдэг байжээ. Бух хайрхнаас хойш орших Чулуут, Идэр гол, Дэлгэр мөрний уулзвар  үзэсгэлэнт газрыг 3 голын бэлчир гэж нэрлэх бөгөөд аялагчид болон жуулчдын очих дуртай газар болжээ.

1937   0
НИЙТЭЛСЭН: My Arkhangai

Санал болгох